Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

1.5 тэрбумын байшингаа битүүмжлүүлсэн Л.Пүрэвбаатар эхнэрийнхээ компанийн машиныг байгууллагадаа "шахжээ"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Авлигатай Тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт есөн хэргийг шүүхэд шилжүүлээд байна. 

Үүнд дотор эхнэрийнхээ компанийн хуучин Лексус машиныг 153 сая төгрөгөөр байгууллагадаа худалдаж авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл анхаарал татаад буй.

Чухам хэн гэгч эхнэрийнхээ компанийн хуучин машиныг 153 сая төгрөгөөр байгууллагадаа шахсаныг тодруулахад "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өөрийн эхнэрийн захирлаар нь ажилладаг “Нимонс” ХХК-ийн эзэмшлийн 00-36 УНТ улсын дугаартай хуучин Лексус 570 маркийн суудлын автомашиныг Б.Энх-Амгалангийн нэрээр УБТЗ ХНН-т 153 сая төгрөгөөр “худалдах, худалдан авах” тухай гэрээ байгуулж мөнгийг шилжүүлж нийгэмлэгт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.

УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын Хан-Уул дүүрэг, "Цэцээ гүн" хотхон дахь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй, гурван давхар хаусыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас /ШШГЕГ/-аас энэ оны зургаадугаар сарын 24-нд мөн сүр дуулиантайгаар битүүмжилсэн. Эргэн сануулахад, Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг УБТЗ ХНН хууль бус үйлдэл хэмээж шүүхэд хандан шүүх УБТЗ ХНН-ийн нэхэмжлэлийг хангасан билээ.