УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын Хан-Уул дүүрэг, "Цэцээ гүн" хотхон дахь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй, гурван давхар хаусыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас /ШШГЕГ/-аас өнөөдөр битүүмжиллээ.
Битүүмжлэх мэдэгдлийг түүнд өгсөн юм.
Уг мэдэгдэлд:
УБТЗ ХНН-ийн төлөөлөл "Шүүхийн шийдвэрийн дагуу "түлхүүрээ хүлээж ав" гэснийх нь дагуу энд ирсэн байна. Хамгийн сүүлд буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны Дээд шүүхийн шийдвэр өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ байшинг УБТЗ-ын мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан.
УБТЗ нь залуу төмөр замчдадаа орон сууцын хөнгөлөлт гэж нэг хүнд дөрвөн сая төгрөг өгдөг. Энэ байрыг чөлөөлж бидэнд өгөх юм бол нийт нэг тэрбум 484 сая төгрөгийг хуваагаад, 371 залуу төмөр замчинд орон сууцын урьдчилгаа болгож өгөх боломжтой төлөв харагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс дууссаны дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран дуудлага худалдаа зохион байгуулаад олсон орлогоо 371 ажилтандаа орон сууцны хөнгөлөлт болгож өгөх төлөвлөгөө байна" гэв.
Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!