Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

10,000 өрхийн эко сууц, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр барих хэлэлцээрүүд батлагдлаа

ikon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эко хороолол болгон хөгжүүлэх 53 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тус төслөөр нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10,000 айлын орон сууц барина. Эдгээр орон сууцны 1,500 нь  түрээсийн орон сууц байх бол 5,500 нь орлогод нийцсэн орон сууц байх юм. Харин үлдсэн 3,000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдана.

Уур амьсгалын ногоон сангаас олгох 50 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Дэвшилтэт технологийн сангаас олгох 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурж буй бөгөөд төслийн хүрээнд АХБ-наас олгох 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын ногоон сангаас олгох 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт удахгүй гарын үсэг зурах юм. Мөн нэмэлтээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, төслийн үр дүнг хүртэгчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолжээ.

Эко хорооллуудыг бий болгох энэхүү ажил нь газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ. Төлөвлөж буй эко хорооллын нутаг дэвсгэрт газар өмчилдөг эсвэл түрээсэлдэг иргэн нь гэр горооллын хашаа байшингаас шинэ орон сууцанд шилжин суурьших хөтөлбөрт хамрагдах эсэхийгээ өөрөө сонгоно. 

Гэр бүлийн хүчирхийлтэй тэмцэхэд чиглэсэн 3 сая ам.долларын буцалтгүй тусламж

Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн 3 сая ам. долларын буцалтгүй тусламжийн төслийн хэлэлцээрт Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр гарын үсэг зурлаа.

“Нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг авчирч буй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхны төслөө АХБ өнөөдөр зурж байна” хэмээн хатагтай Фернандез Ломмен хэлээд, “Үндэсний хэмжээнд хийсэн судалгаанаас харахад 25-аас 49 насны эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртөж, улмаар бие болон сэтгэлийн хохирол амсахын зэрэгцээ ажил хийж, цалин орлого олох боломжоо алдаж байна” гэв.

Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжих энэхүү буцалтгүй тусламжийн төсөл нь гурван аймаг, хоёр дүүрэгт түр хамгаалах байр байгуулах, институцийн чадавх бэхжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхижуулах замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч, даван туулагчдыг хамгаалалд авах, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой.

Тус төслөөр жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж буй бөгөөд энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц бүхий түр хамгаалах байр байгуулах, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх, дэмжих бүлэг байгуулах замаар мэдээлэл түгээх зэрэг ажлуудыг хийнэ.

Зан үйл өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх газруудад эрэгтэйчүүд болон өсвөр үеийн охид, хөвгүүдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эерэг үлгэр дууриалал бүхий зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний үйл ажиллагаа явуулна.

Таван аймагт цэвэрлэх байгууламж барих төслийн хэлэлцээр

Одоо хэрэгжиж буй цэвэрлэх байгууламж барих төслийн хүрээг тэлж, таван аймгийн төвийг нэмэлтээр хамруулах 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр гарын үсэг зурлаа.

“Энэхүү төсөл нь байгаль орчны стандартад нийцүүлэн хотуудын өсөлт, хөгжлийг дэмжиж, оршин суугчдад олон талын ашиг тусыг авчирна. Мөн хот, суурин газарт амьдрах орчин нөхцлийг сайжруулах нь АХБ-ны 2030 он хүртэлх Стратегийн үзэл баримтлалд нийцэж байна” хэмээн хатагтай Фернандез Ломмен хэлээд, “Эдгээр цэвэрлэх байгууламжууд нь айл өрх, аж ахуйн нэгжийн бохир усыг зохих ёсоор зайлуулж цэвэрлэх бөгөөд АХБ-ны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үзэл баримтлалтай нийцэж байгаа юм” гэв.

АХБ анх 2010 онд хоёр аймгийн төвийн ус хангамж, ариутгах татуурга, автозамын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 15 сая ам.долларын буцалтгүй тусламжийг баталсан. Энэ төслийн үргэлжлэл болох 19.43 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг 2016 онд баталсан бөгөөд уг төслөөр дөрвөн аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барьж байна. 

Эдгээр төслүүдийн амжилтыг нэмэлт таван аймгийн төвд буюу Баруун-Урт, Булган, Чингис, Мандалговь, Мөрөн хотуудад, давтан хэрэгжүүлэх боломжийг өнөөдөр гарын үсэг зурж буй төсөл олгож байгаа юм. Төсөлд хамрагдах хотуудад нийт 115,000 орчим иргэн амьдарч байна.

Уур амьсгалын эрс тэс нөхцөлд тохиромжгүй, үр ашиггүй, хуучирсан цэвэрлэх байгууламжуудыг орлох шинэ байгууламжууд нь тус бүрдээ хоногт 3,000 шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байх юм. Гэр хорооллын ариун цэврийн үйлчилгээг сайжруулах, гүний болон гадаргуугийн усны бохирдлоос сэргийлэх зорилгоор төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдэд вакуум тоног төхөөрөмж бүхий бохир ус сорж тээвэрлэх машин нийлүүлнэ. Энэхүү төсөл нь 2021 оныг дуустал хэрэгжих юм.

 

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк