Уг орон сууцыг барихад “Үр ашгийг дээшлүүлэх шилдэг төсөл хийх буюу EDGE” системийг ашиглах чиглэлээр Азийн хөгжлийн банк (AХБ), Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) болон Улаанбаатар хотын захиргаа харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 850,000 орчим хүн өнөөдөр хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна” гэж АХБ-ны Хот хөгжүүлэлтийн тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекман хэлээд “ОУСК-тай АХБ хамтран ажилласнаар эдгээр иргэдийн тав тухыг хангасан, орлогод нь нийцсэн, ногоон орон сууцыг төсөл хийж, барих явцдаа ногоон барилгын стандарт, үнэлгээний EDGE системийг ашиглах боломжтой болж байгаа юм” хэмээн тэмдэглэв.
Нийслэлийн Орон сууцны корпорацын Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Монгол Улсын Засгийн газрын санаачилга, АХБ болон ОУСК-ийн дэмжлэгтэйгээр ногоон барилгын үзэл баримтлалыг барилгын норм стандартад нэвтрүүлж, дэлхийн чиг хандлагад нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварыг орон нутгийн онцлогт нийцүүлэн турших гэж байгаадаа баяртай байна” гэлээ.
ОУСК-ийн дэмжлэгтэйгээр EDGE стандартыг нэвтрүүлснээр орлогод нийцсэн орон сууцны төсөл боловсруулах, бүтээн байгуулалт боловсронгуй болох юм.
“Дэлхийн хөгжиж буй орнуудад 2025 оныг дуустал хугацаанд 3.4 их наяд ам.долларын өртөг бүхий ногоон барилгын зах зээл байна" хэмээн ОУСК үзэж байгаа. Энэхүү хэрэгцээг харгалзан ногоон барилгыг нэвтрүүлснээрээ хотжилт эрчимтэй явагдаж буй Улаанбаатар шиг хотууд амьдрахад илүү таатай хот болон хөгжихийн зэрэгцээ хөрөнгө хэмнэх, хорт хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой” хэмээн ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Руфат Алимарданов цохон тэмдэглэв.
Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь бага, дунд орлоготой өрхүүдийн суурьшлын бүс болох гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хатуу хог хаягдлын менежмент хангалтгүй, ус хангамж хязгаарлагдмал байгаа зэргээс шалтгаалсан эрүүл мэнд, байгаль орчны асуудлууд ихээр тулгардаг. Мөн халаалт болон эрчим хүчний зориулалтаар түүхий нүүрс, био түлшийг их хэмжээгээр хэрэглэдгээс нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалт ихсэж, ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа юм.
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|