Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Финландын боловсролын систем амжилтад хүрсэн 10 шалтгаан

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олон улсын сурагчдын үнэлгээний шалгалт PISA-г гурван жил тутамд 15 настнуудаас авдаг.

Улс орнууд өөрсдийн ерөнхий боловсролын систем ямар түвшинд байгааг мэдэхийн тулд энэхүү шалгалтыг өгдөг аж.

Шалгалтын хамгийн сүүлийн тайлан буюу 2015 оны дүнгээс харахад Сингапур, Финланд, Хонг Конг, Солонгос зэрэг улс тэргүүлж байна. 

Эдгээр улс орны сурагчдын мэрийлт, ой тогтоолтын чадвар, шаргуу суралцах арга барилыг олон хүн мэднэ. Ийнхүү ихэнх цагаа суралцахад зарцуулсны үр дүнд дээрх улсын сурагчид PISA-гийн шалгалтын математик, шинжлэх ухаан аль алинд нь толгой цохиж буй.

Энэ хэв загварыг амрах цагаа багасгаж, шаргуу хөдөлмөрлөн илүү ихийг сурч мэдэх ёстой хэмээн тодорхойлж ч болох юм. Харин сайн суралцахын тулд заавал энэ дүрмийг мөрдөх ёстой биш аж.

 

Финландыг тухайлан авч үзье.

Энэ улс сургах арга барилдаа цөөн хэдэн өөрчлөлт хийсэн нь тэдний боловсролын системд хувьсгал болж, дэлхийн хэмжээнд хүрээд буй. Хэрхэн энэ хэмжээнд хүрсэн 10 шалтгааныг танилцуулж байна.

НЭГ. Стандартыг шалгадаггүй

Сурагчдын юу сурч мэдсэнийг тодорхойлох сонгомол арга нь урьдчилан бэлтгэсэн асуултад хариулуулах, тест бөглүүлэх хэмээн олон улсад үздэг. Тэгвэл Финландад энэ маягаар түвшин тогтоох шалгалт авдаггүй аж. Нийт суралцах хугацаанд ердөө нэг шалгалт бий нь ахлах сургууль төгсөхдөө өгдөг төгсөлтийн шалгалт.

Сурагчид өөрсдийн онцлогт тохирсон байдлаар анги болон хуваагдаж, багшийнхаа үнэлгээний системийн дагуу дэвшин суралцдаг.

Мэдээж хэрэг сургалтын эдгээр үйл явцыг Боловсролын яамнаас нь хянадаг.

ХОЁР. Багш бэлтгэхэд онцгой анхаардаг

Финландад багшийн мэргэжил хамгийн үнэ цэнтэй. 

Багш болохоор их сургуульд элсэх гэж буй элсэгчдийн өрсөлдөөн ихтэй. Үүний дээр багш мэргэжил олгодог сургууль нь Финландын хамгийн хатууд тооцогддог. Түүнчлэн багш мэргэжилтнүүд ажилд орохоосоо өмнө магистрын зэрэг хамгаалсан байх учиртай.

Өөрөөр хэлбэл, энэ улс багш бэлтгэх хөтөлбөртөө онцгой анхаарал тавьдаг.

ГУРАВ. Сурагчдыг өрсөлдүүлдэггүй

 

Ихэнх орон боловсролын системийг өрсөлдөөн гэж хардаг.

Харин Финландын боловсролын систем нь мерит зарчимд суурилдаггүй тул өндөр оноотой сурагч, шилдэг багшийн жагсаалт гаргадаггүй.

Учир нь энэ улсын боловсролын тогтолцоо нь сурагчдыг өөр хооронд нь өрсөлдүүлэх бус багаар ажиллуулахыг илүүд үздэг.

ДӨРӨВ. Үндсэн хэрэгцээг эн тэргүүнд тавив

 

Шинжлэх ухаан, математикийн шалгалтын өндөр оноог чухалчилснаар сурагчдын сэтгэл ханамж, хоорондоо эв найртай байх болон эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо судалж мэдэх зэргийг зарим улс гээгдүүлдэг.

Тэгвэл финландчууд мэдлэг боловсрол олгохын хамтаар сурагчдын үндсэн хэрэгцээнд анхаарч эхэлжээ. Тодруулбал, 1980-аад оноос хойш Финландын сургуулиуд доорх зүйлсэд төвлөрөх болов. Эдгээр нь

  • Боловсрол нь нийгэм дэх тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх хэрэгсэл,
  • Бүх сурагч сургуулийн үнэгүй хоол иднэ,
  • Эрүүл мэндийн үйлчилгээг ямар нэг хүндрэлгүй авна зэрэг юм.

ТАВ. Долоон настайдаа сургуульд элсдэг

Өсөж хөгжиж, тоглох насанд нь хүүхдийг албан боловсролоор шахах шаардлагагүй гэж финландчууд үздэг. Өөрөөр хэлбэл, энэ нь хүүхэд насандаа хүүхэд хэвээрээ байх боломж өгч буй хэрэг.

Тиймээс хүүхдүүд долоон настайгаа эхлэн суралцдаг. Сургуульд заавал суралцах хугацаа нь ердөө есөн жил. Есдүгээр ангиа төгсөхөд сурагчид 16 настай байх бөгөөд энэ үе нь сэтгэл судлалын талаас авч үзвэл сонголт хийхэд хамгийн тохиромжтой нас аж. Энэ үедээ сурагчид академик эсвэл мэргэжлийн боловсролын алийг эзэмшихээ шийддэг.

ЗУРГАА. Мэргэжил эзэмших тэгш боломж

Дээр дурдсанчлан сурагчид есдүгээр ангиа төгсөхдөө академик боловсрол эзэмших үү, мэргэжлийн боловсрол эзэмших үү гэдгээ өөрсдөө сонгоно. Аль, аль нь гурван жилийн хугацаанд сургах хөтөлбөртэй. Мөн алинд ч сурсан өсөн дэвжих боломж их бий.

Академик боловсролоор суралцахыг сонгосон сурагчид гурван жил ахлах сургуульд суралцан төгссөний дараагаар их сургуульд суралцах эсэхийг нь шийдэх төгсөлтийн шалгалтыг өгнө. Энэ нь манай улсын сурагчид өгдөг Элсэлтийн ерөнхий шалгалт гэж хэлж болох агаад ахлах сургуульд суралцах хугацаанд юу мэдэж авсанд суурилна.

Түүнчлэн мэргэжлийн боловсрол эзэмшихээр суралцсан хүүхдүүд ч мөн төгсөлтийн шалгалт өгч, их сургуульд элсэх боломжтой.

ДОЛОО. Хичээл 09:00-09:45 цагт эхэлнэ

Өглөөд эрт босож, сургуульдаа явах, хичээлийн дараа нэмэлт давтлага хичээлүүдэд суухад хүүхдүүд маш их цагийг зарцуулдаг. Зарим улсад хичээл өглөөд 06:00-08:00 цагт эхэлдэг бөгөөд энэ үед хүүхдүүд нойрмог, идэвх багатай байдаг аж. Судалгаагаар хэт эрт босох нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ.

Харин Финландын сургуулийн хичээл өглөө 09:00-09:45 цагт эхэлж, 14:00-14:45 цагт тардаг. Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа урт хэдий ч хичээл хоорондын завсарлага ч урт хугацаатай байна.

Сургалтын тогтолцоог бүхэлд нь авч үзвэл, сурагчдад зөвхөн хөтөлбөрийн дагуу хичээлээс гадна хүрээлэн буй орчноосоо суралцахыг дэмждэг ажээ.

НАЙМ. Багш нь сурагчдынхаа онцлогийг сайтар мэддэг

 

Финландын сургуулийн нэг ангид цөөн сурагч бий. Өөр нэгэн онцлог нь сурагчид нэг багшаараа дунджаар зургаан жил хичээл заалгадаг.

Энэ хугацаанд багш сурагчийн хооронд итгэлцэл, хүндлэл тогтож, багш нь сурагчийнхаа гэр бүлийн гишүүн, удирдан чиглүүлэгч /мэнтор/-ийн үүрэг гүйцэтгэнэ.

Түүнчлэн хүүхэд бүрийг танин мэдэх, хүлээн авах онцлог тус бүрийг сайтар мэддэг болсон байдаг.

ЕС. Завсарлагын хугацаа 15-20 минут үргэлжилнэ

Финландын сургуулиудад стрессийг багасгах, хэрэгцээгүй дэглэмийг халах, нэгэндээ санаа тавих хандлага зонхилдог. Сурагчид өдөрт зөвхөн хоёр хичээл үзнэ. 

Өдөрт хэд хэдэн удаа хооллож, 15-20 минутын хугацаанд дасгал хөдөлгөөн хийж, гадаа гарч, агаар амьсгалдаг.

Энэ хэв маяг нь сурагчдад төдийгүй багш нарт ч ээлтэй. Тус улсад байх бүх сургуульд багш нарын амрах өрөө бий бөгөөд завсарлагын хугацаанд багш нар амрах, дараагийн ажлаа төлөвлөх, ур чадвараа сайжруулахад анхаардаг.

АРАВ. Гэрийн даалгавар хийх хугацаа 30 минут

Финландын сурагчид гэрийн даалгавраа хийхэд хагас цагийг зарцуулдаг нь бусад орны сурагчидтай харьцуулбал хамгийн бага зарцуулдагт тооцогдоно. Мөн тэдэнд гэрийн багш байдаггүй.

Сурагчид хичээлээс гадуурх сургалт, хөтөлбөрт хамрагдалгүйгээр сурах ёстой бүхнээ сургууль дээрээ л мэдэж авдаг. Анги дэвших шалгалт, өндөр дүн зэрэгт санаа зоволгүйгээр тэд ирээдүйн хэн байх тухай зорилгодоо анхаарч, хүн болж төлөвшихөд суралцдаг.

 

Эх сурвалж: WEF