Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ариунаа: Зээлийн мэдээллийн сан дахь эерэг, сөрөг мэдээлэл зургаан жил хадгалагддаг

Өглөөний сонин
2018 оны 3 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаатай зээлийн мэдээллийн сангийн талаар ярилцлаа.

-Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ. Эхлээд энэ талаар манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө зээлийн мэдээлэл гэж юу болохыг тайлбарлах нь зүйтэй болов уу. Зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг зээлийн мэдээлэл гэж үздэг. Энэ мэдээлэл нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг. Зээлийн мэдээллийн сангийн үүрэг ач холбогдлын хувьд, санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын зээлийн эрсдэл буюу хуримтлагдсан чанаргүй зээл, өр, авлагын хэмжээг бууруулах мөн зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой юм.

Зээлийн мэдээллийн санд одоогийн байдлаар холбогдох 540 гаруй байгууллага мэдээлэл нийлүүлэх эрхээ авсан байдаг. Тухайлбал, арилжааны банкууд, Хөгжлийн банк, хадгаламж зээлийн хоршоод, лизинг, гар утасны оператор компаниуд мөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг яам, агентлагийн дэргэдэх сангууд, ТОССК, МИК, Зээлийн батлан даалтын сан гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд бий. Тиймээс, Монголбанкны зээлийн мэдээллийн санд иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээлэл багтдаг гэсэн үг.

-Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ?

-Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” гэж бий. Энэ журмын дагуу зээл, бусад төлбөрийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч зээл болон өр төлбөрийг ангилдаг.

Тодруулбал, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног дотор байвал “хэвийн” гэж үзэх бол 90 хүртэл хоног хэтэрвэл “анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн, 91-180 хоногийг хэвийн бус, 181-360 хоногтойг эргэлзээтэй, 361-ээс дээш хоногтой бол “муу” гэж үздэг.

-Хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн, зээлийн сөрөг түүхтэй иргэд аж ахуйн нэгжид зээл олгож болохгүй гэсэн хууль, журам байдаг уу?

-Байхгүй. Харин тухайн зээл олгогч санхүүгийн байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг дотоод журмаараа зохицуулан гаргадаг. Банк бол итгэлцэл дээр тогтдог бизнес учраас эрсдэлээс сэргийлэхийн тулд зээлийн түүхийг ашигладаг.

-Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээлэл хэдий хугацаанд хадгалагддаг вэ?

-Зээлийн мэдээллийн сан дахь эерэг, сөрөг мэдээлэл зургаан жил хадгалагддаг. Өөрөөр хэлбэл санхүүгийн зуучлагч байгууллагууд тухайн иргэний мэдээллийг энэ хугацаанд ашиглах боломжтой. Энэ хугацаанд зээл болон төлбөрийн үлдэгдэлтэй байна уу, эсвэл хугацаа хэтэрсэн ч бүрэн төлж барагдуулсан бай хамаагүй мэдээлэл нь ашиглагдана гэсэн үг. Заасан хугацаанаас хойш харин мэдээллийг ашиглах боломжгүй болдог.

-Өнгөрсөн мягмар гарагт Төв банкны Ерөнхийлөгчийн тушаалаар иргэдийн зээлийн муу түүхийг зээлийн лавлагаанд тусгахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ удаагийн “өршөөл” ямар хүмүүст хамааралтай вэ?

-Ер нь энэ шийдвэр нэг удаагийн арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд иргэний зарим мэдээллийг зээлийн лавлагаанд тусгахгүй байх нөхцөлийг тодорхойлсон.

Энэ хүрээнд ямар шалгуур тавьсан бэ гэхээр, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, мөн үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар уг тушаалаар зохицуулагдсан. Нийт 41,085 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаж байгаа юм.

-Энэ арга хэмжээний гол ач холбогдлын тухайд юу хэлэх вэ?

-Санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой. Мөн нөгөө талдаа санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд авагдаж байгаа арга хэмжээ. Мөн удаа дараа зээл авч хугацаанд нь төлж байсан олон сайн түүхтэй зарим иргэд ажил олгогч, зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч чанаргүй зээлийн нэг удаагийн түүхтэй болсноос санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй болсон талаар Монголбанкинд өргөдөл хүсэлт байнга ирүүлдэг. Эдгээр хүмүүсийн хувьд мөн чухал ач холбогдолтой болох юм.

-Өнгөрсөн онд нийт 20 гаруй мянган иргэн “чанаргүй зээлдэгч” нэрээс ангижирсан. Энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-Монголбанк өнгөрсөн жил буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр 25,621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй буюу зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, мөн олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө бүрэн төлж дууссан зээлийн мэдээлэл хамрагдсан.

Тухайн онд эдийн засгийн хүндрэл үүсч, чанаргүй зээлийн хэмжээ зохих төвшнөөс нэмэгдсэн байсан. Дээрх арга хэмжээ нь иргэдэд дахин санхүүгийн үйлчилгээ авах боломжийг бий болгох, санхүүгийн зах зээлийн идэвхжилийг бий болгох ач холбогдолтой байсан.

Зураг