ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гэрэлтуяа: Ердийн эсвэл тусгай хэрэгцээт боловсролын сургуульд сурах эсэхээ хөгжлийн бэрхшээлтэй сурагч өөрөө шийднэ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дуу хөгжмийн хичээл дээр аутизмын эмгэгтэй хүүхэд орилж, бусдад саад болох үйлдэл хийв.

Хичээл дууссаны дараагаар ингэж чанга дуу чимээ гаргаж байгаа нь бусад хүүхдийн эрхийг хөндөж буй хэрэг биш үү гэж багшаас нь асуухад “Үгүй дээ, харин ч ийм хүүхэд байдаг гэдгийг багаасаа мэдэх нь тэдэнтэй харилцаж сурахад эергээр нөлөөлнө” гэж хариулжээ.

Энэ бол Япон улсын нэгэн сургуульд болсон тохиолдол юм.



“Дэлхий нийтийн чиг хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусдаас тусгаарлахгүй, хамт олонд түшиглэн хөгжүүлнэ” гэсэн үзэл баримтлал барьж байгаа хэмээн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын Тэгш хамруулан суралцуулах бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа хэлж байв. 

Манай улсын хэмжээнд өнгөрсөн оны сүүлийн статистик мэдээлэлд дурдсанаар 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 10,660 хүүхэд байна. 

2018-2019 оны хичээлийн жилд 1,087 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцсан бол ерөнхий боловсролын сургуульд 6,518 хүүхэд хамрагджээ.

Үүнээс:

  • Тусгай хэрэгцээт боловсролын сургуульд 1,740 хүүхэд
  • Ерөнхий боловсролын ердийн сургуульд 4,778  хүүхэд суралцав.  

2018 онд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамран суралцуулах журам” гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн сурагч ердийн сургуульд сурах уу, тусгай сургуульд сурах уу гэдгээ өөрөө сонгох боломжтой болж байгаа юм.

Хэрэгжиж эхлэх гэж буй энэхүү шинэ журмын талаар Б.Гэрэлтуяагаас тодрууллаа.

-2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг ердийн сургуульд суралцуулах журам гарсан. Үүнийг танилцуулна уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд суралцуулна гэдэг нь шинэ зүйл биш бөгөөд өмнө нь ерөнхий боловсролын сургуульд ч сургадаг байсан. Өнгөрсөн хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 4,778 сурагч ердийн сургуульд суралцсан.

Харин "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам" гарснаар багш, сурагч, гэр бүл, сургууль нь ямар оролцоотой байх, хэрхэн ажиллахыг нь зааварчилсан заалтууд байгаагаараа онцлогтой. Тухайлбал, журамд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний тухай оруулсан. Энэ нь сурагчийн байдлаас хамаарч багш, эцэг, эхчүүд харилцан ярилцаж сургалтын төлөвлөгөөг зохионо гэсэн үг.

Мөн ганцаарчилсан төлөвлөгөөгөөр сурсан хүүхдийг үнэлэх журам ямар байхыг тодорхойлохын тулд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн үнэлгээний журам”-д хоёр заалтыг шинээр орууллаа. Тодруулбал, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр суралцсан бол ахицын үнэлгээгээр үнэлнэ.

Түүнчлэн сурагчийг бүтэн цагаар буюу 5-6 цагийн хугацаанд суралцахыг тулгахгүй бөгөөд ангийнхнаасаа бага цагаар хичээллэж болох юм.

-Ахицын үнэлгээг тодруулбал? 

-Түрүүн хэлсэнчлэн хүүхдийн ялгаатай байдлаас хамааран талууд сургалтын төлөвлөгөөгөө зохиохдоо тухайн улирал ямар хичээл дээр юу юу мэдсэн байвал зохих талаар төлөвлөх юм. Үүнийхээ дагуу л шалгана. 

Үүний зэрэгцээ “Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийг аймаг, дүүргүүдэд зохион байгуулна. “Дэмжих зөвлөл” нь тохируулгат сургалтын орчинг бий болгож, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн эргэх холбоог сайжруулж ажиллах зорилготой.

-Сургалтын орчин болон багшлах боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж байгаа вэ. Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүүхэд суралцахад брайль үсэгтэй сурах бичиг хэрэгтэй болох гэх мэтээр сургалтын бааз бүрдүүлэх хэрэгтэй болно байх?

-Багшлах боловсон хүчний тухайд онцгойлон анхаарч байгаа.

МУБИС-д 2018 онд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулагдсан. Одоогоор 100 гаруй хүн бакалавраар сурч байна. Мөн түүнээс өмнө нь нэг жилийн ангиар хөрвөх сургалтаар 100 гаруй багш бэлтгэсэн. 

Багш нараа чадавхжуулах талаар идэвхтэй ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.

Харин сургалтын бааз бүрдүүлэлтийн тухайд журам дөнгөж энэ жилээс  хэрэгжиж эхлэх тул хийх ажил их бий.

Тухайлбал, энэ хичээлийн жилд харааны бэрхшээлтэй хоёр сурагчийг ердийн сургуульд суралцуулахаар болсон. Үүнд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа. Тэгэхээр “Тэгш хамран сургах” журам хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, цаашид улам боловсронгуй болгон хөгжүүлнэ.

Түүнчлэн сургуульд хамрагдаагүй хүүхдүүд бий. Тэдгээр хүүхдийг Насан туршийн боловсролын төвд суралцуулж байна. Бидний нэг зорилго бол сургуулиас гадуур байгаа хүүхдүүдийг тэгш хамруулан сургах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа сургууль, хамт олны дунд тэдэнд туслах, хамтран хөгжих, бие биенээсээ суралцах төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулна. Ингэснээр хүүхдүүдэд эерэг хандлага төлөвшинө. 

-Ерөнхий боловсролын сургуулийн нэг анги олон хүүхэдтэй хичээллэж, тэр хэрээр багш нарын ажлын ачаалал их байна. Үүн дээр ганцаарчилсан сургалт олгоод эхлэхээр ачаалал бүр нэмэгдэх биш үү. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Багш нарын их хурлын үеэр энэ асуудал хөндөгдсөн. Засгийн газрын 2019 оны 145 дугаар тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид урамшуулал олгох тухай асуудлыг дэмжсэн тул бид ойрын хугацаанд үндсэн цалингийн хэдэн хувь байх тухай санал хүргүүлэхээр бэлдэж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Гэр бүл [66.181.191.76] 2019/9/4
Зөв шийдвэр. Багш гэдэг хүн шууд л эсэргүүцэж. Манай багш нар, хүүхдүүдийн ар гэр ийм л хүнлэнгүй биш сэтгэхүйтэй байгаа нь харамсалтай. Тэр тусмаа энэ багш бол мөнгө зоос л ярьж байна. Уаад хүүхдийг огтхон ч бодоогүй байна. Тэхээр сул дорой чадваргүй, ухамсрын болон ёс суртахууны доголдолтой, мөнгө, өнгө хөөсөн багш нарыг боловсролын систэмээс гарга. Сайн цөөн чадварлаг багш нарт өндөр цалин хангамж өгөөд ажиллуулаад үр дүнг нь хар. Мөн бага ангийн багш, цэцэрлэгийн багшид цалинг маш сайн, өндөр өгөх хэрэгтэй. Тэд учир мэдэхгүй нялх балчир үрсэд минь анхны анхны гэх бүх ухагдахууныг өгч, хорвоотой, амьдралтай, өөртэй нь танилцуулж байна. Нялх балчир одоо бүр 6 настнуудтай ажиллана гэдэг мааш хүнд
0 | 0 Хариулах
Багш [64.119.23.16] 2019/9/4
Энэ бүтэхгүй,тусгай сургуулийн багш нар 30 хувийн нэмэгдэл авч байхад... Эхлээд энэ асуудлаа бусад багш нарт адил тэгш болгоодь дараа нь багш нараа бэлдэж, багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг сургаж, тэд хүүхдүүдээ ялгаварлан гадуурхахгүй байж сурмаар...
0 | 0 Хариулах
ХБХ ээж [202.9.43.183] 2019/8/17
Тэгэж хүүхдээ амьдаар нь доромжлуулмааргүй бна. Тэгснээс сургуулиудад хбх.тэй таарвал ингэж туслаарай гэдэг зүйлийг зааж өгөх хэрэгтэй. Тусгай сургуулийн сургалтанд хяналт тавих худлаа аргацааж ажил хийдэг багш нар зөндөө байна.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.2] 2019/8/13
Хараагүй хүүхдийн ангид телевиз байх ёстой гэжээ, тэгээд сонсголгүй хүүхдийн ангид зурагт үзэж болохгүй гэж энэ арай инээдтэй хувиарлалт биш үү сонсголгүй байх тусмаа нүдээрээ харж юмыг хүлээж авна арай л хүний эрхийг зөрчсөн шийдвэр байна эргэж хараарай сайдаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.22] 2019/8/9
Хийж л байсан ажил шүү дээ. Нэр өөрчлөөд л шинэ юм эхлүүлсэн мэт ярих юм. Ердийн сургуульд сургана гээд л авч яваад бөөн хямрал болгоод яах вэ гээд ирдэг үзэгдэл 30 жил үргэлжилж байна.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.235] 2019/8/8
Одоо л зөв болж эхэлж байна даа. Бравоо
1 | 0 Хариулах