Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч нь цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа моторын дуу чимээг сонгодог болно

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй автомашинууд бага хурдтай явах үед ямар нэг дуу чимээ гаргадаггүй. Зөвхөн хурдлах үед салхи зүсэх болон дугуйны өнхрөлтийн чимээ нь сонсогддог билээ.

Энэ нь явган хүний аюулгүй байдалд муугаар нөлөөлөх талтай. Ялангуяа харааны бэрхшээлтэй хүмүүст аюултай болж байгаа юм.

Тиймээс дэлхийн улс орнуудын засгийн газрууд цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй автомашинд хиймэл дуу чимээ гаргадаг байх шаардлага тавьж эхэлжээ.

Тухайлбал АНУ-ын засгийн газар 2020 оноос эхлэн зах зээлд гарах автомашинуудад хиймэл дуу чимээтэй байх шаардлагыг тавьж байгаа юм. Европын Холбоонд энэ хугацааг 2021 он болгосон байна.

АНУ-ын замын аюулгүй байдлыг хангах газар боловсруулсан журмандаа “автомашинд урьдчилан суурилуулсан олон төрлийн дуу чимээнээс жолооч өөрийн таалалд нийцсэнийг сонгодог байх” гэсэн заалт оруулжээ.

Өөрөөр хэлбэл хүмүүс гар утасныхаа хонхыг янз бүрээр сонгодог шиг автомашиныхаа “хиймэл моторын чимээ”-г мөн таалалдаа нийцүүлсэн сонгодог болох гэнэ.

Мөн энэхүү журманд 4,500 хүртэл килограм жинтэй цахилгаан хөдөлгүүрт автомашинууд 30 км/цаг хүртэл хурдтай явах үед заавал хиймэл дуу чимээ гаргах ёстой гэсэн шаардлагыг үйлдвэрлэгчдэд тавьжээ.

 

Эх сурвалж: The Verge