Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Очирбат: Миний мөрөөдөл бол Их мастер болж, шатрын олимпод Монголоо төлөөлж оролцох

ikon.mn
2019 оны 9 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 7-р ангийн сурагч Л.Очирбат өнгөрсөн сард БНХАУ-ын Вэйфан хотноо болсон Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.

Дэлхийн 55 орны 115 тамирчинтай оюун ухаан сорьж, ийнхүү амжилт гаргасан, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Л.Очирбат болон түүний ээж Н.Чимгээтэй ярилцсанаа хүргэж байна.


-Юуны өмнө ДАШТ-нээс хүрэл медаль хүрсэнд нь баяр хүргэе. Анх хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

Л.Очирбат: -Баярлалаа. Би таван настайгаасаа эхлээд шатрын спортоор хичээллэх болсон.

-Яагаад шатраар хичээллэхээр шийдсэн бэ?

Н.Чимгээ: -Манай хүү багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тиймээс сургуульд ороход нь сууж сурсан байхад илүү хэрэгтэй болов уу гээд гэрийнхээ ойролцоох шатрын дугуйланд явуулах болсон. Тэгж л шатрын спортод анх хөл тавьсан даа. 

-Анхны амжилтаас нь хуваалцахгүй юу?

-Хичээллээд ердөө гурван сар болж байхад клубийнх нь багш “Цагаан бэрс” тэмцээнд бүртгүүлсэн байсан. Багш нар нь тухайн хүүхдийн чадварыг харгалзан тэмцээнд орох болсон эсэх, ямар чансааны тэмцээнд орох вэ гэдгийг шийддэг. Ингээд түргэн болон түргэвчилсэн (рапид, блиц) тоглолтын улсын аварга шалгаруулах уг тэмцээнд оролцоход нь нөхөр бид хоёр хүүгээ нэг хожвол боллоо хэмээн бодож байсан. Гэтэл 6-р байрт орж, бүгдээрээ маш их урам авсан. Үүнээс хойш тэмцээнүүдэд орж эхэлсэн.

 
Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалиуд, 2017, 2019 он
 
2018 оны Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
 
2019 оны шатрын Б ангилалын тэмцээний аваргын цом

-Өнгөрсөн хугацаанд олон тэмцээн уралдаанд оролцсон байх. Хамгийн сэтгэлд үлдсэн нь аль тэмцээн байсан бэ?

Л.Очирбат: -2015 онд Грект болсон тэмцээн хамгийн гоё байсан. Яагаад гэвэл далайтай орон учраас. Бас аавтайгаа хамт явсан тул их гоё байсан. Мэдээж 2018 оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн аварга болсон маань мартагддаггүй.

-Энэ жилийн тухай ямар байсан бэ. Тэмцээн нь хэр өрсөлсөөнтэй байв?

-Вэйфан хотод болсон тэмцээн миний хоёр дахь удаа орж буй Өсвөрийн ДАШТ байсан. 55 орны 115 оролцогчоос гуравдугаар байрт орсон. Нийт 11 өргөөс дөрөв тэнцэж, нэг хожигдож, зургаа хожсон.

Хамгийн хэцүү ѳрѳг Вьетнамын тамирчин Хоанг Минх Хьютэй тоглосон ѳрѳг байсан. Нийт 5 цаг гаруй үргэлжилсэн. Морь, тэмээгээр 2 хүү, тэрэгтэй айлын эсрэг тоглож тэнцсэн.

Хамгийн гоё ѳрѳг нь Хятадын Шү Хаовен цаг бага болсон үед комбинациар хожсон өрөг байсан.

 
2019 оны Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн
 
2019 оны Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн, хүрэл медаль
 
2019 оны Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн

-Одоогийн цолондоо хэзээ хүрч байсан бэ?

-Тайваньд 2014 онд болсон Азийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолыг 7 насандаа энэ тэмцээнээс авсан. Хэрэв Вэйфанд болсон тэмцээндээ түрүүлсэн бол цолоо ахиулах боломжтой байлаа. 

-Чиний насны ангиллын хувьд Монголд хэр олон өрсөлдөгч байдаг вэ?

-5-6 хүүхэд байдаг. Гэхдээ би шатрын хүүхдүүдтэйгээ тэмцээн дээр ѳрсѳлддѳг ч бусад цагт найзалж, хамтдаа сагсан бѳмбѳг тоглодог. Шатрын спорт их ядраадаг тул би чѳлѳѳт цагаараа сагсан бѳмбѳг тоглох дуртайлдаа.

Өөрийн насны өрсөлдөгч гадаад хүүхдүүдтэй бас найзууд болсон. Тэмцээн болгонд Энэтхэг, Вьетнам болон Хятадын өрсөлдөгч хүүхдүүдтэй таардаг. Найзууд болсон мөртлөө өрөг тавихдаа хоорондоо маш ширүүн өрсөлддөг.

-Шатар тоглохын хамгийн гоё зүйл нь юу вэ. Энэ спортоор хичээллэснээр чи ямар чанарыг өөртөө бий болгож авсан гэж боддог вэ?

-Хамгийн гоё зүйл нь хүмүүсийг мадлах юм байна. Тэмцээнд орохдоо тэрийг заавал хожно ч юм уу, тийм бодлоор тоглодоггүй. Тухайн үеийн нүүдлээсээ л шалтгаалдаг болохоор тэр үедээ л боддог. Би шатар тоглодог болсноороо маш сайн сууж сурсан шүү. Шатрын спортоор хичээллэх нь тэсвэр хатуужил, хүмүүжил олгохоос гадна нэг зүйлийг олон талаас нь бодох чадвар суулгадаг гэдэг. Би бас тийм чадваруудад суралцсан гэж боддог.

 
2014 Taiwan Asian Schools Chess Championship
 
2019 оны Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн
 
2019 Asian Youth Chess Championship
 
2015 Asian Schools Chess Championships

-Хамгийн дуртай хичээл нь ямар хичээл вэ?

-Математикийн хичээлдээ хамгийн дуртай. Тоо бодох гоё байдаг.

-Сургуулийнхаа тухай ярихгүй юу? Багш нар, найзууд нь чамайг хэр зэрэг дэмждэг вэ?

-Манай багш нар тэмцээн уралдаанд ороход үргэлж дэмждэг. Бас бидэнтэй их нээлттэй харилцдаг. Тиймээс бид чөлөөтэй, нээлттэй байж чаддаг. Найзуудын тухай гэвэл манай сургуулийн хүүхдүүд их мундаг англи хэлтэй, хүмүүжилтэй, сайн хүүхдүүд байдаг.

Англиар ярьдаггүй багш гэж байдаггүй болохоор хэлээ сайн сурч байгаа. Хоёр дахь гадаад хэлээр орос хэлийг сонгон сурч байна.

Би өмнө нь өөр сургуульд сурч байгаад шилжиж ирсэн. Энд ирээд завсарлах цаг ихтэй байдаг нь их таалагдсан. Хааяа өдрийн хоолны завсарлагаанаар зарим даалгавраа хийгээд дуусгачихдаг. Бас гадаа сагс тоглодог. Эдгээр нь манай хуучин сургуулиас өөр байсан тул гоё санагддаг.

-Очирбат ямар мөрөөдөлтэй вэ. Ямар мэргэжилтэй хүн болно гэж бодож байна вэ?

-Миний мөрөөдөл бол Их мастер болж, шатрын олимпод Монголоо төлөөлж оролцох. Мэргэжлийн тухай одоохондоо бодоогүй байгаа.

-Дараагийн орох том тэмцээн нь юу байх вэ?

-Дараа жил улсын аварга шалгаруулах тэмцээн болбол оролцож, түрүүлэх хүсэлтэй байна. Тэгвэл байр, хоолонд санаа зовохгүйгээр гадагшаа том тэмцээнд явах боломтой болно. Өөрийн зардлаар тэмцээнд оролцох хэцүү.

Н.Чимгээ: -Улсын тэмцээнд нэгдүгээр байр эзэлбэл олон улсын чанартай тэмцээнд оролцох байр, хоолны мөнгийг улсаас гаргадаг. Ер нь олон улсын чанартай тэмцээнд өөрсдөө зардлаа гаргадаг тул ээж, аав нь тэр бүр хамт яваад байж чаддаггүй. Аав нь гурван удаа хамт явсан байдаг.

Түүнээс гадна хүү маань тэмцээнд орохдоо дандаа чөлөө аваад явдаг байсан. Энэ жилээс хичээлд нь илүү анхаарахын тулд хичээлийн цагаар болох уралдаан тэмцээнд аль болох оролцохгүй байхаар шийдсэн. Зөвхөн рейтинг өндөртэй, цол ахиулах боломжтой олон улсын тэмцээнүүддээ оролцоод явахаар болсон.

 
2019 Asian Youth Chess Championship 1
 
2018 World Schools Chess Championship
 

-Ярилцсанд баярлалаа. Сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Л.Очирбат: -Баярлалаа.

Н.Чимгээ: -Биднийг ийм амжилтанд хүрэхэд нѳлѳѳлсѳн бүх дасгалжуулагч, багш нартаа баярлалаа. Мѳн “Улаанбаатар Элит” сургуулийнхаа хамт олон, багш нартаа, ангийн найз нарт нь хүүгийн минь хичээл сурлагад анхаарч тусалдагт, дэмждэгт их баярладгаа илэрхийлмээр байна. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.