Хүүхдийн хөгжил төлөвшлийн тухай ойлголт ном зохиол, эрдэмтдийн бүтээлүүдэд 0-5 насыг хамгийн ихээр чухалчлан үзэж хүний хөгжлийн алтан үе ч гэж нэрлэсэн байдаг. Тэгвэл аав ээжүүдийн хамгийн чухал хүсэл нь хүүхдээ ирээдүйд аз жаргалтай амжилттай бие хүн болгон өсгөж хүмүүжүүлэхэд оршдог шүү дээ. Энэхүү хүсэлд нь бидний цэцэрлэгийн нас гэдгээр нь тодорхойлдог үе яагаад чухал болох, ямар ямар чадвар насны онцлогууд байдаг тухай энэ удаагийн ярилцлагаараа эрж хайхыг зорьсон юм. Мэдээж хамгийн чухал нь эцэг эх бид үүний талаар мэдлэгтэй байж хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах талаар тодорхой ойлголтыг ярилцлагаас маань авна гэдэгт итгэлтэй байна.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хүүхдийн хөгжил төлөвшлийн талаар тэр дундаа цэцэрлэгийн насанд нь үүнд хэрхэн анхаарах ёстой талаар уншигчиддаа тодорхой мэдээлэл өгөхийг зорьж байгаа. Ер нь хүүхдийн хөгжил гэдэг маш том ойлголт. Үүнийг багцлаад хаанаас юунаас эхлэх нь зөв гэдэг чигийг гарган яриагаа эхлүүлцгээе.
-Баярлалаа танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Оюун ухаан, танин мэдэхүй, нийгэм сэтгэлзүйн хөгжлийн хувьд хүүхдийн 2-7 насыг үйлдэл төлөвшихийн өмнөх шат буюу ирээдүйн бүх дадлын суурь нь бий болдог маш чухал үе гэдгийг тогтоосон байдаг л даа. Сүүлийн үед тархи судлалын талаарх материалуудад ч энэ талаар олон сонирхолтой баримтуудыг батлан харуулсаар байгаа. Учир нь хүний тархины хөгжлийн 70-80 хувь нь энэ насанд явагддаг. Ер нь бол 0-5 насны хүүхдийн хөгжил бол хэзээ ч хоцорч болохгүй галт тэрэг л гэсэн үг. Тиймээс бид амжиж хөгжил төлөвшлийн зөв суурийг бий болгох мэдээллийг тархины шинээр үүсч буй тэдгээр холбоосуудад өгснөөрөө бүх амьдралынх нь турш давуу тал болох чадваруудыг тэдэндээ бий болгох боломжтой. Хүүхдийн хөгжлийг хаанаас юунаас эхлэх тал дээр бол цогц хөгжил гэдэг чиг шугамыг бид хэзээ ч алдагдуулж болохгүй юм.
-Цогц хөгжил гэдгийг илүү дэлгэрүүлбэл?
-Хүүхдийн цогц хөгжил гэдэг бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүй гэсэн гурван чадварыг хамтад нь хөгжүүлэхийг хэлж байгаа хэрэг л дээ. Дан ганц оюун ухааныг нь хөгжүүлж байна гээд тоо, үсэг, сампин гэсээр байгаад бие бялдрын хувьд сул дорой, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өөрийгөө болоод бусдыг ойлгодоггүй, аливааг даван туулах чадваргүй нэгэн болгож болохгүй шүү дээ. Үүнийг ойлгуулахын тулд торхны дүрэм гэж байдаг. Торхыг бүрдүүлэх босоо модон хэсгүүдийг тус бүрд нь оюун ухаан, нийгэмшихүй, бие бялдар гэж үзвэл аль нэг нь л бусдаасаа намхан мод байвал торхонд хийх ус яг тэр модны хэмжээнд хүрээд л дүүрнэ. Түүнээс цааш хичнээн ус хийсэн ч намхан модноос өндөр хэсэг хүртэлх зайд ус хэзээ ч хүрэхгүйгээр гадагшаа асгарсаар байна. Тиймээс эдгээрээс алийг нь ч орхигдуулалгүй хамтад нь хөгжүүлж байж л бидний үр хүүхдэдээ хүсээд байдаг амжилт, төлөвшил, ирээдүйн амьдрал нь бүрдэх юм.
-Аав ээжүүдийн хувьд хүүхдийн талаар бүгд судалчихсан мэргэжилтнүүд биш болохоор алдаж онодог зүйлс зөндөө л байх. Тиймээс тэдний түгээмэл үйлдлүүдээс сонгоод хэд хэдэн зөвлөгөө өгөөч гэвэл та юу юуг онцлох вэ?
-Хүүхдээ ёстой мундаг гэж хий хоосон хөөргөхөөс илүү ингэж хичээж байгаа чинь, энэ үйлдэл чинь гээд тодорхой магтаж сураасай гэж боддог юм. Аль болох шүүмжээс илүүтэйгээр магтаж сайшаах нь хүүхдийг өөртөө итгэж хөгжихөд нь нөлөөлдөг. Гэхдээ энэ нь бодитой байх ёстой. 3-н настай хүүхэд чинь гутлаа өөрөө өмсчихвөл “Өө ямар мундаг юм бэ гэхийн оронд, Би чамайг хараад л байсан чинь чи гутлаа өөрөө өмсчихлөө шүү дээ гэх жишээний. Маргааш нь ахиад ажиглаад өнөөдөр бас өмсөж чадаж байна. Гутлыг ингээд зөв өмсөж сурна гэдэг чинь миний хүү том болж байгаа юм байна даа” гэж урамшуулж болно. Энэ нь хүүхдэд бүх зүйлийг ингээд сураад байж болох юм байна гэсэн итгэл үнэмшлийг суулгаж байдаг. Зурсан зургийг нь хараад үнэхээр мундаг гэхийнхээ оронд чиний зурагны энэ хоёр өнгө надад их таалагдаж байна. Яагаад энэ өнгийг сонгосон бэ? гэж илүү бүтээлч байдлыг нь илэрхийлүүлж ярилцах нь чухал.
Цөм итгэл үнэмшлийг нь зөв чиглүүлж өгөөрэй. Хүүхдийнхээ хувцас гутлаа өөрөө өмсөхийг нь одоо тэвчээд хүлээж чадвал хэдэн жилийн дараа та сэтгэл амар байж чадна. Ялангуяа 3-н нас бол биеэ даах эго центер төвтэй үе юм. Энэ насандаа хүн биеэ даах эсвэл хамаарал бүхий хүн болохоо шийдвэрлэж байдаг. Тиймээс хувцас өмсөх жишээг авч байгаа нь учиртай. Энэ үед аав ээжүүд бушуухан цэцэрлэг сургуульд нь хүргэх гээд, эсвэл орой хурдхан харих гээд хүүхдээ шууд барьж аваад л хувцаслаад тавьчихдаг. 20, 30 гарчихаад энийг яаж хийх юм бэ? гээд өөрөө юу ч хийж чадахгүй хүн болгомооргүй байгаа нь мэдээж шүү дээ уг нь. Тиймээс энэ үед өөрөөр нь хийлгээд, тэр зүйлийг нь тодорхой хэлээд сайшаагаад өгвөл өөртөө итгэх итгэлийн цөм итгэл үнэмшил хамгийн ихээр тогтож байдаг. Эсрэгээрээ “Өө дандаа буруу өмсөх юм аа, ямар удаан юм бэ?” гэх мэтчилэнгээр шүүгээд л байх юм бол би чадахгүй, би удаан гэсэн цөм итгэлтэй болж байх жишээний. Энэхүү цөм итгэл үнэмшил гэдэг зүйл нь хүний гол чанар бөгөөд бүх зүйлд нь хамааралтай.
Мөн хүүхдэдээ ямар бодол өгнө тийм л хандлагатай хүн болдог гэдгийг анзаарч сураасай гэж боддог юм. Тиймээс хүүхдээсээ ядаж л сөрөг биш эерэг хариулт ирэх асуултыг тавьж байгаарай. Жишээ нь та зааны тухай битгий бодоорой.
-Заан бодогдож байна\инээв\.
-Яг тийм. Нэр үг ямар байна яг түүнийг л хүүхэд боддог. Магадгүй одоо цэцэрлэг сургууль эхлэх гэж байгаа болохоор түүнд бэлдэж эерэгээр дасан зохицох боломжийг хүүхдэдээ олгохын тулд ямар бодол өгч байгаагаа анзаарах хэрэгтэй. Цэцэрлэг дээр зөндөө гоё зүйл сураад тоглоод тарж байгаа хүүхдээсээ “Яасан миний хүүхдэд хоол өгсөн үү? Багш нь загнасан уу? Уйлсан уу? гэж асуудаг зарим аав ээж анзаарагддаг. Гэтэл энэ сөрөг асуултууд сөрөг бодлуудыг автоматаар хүүхдэд өгч байдаг. Өөрөө уйлаагүй ч хэн нэгэн уйлсан хүүхдийн тухай бодол орж ирэх жишээний. Энэ нь цаашлаад болохгүй бүтэхгүй байна гэх хандлага, мөн хэн нэгнийг ямар нэгэн зүйлд үргэлж буруутгах дадалтай болгох магадлалтай. Гэтэл аливаа зүйлээс сайхан байснаа мэдэрч сурах эерэг хандлагатай, өөдрөг байна гэдэг ажил болоод амьдрал дээр хүний маш том давуу тал байдаг шүү дээ.
-Та зөвлөгөө өгөхдөө 3-н настай хүүхдийн онцлогийн тухай дурдлаа шүү дээ. Бага насны хүүхдийн онцлог гэхээр мөлхдөг, алхдаг, хэлд орж эхэлдэг гэдгээс илүүг бараг бид нэрлэх амаргүй ч юм шиг. Тэгвэл цэцэрлэгийн насны хүүхдийн онцлог, ямар чадварууд тэдэнд байдаг талаар тодорхойлолт хэлээч гэвэл?
-2 нас бол нялх үеэс бага насанд шилжих үе. Энэхүү насны онцлох нэгэн чухал хөгжил бол хэл ярианы хөгжил бөгөөд энэ нь тэдний хийсвэр сэтгэлгээг хөгжүүлж байдаг гайхамшигтай өгөгдөл юм. Чих, амны хөндийн хөгжил маш эрчимтэй явагддаг хэдий ч амны хөндийн зарим жижиг булчин бүрэн хөгжөөгүй байдаг учир халбагыг хабага, талхыг та гээд орхих жишээний. Энэ үед нь ээж аавууд адилхан буруу хэлж өхөөрдөх биш яг халбага бол халбагаар нь зөв хэлж хөгжлийг нь дэмжих хэрэгтэй. Мөн зөвхөн тийм эсвэл үгүй гэж хариулахаар л асуулт асуугаад байж болохгүй. Чамд гоё байна уу? чи дуртай юу? гэдэг асуултаас илүүтэйгээр “Чи үүнд дуртай юу? Яагаад дуртай юм бэ? гэх зэргээр бүтэн өгүүлбэрээр хариулах асуулт асуувал тэдний хөгжилд илүү үр дүнтэй.
3-н нас үйлдэл төлөвшлийн үе. Энэ бол бүх үйлдлийг зөв буруу аль нь ч байсан дуурайдаг үе. Би өөрөө би өөрөө л гээд байдаг амьдралын торгон мөч юм. Өөрөө хийхийг хүсэж байх энэ үед нь л тэр бүхнийг хийлгэх хэрэгтэй. Эцсийн үр дүн өөрөө хийх нь л чухал. Удаан байна уу? хурдан байна уу? хамаагүй. Мөн гурван насыг хүний хамгийн аз жаргалтай баяр баясгалангийн нас ч гэдэг. Дээрээс нь би төвтэй бүх юм минийх гэж боддог гээд энэ насанд онцлох зүйл маш их.
4-н насыг уяанаас алдуурсан нас гэдэг. Гурван насандаа би өөрөө гээд олон зүйлийг оролдоод үзчихсэн байдаг болохоор хүсэлтэй, тэмүүлэлтэй болчихсон байдаг. Тиймээс юм бүхнийг бие даан танин мэдэх, турших дураараа байх хүсэлтэй. Тиймээс бүтээлчээр оролдох танин мэдэхүйн үйл ажиллагаанд оролцуулж байх их зөв. Хэл сэтгэхүйн хорхойтой үе гэгддэг учир үүнтэй холбоотой бүхэнд аль болох л дэмжин оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй юм.
5-н насыг тааламжтай нас гэдэг. Учир нь бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хувьд бүхэл бүтэн сургуулийн өмнөх боловсролын 4-н жилийг суралцаад төгссөн байдаг. Суух чадвар, суралцах чадвар, багшийгаа сонсох, анхаарлаа төвлөрүүлэх гээд олон чадваруудын суурийг олж авсан байх учир цаашдын академик боловсролд бэлтгэгдсэн гэсэн үг. Хүүхдийн насны онцлогт нь тохирсон эдгээр боловсролыг олгож чадаагүй тохиолдолд хүүхдийн цаашдын суралцах, хөгжих, харилцах явцад хүндрэлүүд гарч ирдэг.
-Цэцэрлэгийн өдрийн дэглэм гээд л байдаг шүү дээ? Та жишээ нь цэцэрлэгийнхээ дэглэмийг бидэнд ийм байдаг гээд хэлж болох уу? Энэ нь хүүхдэд ямар эерэг байдлаар нөлөөлдөг юм бэ? Яагаад ингэж асуугаад байна гэхээр бид өдөр тутмын амьдралд байгаа энгийн мэт зүйлс нь ямар чухал ямар их үнэ цэнэтэй байдгийг тэр бүр анзаарч боддоггүй шүү дээ...
-Сургуулийн өмнөх боловсролыг олон улсад маш их чухалчилж авч үздэг шиг Монголд хараахан тийм байж чадаагүй ч жил ирэх тусам сайжирч байгаа л даа. Хоол идүүлээд л хараад суугаад байдаг зүйл энэ биш гэдгийг эцэг эхчүүд маань ч ойлгож эхэлж байна. Өдрийн дэглэм гэдэг бол өдөр бүрийн зөв дадалд хүүхдийг сургадаг зүйл. Цэцэрлэгийнхээ өдрийн дэглэмээс онцлоод хэлбэл өглөө бүр ярилцлагын цаг гэж байдаг л даа. Хүүхэд гэдэг чинь өдөр бүр аз жаргалтай байхгүй шүү дээ. Гэрт нь ямар нэгэн асуудал болсон, найзтайгаа муудсан эсвэл замдаа дуртай зүйлээ авуулах гээд уйлсан байдаг ч юм уу. Тэгвэл үүнийг нь ярилцсанааар тэд юунаас болоод сэтгэл нь тавгүй байгаагаа таньж мэдэх, ийм үед өөрийгөө хэрхэн бусдад ойлгуулах талаар суралцаж байдаг. Мэдээж сэтгэлээ онгойлгосон хүн чинь тэр өдрөө цэцэрлэг дээрээ аз жаргалтай өнгөрөөхөд бэлэн болно. Мөн өглөөний дасгалыг ахлах, дунд, бага бүлэг бүгд ангиасаа гараад нэг дор хийдэг. Бүгд хамт дасгал хийхээр жижиг 2 настай хүүхдүүд маань том ангийн ах эгч нарыгаа дуурайгаад илүү сайн суралцах, харин 5-н настай том ах эгч нар нь ингэдэг юм гээд дүү нартаа тусалж зааж өгөх жишээний. Бүр халамжлаад анги руу нь дүү нараа хөтлөөд хөөрхөн оруулж өгч байгаа нь ч харагддаг. Энэ нь нийгмийн хамгийн суурь чанар болох хайрлах, туслах, бусдаас суралцах боломжийг бүрдүүлж байгаа бас нэг хэлбэр шүү дээ. Хоолны цагаар ч гэсэн халбага сэрээгээ зөв хэрэглэхээс эхлээд гарын жижиг булчингуудын хөгжил, жижүүр хийж үүргээ хувиарлах гээд л жижиг мэт боловч зүйл цаанаа маш том боловсрол төлөвшилд суралцаж байдаг.
-Цэцэрлэгүүд ер нь ажиглаад байхад өөр өөрийн гэсэн үзэл баримтлалаараа ялгарч байна л даа. Q Kids цэцэрлэгийн хувьд энэ тал дээр ямар байдаг вэ?
-Хэлний болоод харилцааны мэдлэгтэй 21-р зууны бодит чадвартай иргэнийг бий болгоход бидний үзэл баримтлал чиглэдэг. Хүүхэд гэдэг дуртай зүйл дээрээ тулгуурлаж байж илүү сайн амжилттай суралцдаг учир хүүхдийн хувийн онцлог хүсэл сонирхолд нь тулгуурлан хөгжих боломжийг аль болох л бүрдүүлэхийг хичээн олон улсын хөтөлбөрүүдийг нэвтрүүлсээр байдаг.
Хөтөлбөрүүдийн маань хувьд гэвэл мэдээж Монгол үндэсний цөм хөтөлбөрийн зэрэгцээ гадаад багштай Англи хэлний CAMBRIDGE ENGLISH хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгаа. Мөн хүний амьдралын хамгийн чухал гэж хэлж болох нийгэмшихүй буюу харилцааны чадварыг хөгжүүлэх EQ хөтөлбөрийг албан ёсоор сургалтандаа оруулж эхэлсэн анхны цэцэрлэг юм. Мэргэжлийн сэтгэлзүйч маань хүүхдүүдэд сургалт орохоос гадна багш тогооч гээд бүх хүмүүст EQ сургалтыг тогтмол ордог учир орчиндоо үүнийгээ бид өөрсдөө мөн хэрэгжүүлж байдаг. Мөн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, Lego Education хөтөлбөрөөс гадна өөрөө бүхнийг хийж, туршиж үзэх боломжийг олгох NUTTY SCIENTISTS сонирхолтой STEAM буюу шинжлэх ухааны хөтөлбөрийг Монголдоо анх нэвтүүлсэн байгаа. Энэ нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, зургийн хөтөлбөрүүдийг хөгжөөнт арга зүй ашиглан хүүхдүүдэд хүргэх юм.
-Хөтөлбөрүүдийн тухай сонсоод хүүхдүүдэд багаас нь ийм сайхан боломжууд нээгдэж байгаад үнэхээр баярлах сэтгэгдэл төрж байна. Ингэхэд би чи чинь хүүхэд сурган хүмүүжүүлэх салбарын тэргүүлэх арга зүйч багш хүнтэй ярьж байгаа учир таны тухай асуухгүй өнгөрч чадахгүйнэ. Анх цэцэрлэгийн багш болж байсан Гантөгс одоо байгаа Гантөгс хоёрын ялгааг та хэрхэн тодорхойлох вэ?
-Анх багш болоод эхний нэг сар хоолой сөөчихсөн. Олон хүүхэд дунд анхаарлыг нь татах гэсээр тэр шүү дээ. Гэтэл багш гэдэг өндөр дуугаар ярих нь чухал биш хүүхдүүдийнхээ анхаарлыг төвлөрүүлж чадах нь чухал юм байна гэдгийг ойлгосноор багшийн туршлага маань эхэлсэн байдаг юм. Том хүмүүстэй ярьж байгаа юм шиг “За хүүхдүүдээ багшийгаа хараарай” гэдгээрээ байсаар л байвал хүүхдийн харцыг, тэр тусмаа сурах хүслийг нь өөрлүүгээ хандуулж чадахгүйг анзаарсан хэрэг. Тиймээс хуруун хүүхэлдэй бэлдээд гартаа хийж аваад л хүүхдүүдтэйгээ ярьж эхэлсэн дээ\инээв\. Мэдээж тэр цагаас хойш 19 жил багш, арга зүйч, цэцэрлэгийн эрхлэгч, заримдаа багш байхгүй үед туслах багш гээд бүгдийг нь л хийж ирсэн учир туршлага мэдлэгийн хувьд мэдээж ялгаа гарсан байгаа.
-Ажилдаа дуртай хүнээс үр дүн амжилт гардаг гэдэг. Та ер нь ажилдаа хэрхэн дурладаг вэ? ер нь яагаад заавал энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Би чинь Санхүү эдийн засгийн сургуулиа орхиод багш болсон хүн шүү дээ. Бага байхын л ангийн дарга, хичээл ном гээд явдаг байсан. Ах маань шөнө орой болсон байхад ч өдрийн гэрэл тавьж байгаад хичээл хийлгэнэ. Намайг эдийн засагч болгоно гээд шийдчихсэн байсан юм. Төгсөөд Санхүү эдийн засгийн сургуульд орсон ч нэг жил сураад би гарчихсан. Одоо бодоод байх нь ээ ангийн дарга хийгээд л нийгмийн идэвхтэй байсан маань харилцааны чадвар шаардсан тэр дундаа хүүхэдтэй харьцсан зүйлд илүү сонирхолтой байсных юм байна гэж дүгнэдэг. Ганцаараа сугаад тоо бодоод суух нь надад тохирохгүй зүйл байсан. Тэгээд л багш болно гээд өөртөө шийдчихсэн. Одоо болтол энэ шийдвэртээ, энэ ажилдаа дуртай. Нэг мэдэхэд орой болж хүүхдүүд багш нар тараад дуу чимээ багасаад ирэхээр гэрээ гэнэт санана \инээв\. Ямар сайндаа нөхөр маань 2 хүүдээ цэцэрлэгийн багштай л битгий суугаарай гэж захья гээд хошигнодог юм. Одоо эрхлэгч болчихсон болохоор багшийн мэдрэмжээ үе үе санана аа. Ангийнхантайгаа өдөржин болоод орой тарахаар хөдөлгөөнтэй хүүхдээ очоод эцэг эхдээ загнуулах вий гэж бодно. Ямар сайндаа зуны амралт болохоор хүүхдийг минь 3 сар аятайхан байлгаж байгаад ирээрэй гээд л захидаг байсан.
-Сайн багш гэж та хэнийг хэлэх вэ?
-Ер нь ямар ч шинэлэг ямар ч мундаг хөтөлбөр байгаад түүнийг хүүхдэд ямар хэрэглэгдэхүүн арга замаар хүргэхээ мэддэг багшийн ур чадвар, сэтгэл гэж үгүй бол тэр хөтөлбөр цаасан дээрх хөтөлбөр хэвээр л үлдэнэ. Мөн онолын мэдлэг гэдэг орхигдуулж болохгүй шинжлэх ухаан юм. Жишээ нь хөгжмийн хичээл дээр багш нь хөгжимдөөд л хүүхдүүдийг чанга л дуулуулаад байвал сайн зааж байна даа гээд хүмүүс бодох жишээний. Гэтэл хүүхдийн насны онцлог хоолойн цар хүрээ, түүнд тохирсон ноотны хэмжээ гэдэг өөр байдаг. Чанга дуул гээд л байвал хоолойн хөвч гэмтэх аюултай. Маамуу нааш ир гээд яагаад бүх 2 насныхан сайн сураад байна гэхээр ноотны хэмжээ цар нь тэдэнд тохирсон зөв байна л гэсэн үг шүү дээ. Сургууль цэцэрлэгүүдэд бага насны хүүхдүүдэд төрийн дуулал дуулуулаад байдаг. Гэтэл энэ нь 5-р ангийн хүүхдээс дээш насны хүүхдийн дуулах цар хүрээний нооттой байх жишээний.
-Багш хүн маш олон янзын эцэг эх, маш олон янзын онцлогтой хүүхдүүдтэй ажилладаг шүү дээ. Эндээс та туршлага жишээ болгоод хүүхдийн хөгжил төлөвшилд хэрхэн нөлөөлж болдог талаар жишээ дурдаач гэвэл болох уу?
-Нэг ээж бидэнд хандаад Манай хүүхэд юугаар ч дутахгүй байна. Бүх юм байхад анхаарал нь төвлөрөхгүй тоглоомуудаа жоохон өрж байгаад л нураагаад эхэлдэг яавал дээр вэ? гэж ирсэн юм. Тэр үед боломжтой бол өрөөнийх нь зургийг явуулаач гээд харсан л даа. Гэтэл хана нь үздэг киноных нь баатруудаар дүүрсэн эрээн, дэвссэн хивс нь эрээн. Тэнд байхгүй тоглоом алга. Мэргэжлийн бус хүн харах юм бол хөөх ямар гоё юм гэмээр. Гэтэл тэр орчин хүүхдийг стрестүүлэх хэмжээнд болсон байх жишээний. Энд нэг тоглоом харсан ч цаана нь өчнөөн тоглоом анхаарал сарьнуулахаар байж байсан. Тэгээд боломжтой бол хананы өнгийг цулгуй болгоод ганц нэг тоглоом тавиур дээр нь үлдээгээд бусдыг нь түр хурааж болох уу? гэхэд аав ээж нь хэлснээр маань өөрчилсөн. Мэдээж үлдээсэн тоглоомоор нь аав ээж хүүхэдтэйгээ хамтдаа тоглож, үүнийгээ хэдэн янз болгон тоглоомыг зорилготой болгож болохыг чиглүүлсэн. Жилийн дотор хүүхэд маань маш хөөрхөн өөрчлөгдсөн. Тэр үед аав ээж нь эцэг эхчүүд бид хүүхдээ хайрлаж байна гээд өөрсдөө л буруудуулж гарсан шинэ тоглоом бүрийг авч өгөх нь аз жаргалтай байлгана гэдэг эндүүрэл юм байна. Хүүхэд сургана хүмүүжүүлнэ гэдэг учиртай юм байна баярлалаа гээд хэлээд явж байсан юм.
-Нээрээ л хүүхэд төлөвшүүлнэ, хөгжүүлнэ гэдэг маш их ухаан юм. Танд бидний урилгыг хүлээн авч энэхүү чухал сэдвээр ярилцсанд баярласнаа ирэлхийлээд ярилцлагаа өндөрлөе дөө.
-Баярлалаа.
Д. Чанцал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!