Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ISM аж үйлдвэрлэлийн индекс хүлээлтээс муу гарсан нь алтны ханш 25 ам.доллараар өсөхөд нөлөөллөө

ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бид өчигдөрхөн алтны ханшийн уналт хурдсаж буй талаар мэдээлж байсан бол өнгөрсөн шөнө 22.00 цагт АНУ-ын ISM аж үйлдвэрлэлийн индекс хүлээлтээс муу гарч, 2009 оноос хойших хамгийн бага түвшинд хүрсэн нь алтны ханш 25 ам.доллараар огцом өсөхөд нөлөөллөө. 

ISM индексийг тооцохдоо аж үйлдвэрийн 300 гаруй компанийн худалдан авагч менежерүүдээс шинэ захиалгын хэмжээ, үйлдвэрлэлийн хэмжээ, ажил эрхлэлтийн түвшин, бараа бүтээгдэхүүн хүргэлт ба бараа материалын нөөц зэргийг хамруулсан асуулга авч бүх ангиллыг тэнцүү хувийн жинтэйгээр авч үзэн тооцоолол хийдэг. 

Нэгдсэн индексийг 50.4 нэгж орчимд гарна гэж зах зээл хүлээж байсан ч 47.8 нэгжид хүрсэн нь хүлээлтээс муу байсны зэрэгцээ өмнөх сарын 49.1 нэгжээс ч буурсан үзүүлэлт болсон юм. Мөн индекс 50-аас бага утгатай байвал эдийн засаг агшиж байна гэж үздэг. Эндээс үзэхэд АНУ-ын эдийн засаг ирэх саруудад агшилттай нүүр тулах магадлал нэмэгдэж байна. Гэхдээ АНУ-ын эдийн засгийн 70 хувийг хэрэглээ бүрдүүлдэг учир ISM аж үйлдвэрлэлийн индексээс илүүтэйгээр ISM үйлчилгээний индекс ДНБ-ний өсөлтийг илүү бодитоор харах боломжийг олгодог. Тэгвэл энэхүү индекс маргааш Монголын цагаар 22:00 цагаас зарлагдах юм. Үйлчилгээний ISM индекс өнгөрөгч сард 55.1 нэгжид хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Харин өмнөх сард нь уг индекс 56.4 нэгжид хүрээд байсан аж. Зах зээл индексийг буурна гэж хүлээж байгаа ч 50-аас их утгатай байгаа нь үйлчилгээний салбар тэлж байгааг илэрхийлэх юм. 

 

Үүнээс гадна энэ долоо хоногт алтны ханшид нөлөөлөх гол үзүүлэлтүүд Баасан гарагт зарлагдана. АНУ-ын өнгөрсөн сарын ажилгүйдэл болон шинээр бий болсон ажлын байрны тоо, нэг ажлын цагийн дундаж цалингийн өсөлт зэрэг үзүүлэлтүүд нь хөдөлмөрийн зах зээлийг бүхлээр нь илэрхийлэх бөгөөд бодлого боловсруулагчдын хувьд чухалчлан авч үздэг үзүүлэлтүүд билээ. Хэрэв уг үзүүлэлтүүд хүлээлтээс муу гарвал ханш өсөх бол сайн гарвал ханш буурах юм. 

Өчигдрийн индекс зах зээлийн хүлээлтээс муу гарсан нь зөвхөн алтанд нөлөөлөөд зогсохгүй газрын тосны үнэд сөргөөр нөлөөлөв. Дэлхийн эдийн засгийн 24 хувийг бүрдүүлж буй хамгийн хүчирхэг улсын эдийн засаг агшиж эхэлнэ гэдэг нь газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлж WTI төрлийн газрын тосны ханш баррель тутамд 54.6-аас 53.25 хүртэл 2.5 хувиар буурчээ. 
 

 

Саудын Араб дахь Арамкогийн халдлагын дараа 62 ам.долларт хүрээд байсан ханш хоёрхон долоо хоногийн дараа ийнхүү 53-т хүрсэн байна. Ханш 10 гаруй хувиар буурахад гадаад худалдааны дайнаас үүдэлтэйгээр эрэлт суларч буй нь нөлөөлж байгаа бол нөгөө талаас АНУ-ын нийлүүлэлт тасралтгүй өсөлттэй байгаа нь нийлүүлэлтийг өсгөн зах зээлд давхар цохилт өгч буйтай холбоотой байна. Харин сүүлийн үед “болзошгүй дайн” өрнөж магадгүйтэй холбоотой өнцгүүд хөвөрч байна. Учир нь уг халдлагын дараа АНУ-аас

Саудын Арабын авч буй агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техникүүд нэмэгдэх төлөвтэй боллоо. Мөн АНУ болон Ираны харилцаа хурцадмал байдалтай хэвээр байна. Үүнтэй зэрэгцэн Фитч агентлагаас Саудын Арабын зээлжих зэрэглэлийг “дахин халдлагад өртөж болзошгүй” гэсэн үндэслэлээр бууруулж буйгаа зарлав. Мөн Саудын Арабын ханхүү өөрийн ярилцлагадаа дайн өрнөхөд ойрхон байгааг дурдаад үнэхээр нөхцөл байдал хүндэрвэл газрын тосны үнэ урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрнэ гэж тайлбарласан байна.

 

“Газрын тосны ханш удаан хугацаанд 55-аас доош түвшинд хадгалагдах магадлал маш бага. Учир нь ханшийн уг түвшинд олон улс орнууд ашиггүй ажилладаг бөгөөд улмаар тодорхой хугацааны дараа нийлүүлэлт багасаж, үнэ өсдөг. Ханш 2008 оны хямралын үед 33 ам.доллар, 2016 онд 26 ам.доллар, 2018 болон 2019 онд 42 ам.доллар хүрч байсныг ажиглавал ханш ойрын хугацаанд 45 ам.долларт хүрч болох ч тухайн түвшиндээ удаан тогтох боломжгүй байна” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас үзэж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.