Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Цагдаагийн алба хаагчид хүний амь насанд халдсан уу гэдгийг шалгаж тогтооно

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймгийн Заамар суманд цагдаагийн хоёр алба хаагч нутгийн иргэний амь насыг хохироосон хэрэг энэ сарын 23-нд гарсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээд байгаа билээ. Хэрэг явдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

-Заамар суманд цагдаагийн алба хаагчид хүний аминд хүрсэн гэх мэдээлэл байна. Энэ хэргийн талаар тодруулахгүй юу? 

-"Нас барсан эрэгтэй хүн сумын эмнэлэгт хүргэгдэн ирлээ" гэдэг мэлээлэл 2019 оны есдүгээр сарын 23-ны 19:40 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Мөрдөх байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс ахалсан прокурор, шинжээч, эмч нарыг оролцуулсан баг хэргийн газарт очиж шалгалтын ажиллагаа явуулсан. 

Бидэнд ирсэн урьдчилсан мэдээллээр 61 настай эрэгтэй Г Заамар сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зүй бус үйлдэл гаргаж байхад нь цагдаагийн хоёр алба хаагч очиж шалгасан. Тухайн үед хоёр цагдаа зам шалгалтаар явж байсан юм билээ. 

Ингээд тухайн иргэнийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын зэргийг нь тогтоохоор авч явах замд Г-гийн бие муудаж, эмнэлэгт яаралтай хүргэсэн. Гэвч харамсалтай нь амь насаа алдсан байсан. Ийм урьдчилсан мэдээлэлтэй байна. 

Эдгээр цагдаагийн алба хаагчид тухайн иргэний амь насанд халдсан уу эсвэл өвчний улмаас золгүй тохиолдлоор нас барсан уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны дүнд тогтоогдоно. Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 

Хохирогчид гадна үзлэг хийгдсэн, нарийвчилсан задлан шинжилгээ өнөөдөр хийгдэнэ. Цагдаагийн хоёр ажилтны тухайд албаны шалгалт хийгдэнэ. Энэ бүх мөрдөн шалгах ажиллагаа прокурорын байгууллагын хяналтад явагдана. 

-Талийгаачийн ар гэрийнхэний хэвлэлд өгсөн мэдээллээр хоёр цагдаа талийгаач Г-г эмнэлэгт хүргээд зугтаасан гэсэн байсан. Үүнд тайлбар өгөөч. 

-Тухайн иргэний бие муудаад эмнэлэг дээр хүргэж очиход талийгаачийн ар гэрээс дөрвөн хүн байсан юм билээ. Тэр дөрвөн хүн цагдаагийн алба хаагчдын эрх чөлөөнд халдсан асуудал байгаа. Үүнийг мөн холбогдох хуулийн дагуу шалгаж тогтооно. 

Энэ асуудал дээр цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар хууль бус үйлдлийг нуун дарагдуулах гэсэн зүйл байхгүй. Бодит үнэнийг шалгаж, тогтооно. 

-Хэрэгт холбогдсон цагдаагийн хоёр ажилтныг баривчилж, саатуулсан уу?

-Тухайн хоёр алба хаагч хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийн зам шалгалтаар явж байсан. Сэрдэгдсэн этгээдээ авч яваад, газар дээр нь шалгаж, тайлбар мэдүүлэг авч байсан гэсэн үг. 

Гэтэл согтуурсан байдалтай, гар нь цус болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодон тэр хавиар иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэл гаргаж байхад нь үүргийнхээ дагуу очиж шалгасан.  Ямар нэгэн хууль бус үйлдэл болж байхад би замын цагдаа, мөрдөн байцаагч гээд хойш суух ёсгүй. Цагдаагийн алба хаагч л бол үүргийнхээ дагуу очиж ёстой. 

Ингэхэд тухайн иргэн үхэр нядалчихсан байсан болохоор гар нь цус болсон байсан. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан. 

Нэр холбогдоод байгаа цагдаагийн алба хаагчдыг Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа. Шаардлагатай гэж үзвэл дараагийн арга хэмжээг авна. Үүнийг прокурор, шүүхийн эрх хэмжээнд шийднэ.