Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны “хар жагсаалтад” багтсанаа хэрхэн мэдэх вэ?

oly.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу “хар жагсаалт”-ын талаар та бүхэн мэдэх байх.

Гар утасны лизинг, цалин эсвэл ипотекийн зээл гэгчлэн арилжааны банкнаас ямар нэгэн зээл авах хүсэлт гаргах үед хамгийн эхэнд шаардагддаг энэхүү мэдээллийн тухай таны мэдэх ёстой баримтуудыг хүргэж байна.  

“Хар жагсаалт” буюу Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ? 

Монголбанкны Зээлийн мэдээллийн санд нийт 7-9 сая ширхэг мэдээлэл байгаа тухай Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаа  ярилцлагаа дурдсан байдаг. Уг санг 1997 онд үүсгэн байгуулсан бөгөөд арилжааны банкуудын зээл өгөхдөө анхаардаг гол шалгуур үзүүлэлтийн нэг юм. 

Өдгөө уг санд мэдээлэл нийлүүлж, мэдээлэл хүлээн авах эрх бүхий 600 орчим аж ахуйн нэгж байгаа аж. Үүнд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон үүрэн холбооны операторууд багтдаг гэдгийг онцолъё. Тэгэхээр утасны лизингийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол энэ сангийн “хар жагсаалт”-д бүртгэгдэнэ гэсэн үг.

Зээлийн мэдээллийн лавлагаа хэрхэн авах вэ? 

Уншигч та харилцдаг банкныхаа төвд хандаж, зээлийн мэдээллийн лавлагаа авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Энэ тохиолдолд таны харилцагч банкны зээл хариуцсан мэргэжилтэн танд зээлийн мэдээллийн лавлагаа өгнө.  

Хамгийн олон харилцагчтай арилжааны банкуудтай холбогдох дугаар, веб сайтын мэдээллийг хүргэж байна. 

Зээлийн эргэн төлөлтийг хэрхэн ангилдаг вэ? 

Төлж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл, төлбөрийг ангилдаг. 

Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хэтэрсэн хугацаа

  • 15 хүртэл хоног - Хэвийн
  • 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах буюу хугацаа хэтэрсэн
  • 91-180 хоног – Хэвийн бус
  • 181-360 хоног – Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног – Муу

"Хар жагсаалт" гэдэг нь үндсэндээ хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлийг илэрхийлдэг. Хугацаа хэтэрсэн зээл ч тийм сайн түүх биш юм. 

Нэгэнт Монголбанкны “хар жагсаалт”-д багтсан бол яах хэрэгтэй вэ? 

Нэгэнт Монголбанкны Зээлийн мэдээллийн санд “хар данс”-тай болсон бол уншигч та зургаан жил хүлээх шаардлагатай болно. Учир нь авсан зээлээ төлж барагдуулснаас хойш зургаан жилийн дараа зээлийн мэдээллийн лавлагаанд тэр түүх тань тусгагдахаа больдог аж.