Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн нийтийн тээвэрт хувиараа явдаг 400 гаруй жолооч суулт зарлахаа мэдэгдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооноос Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлж, суулт зарлах болсноо мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

 "Смарт карт" уншуулдаг төхөөрөмжийг автобусуудад тавьж өгөх хүсэлт гаргасан боловч тавьж өгөөгүй

Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатар хэлэхдээ “Бага, дунд оврын автобусаар нийтийн тээвэрт үйлчилж байгаа жолооч нар үйлчилгээнд явсныхаа хэрээр ямар нэг дарамтад явсаар өнөөдрийг хүрсэн.

Тэдгээр тээвэрчид цаашид ажил амьдралаа залгуулах боломжгүй боллоо.

Учир нь биднийг стандартад нийцээгүй тээврийн хэрэгслээр үйлчилж байна гэдэг. Тийм учраас жолооч нар 2018 оны наймдугаар сард үйлдвэрлэгдсэн нэг бүрийн үнэ 65 сая төгрөгийн өртөгтэй дунд оврын автобусыг банкны өндөр хүүгээтэй зээлээр авсан ч өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтад хамрагдаагүй.

Бид "Смарт карт" уншуулдаг төхөөрөмжийг тэр автобусуудад тавьж өгөх хүсэлт гаргасан боловч бас л тавьж өгөөгүй.

Тийм байж биднийг шинэ машинаараа хулгайгаар хүн тээвэрлэсэн гэх мэтээр торгуулийн дарамтад оруулж байна.

Шинэ автобус авсан иргэд жилийн дотор сая гаруй төгрөгийн торгуульд орсон байна.

Наймдугаар сарын 22-ны өдрөөс хойш гурван удаа ажил үйлчилгээний нөхцлийг хангахын тулд нийслэлтэй гэрээ байгуулж хамтран ажиллах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй байна.

Энэ асуудалд ямар нэг арга хэмжээ авахгүй бол нийслэлийн нийтийн тээвэрт хувиараа үйлчилдэг 400 гаруй жолооч аравдугаар сарын 7-ноос эхлээд хугацаагүйгээр суулт хийж, тэмцлийн хурц хэлбэр лүү шилжих болно.

Тэдгээр жолооч нар 2018 онд шинэ автобусаар паркаа шинэчилсэн бөгөөд тэд сард 1.5 сая төгрөгийн зээл төлдөг" гэлээ.

Микроны жолооч нарын торгуулийг нэг удаа ч болов тэглэж өгөхийг хүсэж байна

Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дэргэдэх Бичил аян эздийн хоршооны эзэн жолооч С.Гончигдорж “Микроны жолооч нар өдөрт торгуулахгүй нөхцөл гэж байхгүй. Цагдаа нар нийтийн тээвэрт явж буй микрог зогсоогоод доод тал нь 50 мянган төгрөгөөр торгодог.

Би өмнө нь сая гаруй төгрөгийн торгууль төлсөн. Харин одоо жилийн дотор дахиад сая гаруй төгрөгийн торгуультай болсон. Одоо харин төлж чадахгүй болсон.

Тиймээс микроны жолооч нарын торгуулийг нэг удаа ч болов тэглэж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Аргаа барахдаа тэр машинаа 4 сая төгрөгөөр зарж, нэг сая 760 мянган төгрөгийн торгууль төлсөн

Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны олон нийтийн ажилтан С.Шижир “2018 оны 11 нэгдүгээр сард торгууль их байна гээд машиныг маань журмын хашаанд хийлгүүлж, 26 хоноод аргаа барахдаа тэр машинаа 4 сая төгрөгөөр зарж, нэг сая 760 мянган төгрөгийн торгуулиа төлсөн.

Би олон хүүхэдтэй өөрөө 40 гарсан намайг ажилд авдаггүй. Дахин би банк бусаар микро авч, хувиараа тээвэр эрхлэх болсон. Гэтэл одоо жил ч болоогүй байхад торгууль маань сая төгрөгт хүрлээ.

Гэмт хэрэг хийж ял шийтгэл авсан хүмүүсээ өршөөлийн хуулиар өршөөгөөд гаргачихдаг байж, энэ зохиомол торгуульдаа өршөөл үзүүлэхийг хүсэж байна” гэв.