Нийтдээ 90 гаруй эмэгтэйн амийг хөнөөсөн этгээд өөрийгөө илчилснээр АНУ-ын түүхэнд гарсан хамгийн том цуврал аллагын эзэн болсныг Холбооны Мөрдөх Товчоо мэдээлжээ.
2012 оноос хойш шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байгаа Самуэл Литтл өнгөрсөн онд анх өөрийгөө 1970-аас 2005 оны хооронд олон хүний амийг хөнөөснөө мөрдөгчдөд мэдүүлж байв.
Түүний хүлээсэн хэргүүдийн 50 орчмыг нь баталгаажуулаад байгаа бөгөөд үлдсэн бүх хэргийг үйлдсэн нь бараг тодорхой болсныг Холбооны Мөрдөн Товчооны мэдэгдэлд өгүүлжээ.
Одоо 79 настай Литтл нийт 93 хүний амийг боомилж хөнөөсөн байна.
Хохирогчдын зарим хэсэг нь нийгмийн эмзэг бүлгийнхэн байжээ. Тиймээс тэдний үхлийг хар тамхины тун хэтрүүлсэн, золгүй явдал тохиолдсон, эсвэл шалтгааныг нь тогтоож чадаагүй гэсэн үндэслэлүүдээр хаасан байна. Заримынх нь цогцос олдоогүй ажээ.
Литтл 30 хохирогчийн хөргийг шоронд байхдаа дурсамжаасаа сэргээн зурсныг мөрдөгчдөд өгсөн байна.
Одоо АНУ даяар мөрдөн байцаагчид олон жилийн өмнөх хэргүүдийг дахин сөхөж, Литтлийн мэдүүлгийг шалгаж, баталгаажуулах ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
|