СТАТИСТИК: Монголчуудын унаж буй автомашины 64.4% нь Япон, 77.4% нь 10-аас дээш жилийн насжилттай байна
Монгол Улсад 2018 онд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.9 мянга, автомашины тоо 871.4 мянга болж өмнөх оноос тээврийн хэрэгслийн тоо 70.8 мянга буюу 7.9 хувь, автомашины тоо 56.3 мянга буюу 6.9 хувиар өссөн байна.
Эдгээрээс бид 2018 онд улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 585.4 мянган автомашины статистик мэдээллийг ялган хүргэе.
Нэг. Техникийн үзлэгт хамрагдсан суудлын машины тоо 10% өссөн бол автобус 0.1%
Улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгээр:
-
426.1 мянган суудлын,
-
131.6 мянган ачааны,
-
18.6 мянган автобус,
-
9.2 мянган тусгай зориулалтын автомашин хамрагдсан байна.
График 1, Техникийн үзлэгт хамрагдсан автомашины төрөл:
Энэ нь өмнөх оноос:
- суудлын авто машин 37.6 мянга буюу 9.7 хувь,
- ачааны автомашин 10.8 мянга буюу 9.0 хувь,
- тусгай зориулалтын автомашин 505 буюу 5.8 хувь,
- автобус 20 буюу 0.1 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Хоёр. Суудлын машины 78% нь баруун гарын хүрдтэй
Дэлхийн нийт улсуудын 69.0 орчим хувь нь автомашины зүүн гар талын хүрдний дүрмийг баримталдаг байна.
Үүнд: АНУ, Латин Америк, Европын ихэнх улсууд багтдаг бол үлдсэн 31.0 хувь нь буюу хуучнаар Их Британийн колонид багтаж байсан улсууд баруун гарын хүрдний дүрмийг баримталдаг байна.
Манай улсын хувьд хэдийгээр зүүн гар талын хүрдний дүрмийг баримталдаг ч, үзлэгт хамрагдсан автомашины 60.2 хувь буюу 352.5 мянга нь баруун гар талдаа хүрдтэй байна.
Техникийн үзлэгт хамрагдсан автомашины төрлийг хүрдний байрлалаар нь задлан харвал нийт автомашины: 72.8 хувийг эзэлж байгаа суудлын тэрэгний 22.1 хувийг зүүн, 77.9 хувийг баруун, ачааны автомашины 85.9 хувийг зүүн, 14.1 хувийг баруун, автобусны 92.9 хувийг зүүн, 7.1 хувийг баруун гар талдаа хүрдтэй автомашин эзэлж байна.
Гурав. Нийт автомашины 2.7% нь АНУ, Их Британи, Герман, Итали автомашин
Монгол Улсад 26 улсын 317 маркийн автомашин 2018 оны үзлэгт хамрагдсан байна.
Нийт автомашины 64.4 хувь Япон улсад үйлдвэрлэгдсэн ба үүний дараагаар Солонгос улсад үйлдвэрлэгдсэн автомашин 23.9 хувийг эзэлж байна.
ОХУ болон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн автомашин 9.0 хувийг эзэлж байгаа бөгөөд ихэвчлэн хүнд даацын, их багтаамжийн ачааны автомашин байна.
Үлдсэн 2.7 хувьд АНУ, Их Британи, Герман, Итали зэрэг улсын автомашин багтаж байна.
Дөрөв. Нийт машины 77.4% нь 10-аас дээш жилийн насжилттай байна
Техникийн үзлэгт 2018 онд хамрагдсан автомашиныг ашигласан хугацаагаар нь авч үзвэл:
-
453.2 мянга нь 10-аас дээш,
-
120.5 мянга нь 4-9 жил,
-
11.7 мянга нь 3 жил хүртэл ашигласан автомашин байна.
График 2, Машины насжилт,
Тав. Үзлэгт хамрагдсан нийт автомашины 81% аминых
| 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | |
|---|---|---|---|---|---|
| Амины автомашин | 361,794 | 405,601 | 412,290 | 440,497 | 476,003 |
| Гадаад иргэний | - | 2,054 | 2,022 | 2,065 | 2,321 |
| Дипломат, ОУ-ын байгууллагын | 615 | 596 | 638 | 633 | 636 |
| Компани, хоршоо, нөхөрлөлийн | 62,204 | 60,848 | 70,498 | 78,367 | 87,463 |
| Төрийн болон орон нутгийн өмчийн | 8,235 | 8,480 | 8,793 | 8,735 | 8,855 |
| Төрийн бус байгууллагын | 4,829 | 4,470 | 4,911 | 6,102 | 10,085 |
| НИЙТ | 437,677 | 482,049 | 499,152 | 536,399 | 585,363 |
Өнгөрсөн жил үзлэгт хамрагдсан нийт автомашины:
- 81.3 хувийг иргэд,
- 14.9 хувийг компани болон нөхөрлөл, хоршоо,
- 1.5 хувийг төрийн болон орон нутгийн өмч,
- 1.7 хувийг төрийн бус байгууллага,
- 0.4 хувийг гадаадын иргэд,
- 0.1 хувийг дипломат болон олон улсын байгууллагууд тус тус эзэмшиж байна.
Зургаа. 2018 онд автомашины импорт оргилдоо хүрчээ
Гадаад худалдааны мэдээгээр улсын гаалиар 2018 онд нийт:
-
64,039 суудлын автомашин,
-
22,256 ачааны автомашин,
-
1,363 нийтийн тээврийн хэрэгсэл,
-
238 трактор болон өөрөө явагч механизм шинээр орж ирсэн байна.
Энэ нь өмнөх оноос нийтийн тээврийн хэрэгсэл 13.5 хувь, суудлын автомашин 31.0 хувь, ачааны автомашин 57.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Монгол Улс түүхэндээ 2018 онд хамгийн их буюу 64 мянган суудлын автомашин импортолсон бол 2011 онд 24.8 мянган ачааны автомашин импортолсон байна.
Статистик эх сурвалж: ҮСХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
