Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн хурдан шоргоолж Сахарын цөлд амьдардгийг эрдэмтэд тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сахарын цөлд амьдардаг мөнгөлөг биетэй шоргоолж нь дэлхийн хамгийн хурдан шоргоолжны төрөл зүйл болохыг эрдэмтэд туршилтаар тогтоожээ.

Энэхүү амьтан нь цөлийн их халуунд зохицож амьдрахын тулд нэг метр замыг нэг секундэд туулж сурсан байна. Харьцуулбал энэ нь гэрийн муур цагт 190 гаруй километр хурдалж байгаатай адил юм.

Хурдлах тусмаа уг шоргоолжны зургаан хөл газраас тасарч, агаарт хөвдгийг тогтоосон байна.

Ингэж бүрэн хурдаа гаргахдаа шоргоолж өөрийн биеийн уртаасаа 108 дахин урт зайг нэг секундэд туулдаг ажээ. Сахарын цөлийн бусад амьтад өдрийн ид халуунд сүүдэрт толгой хоргодож, шөнийн сэрүүнд хүнс тэжээлээ хайдаг.

Харин Cataglyphis bombycina нэрээр шинжлэх ухаанд бүртэгдсэн мөнгөлөг биет шоргоолж нь ид халууны үеэр үүрнээсээ гардаг байна.

Тиймээс халууныг давж гарахын тулд ингэж хурдлах шаардлагатай болсон гэж Германы Ульм их сургуулийн судлаач Сара Пеффер тайлбарлажээ.

Мөнгөлөг өнгө нь ч нарны гэрлийг ойлгоход зориулагдсан байна.

Пефферийн багийнхан Тунисийн өмнөд хэсэгт орших Сахарын цөлийн хэсэгт уг туршилтаа хийжээ.

Ингэхэд мөнгөлөг биет шоргоолж секундэд 85.5 см зам туулахдаа 47 алхам хийсэн байна. Энэ нь дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усайн Болтын алхмын хэмнэлээс 10 дахин өндөр гэсэн үг юм.

Судалгааны тайлан “Journal of Experimental Biology” сэтгүүлд өчигдөр нийтлэгджээ.

Энэхүү шавьжийг хурдан болгож байгаа биомеханикийн нууцыг тайлбал жижиг хэмжээтэй, маш хурдан робот бүтээж болно гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Эх сурвалж: The Guardian