Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярхүү: Монгол Улс дэлхийн глобал гүрэн АНУ-тай стратегийн түншлэлд асар богино хугацаанд хүрчихлээ

О.Ариунцэцэг, Өдрийн сонин
2019 оны 8 сарын 6
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүүтэй Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.

-АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жил болж байна. Хоёр орны харилцааны талаар та юу хэлэх вэ?

-Энэ 32 жилийн харилцааны түүх сөхөж хариулах шаардлагагүй. Барагдахгүй том сэдэв байна.

Ганц өгүүлбэрээр “Энэ харилцаа прогрессоор хөгжин дэвжиж ирсэн” гэж л хэлэх байна. Харилцааны түвшин тасралтгүй ахисаар дээд цэгтээ хүрсэн. Үүнээс цааш бид л хоёр талаасаа чармайн ажиллаж харилцааныхаа хүрсэн түвшинг бэхжүүлэх ёстой.

-Айлчлалын үр дүнтэй холбоотойгоор асуухад стратегийн түншлэл гэдэг нь манай улсын хувьд хэзээ, хэрхэн өрнөсөн асуудал юм бэ?

-Энэ бол “Хүйтэн дайн”-аас хойших олон улсын харилцаанд түгээмэлжсэн үзэгдэл. Ялангуяа олон улсын харилцааны том тоглогч их гүрнүүд ийм түншлэл байгуулдаг.

Манай улсын хувьд 20 гаруй жилийн түүхэнд хамаарах асуудал юм. Анх Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал баталж байхдаа “стратегийн түнш”, “гурав дахь хөрш”-ийн талаар тодорхой заалт, тодруулга, томьёолол тусгаагүй юм билээ.

1996 онд Ардчилсан хүчний Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө анхлан “АНУ-тай тогтоосон хамтын ажиллагааг манай гадаад бодлогын гол түшиг тулгуур гэж үзэж, энэ хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхийг зорино”, “Японтой тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхийг зорино” гэсэн заалт тусгаснаас үүдээд стратегийн түнш, гуравдагч хөрш гэсэн ойлголт манай гадаад харилцаанд төлөвшин буй болсон.

2000 онд тэрхүү Засгийн газрын гадаад бодлогын хэрэгжилтийг дүгнэж үзэхэд АНУ-ыг “гуравдагч хөршөө” хэмээн үзэж, түүн рүү бодлогоо түлхүү чиглүүлсэн, Японтой иж бүрэн түншлэлийн харилцааны үндсийг тавьж бэхжүүлж чадсан үр дүн харагддаг.

-Тэр үеийн Засгийн газрын үеэс л хэрэгжиж эхэлсэн байх нь?

-Тийм гэх үү дээ. 2000 онд байгуулагдсан шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлберт дээрх заалтын агуулга, ач холбогдлыг өөрчлөхгүйгээр “Монгол Улсын ардчилал, зах зээлийн тогтолцоог бэхжүүлэх, гадаад харилцааг өргөтгөхөд АНУ-тай тогтоосон харилцаа чухал ач холбогдолтой гэж үзэж, харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чиглэлээр ажиллана”, “Японтой тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид бататган өргөтгөн хөгжүүлнэ” гэж оруулсан байдаг.

Тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр 2001 оны намар АНУ-д айлчилснаас хойш АНУ руу хандах хандлага хоёр хөрштэй тогтоосон харилцааны ач холбогдлоос давах тийшээ хандаж, энэ чиглэлээр сурталчилгаа өргөн хийгдсэн. Манай улс АНУ, Япон улсыг стратегийн гол түншээ хэмээн үзэж, хоёр талын харилцааны бодлогоо түүн дээр томьёолж байгаа нь тэр үеэс тодорхой харагдсан.

Нөгөө хоёр улсын зүгээс ч тэгж дүгнэх нөхцөл нэгэнтээ бүрдсэн. Их Монгол Улс байгуулагдсан ойн жил манай улс гадаад харилцааны арвин ургац хураасан. 2006 оноор жишээлэхэд манай улс 10 хүрэхгүй жилд юуны өмнө хоёр их хөрштэйгөө тэнцвэртэй, идэвхтэй хамтын ажиллагаа явуулахыг чухалчилж, тэр зорилгоо бүрэн ханган биелүүлсэн байсан.

Монгол Улсаас хөрш хоёр гүрэнтэй харилцах харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, ОХУ-тай сайн хөршийн уламжлалт түншлэлийн харилцаа, БНХАУ-тай сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг төлөвшүүлсэн.

ОХУ-тай “Их өр”-ийн дансыг дугуйлсан түүхэн үе байлаа. Монгол Улсын гадаад бодлогын нэн чухал тулгуур болох өрнө, дорнын тэргүүлэх чиглэлийн улсуудтай найрсаг харилцаа хөгжүүлж, тэдгээрийн эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг Монголд бий болгох зорилт үе шаттай, амжилттай хэрэгжиж эхэлсэн.

АНУ-тай стратегийн түншлэл тогтоох, Японтой XXI зууны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг урагшлуулах чиглэлээр ажиллаж, БНСУ-тай ”Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, Канадтай “Өргөн хүрээтэй түншлэл” тогтоож, Монгол-Энэтхэгийн харилцааг олон зууны соёлын уламжлалт түүхэн харилцаа бүхий “Оюун санааны хөршүүд” хэмээн хоёр талдаа үздэг, Европын Холбоотой Түншлэлийн гэрээ байгуулах, Турк улстай “Иж бүрэн түншлэл” хөгжүүлэх нөхцөлөө бүрдүүлчихсэн байсан гээд бяцхан түүх сөхөж болно.

-Ямар шалгуураар түншлэлээ үнэлдэг, тодорхойлдог юм бэ? 

-Хоёр талын өндөр дээд хэмжээний удаа дараагийн айлчлалууд, айлчлалын давтамжийн ойртолт, айлчлалаар ярилцаж шийдсэн асуудал, манай улсад үзүүлсэн, үзүүлдэг улс төр-эдийн засаг, санхүү, хүмүүнлэг, бусад хэлбэрийн тусламжууд, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал нэгдэж ирсэн зэрэг олон үзүүлэлтээр АНУ, Японыг стратегийн түнш гэж нотолж болохоор байсан л даа.

Стратегийн түншлэл гэж тэр үедээ нэрлээгүй ч хэрэг дээрээ стратегийн гэхээр үйл явдлууд өрнөсөн. Манай улс Ирак, Афганистанд НҮБ-ын мандатгүй, тэгсэн хэр нь АНУ, НАТО-гийн командлалын хүрээнд цэргээ илгээсэн.

АНУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод манай бүс нутаг тэргүүлэх чиглэлд нь тооцогдож, дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага, олон улсын харилцааны өрнөлтийг дагалдан АНУ нь Ази-Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгч байгаагийн хүрээнд Монгол руу хандах АНУ-ын бодлого томьёологдож эхэлсэн. Гэхдээ бүр эрчтэйгээр.

Монгол Улс АСЕАН-ы бүсийн форумд элссэн нь уг эвслийн бүх орны гэхээсээ АНУ-ын сонирхол байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Тэр үеэс л Монгол бол Азийн бүс нутагт ардчиллаараа хошуучилж яваа, ардчилал зах зээлийн харилцаа руу шилжих шилжилтийг нэгэн зэрэг хослуулан, тогтвортой хэрэгжүүлж байгаа цөөхөн орны нэг хэмээн АНУ, Япон, Өрнөд Европт ихээхэн үнэлдэг болсон. Энэхүү үнэлгээн дээр нөхцөлдсөн тодорхой эрх ашиг байсан учраас тэдгээр орон манай ардчилал шинэчлэлийн үйл явцыг анхнаас нь дэмжиж тусалсан.

-Стратегийн түншлэлийг яаж, ямар учраас байгуулдаг талаар тодруулаач?

-Бусад улс орнуудын хоёр талын харилцааны практикаас үзэхэд стратегийн түншлэлийг албан ёсны эрх зүйн баримт бичигт дурдсан байдаг ч яг тэр утгаар нь шууд нэрлэсэн тохиолдол тэр бүр байхгүй. Бусад улс орнуудын өөр хоорондын харилцааны практикаас үзэхэд, харилцааныхаа өнгө аяс, цар хүрээ, төлөв байдлыг стратегийн түншлэл гэж нэрлэсэн нь ч бий.

Хоёр хөршөөр жишээлье. ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаанд 1994 оноос конструктивное партнерство гэсэн нэр томьёо анх гарч ирсэн. 1997 онд Москвад “Олон туйлт дэлхий, дэлхийн шинэ дэг журам төлөвшүүлэх тухай Орос-Хятадын хамтарсан тунхаглал” гэдгийг байгуулахдаа “XXI зууны стратегийн харилцан ажиллагаа” гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн.

Түүнээс хойш стратегийн түншлэл гэж олон улсын хэмжээнд нэрлэгдэж яваа ч энэ талаар ямар нэгэн тусгай баримт бичиг гаргаагүй.

1992-2000 онд Орос-Хятадын хооронд байгуулсан удаа дараагийн тунхаглал, мэдэгдэл, хамтарсан албан мэдээнүүдийн үзэл санааг нэгтгэн 2001 онд Москва хотноо Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан.

Гэрээний нэгдүгээр зүйлд ерөнхий утгаар “хоёр тал сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа, эрх тэгш итгэлцсэн түншлэл, стратегийн харилцан ажиллагаа хөгжүүлнэ” гэж заажээ. Энэ заалтыг Орос-Хятадын Төрийн тэргүүнүүдийн Москвагийн хамтарсан мэдэгдэлд “харилцааны түүхэн сонголт" гэж нэрлээд, олон улсын шинэ шударга, зөв дэг журам тогтооход гол ач холбогдолтой гэж үзжээ.

ОХУ, БНХАУ-ын удаа дараагийн хамтарсан тунхаглалд “Хоёр орон найрсаг харилцааны болон стратегийн түншлэлийн харилцааны түүхэн үе шатуудыг туулж, түншлэл, стратегийн харилцан ажиллагааны үе шатанд дэвшин орлоо” хэмээн тунхаглажээ.

БНХАУ нь түншлэлийн харилцааг 20 орчим улс оронтой тогтоосон. Тодотгол нэр нь харилцааны онцлогийг тусгасан, өөр хоорондоо ялгаатай. ОХУ-тай стратегийн түншлэлийн, Японтой энх тайван, хөгжлийн төлөө хамтын ажиллагааны түншлэлийн, Энэтхэгтэй бүтээлч хамтын ажиллагааны түншлэлийн, Францтай XXI зуунд чиглэсэн урт хугацааны бүрэн түншлэлийн, Европын холбоотой урт хугацааны тогтвортой түншлэлийн, Бразилтай урт хугацааны, тогтвортой түншлэлийн, АСЕАН-тай сайн хөршийн харилцан итгэх түншлэлийн харилцаа, Монголтой стратегийн иж бүрэн түншлэл тогтоон хөгжүүлсэн гэхчлэн жишээлж болно.

-Стратегийн түншлэлтэй орон бусад эвсэл, холбоо, хамтын байгууллагат нэгдэхдээ юу анхаарах ёстой юм. Түншлэлтэй орныхоо эрх ашгийг хөндсөн эвсэл, холбоонд нэгдэж болдог юм уу?

-Стратегийн түншлэл гэдэг нь дотроо бас дэстэй. Жишээ нь Монгол, Хятад хоёр стратегийн иж бүрэн түншлэлтэй, ОХУ-тай мөн ийм түншлэлд хүрнэ гэдгийг бид бас анхаарах ёстой.

Стратегийн түншлэл гэдэг нь харилцаа, хамтын ажиллагааны дээд шат. Түүнээс дээшээ ахина гэвэл холбоотны түвшинд хүрэх л үлдээд байна.

Манай улсын ардчиллын жилүүдэд сонгож авсан гадаад бодлогын гол онцлог бол эвсэл, холбоонд нэгдэхгүй байх явдал. Тийм ч учраас манай улс стратегийн түншлэлээс цаашаа дараагийн түвшин рүү ахихыг эрмэлзэхгүй л болов уу. Т ийм цаг үе ч тулгарахгүй болов уу. Тэр утгаар манай улс нь түншлэлтэй орныхоо эрх ашгийг хөндөх алхам хийхгүй биз ээ.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэгт ч юм уу элсэх боломж нь хязгаарлагдах уу. Хийж болохгүй зүйлүүд нь юу байна вэ?

-АНУ-тай стратегийн түншлэлтэй болж байгаа, ШХАБ-д Монгол Улс ажиглагч байгаа хоёрыг эсрэгцүүлж тавихгүй байх нь чухал юм. ШХАБ-д жинхлэх, жинхлэхгүй н ь Монгол-Америкийн стратегийн түншлэлээс ч хамаарах юм биш.

Тиймдээ ч манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Вашингтоноос шууд Бангкок руу нисэж АСЕАН-ы бүсийн форумын Сайд нарын хуралд оролцсон. Хуралд оролцохдоо хамгийн түрүүн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Г адаад хэргийн дэд сайд И.В.Моргулов нартай уулзаж Вашингтонд гаргасан тунхаглалаа тайлбарласан.

Үүний сацуу түншлэлийн харилцаа бүхий Япон, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзсан нь харилцан итгэсэн сайн хөршийн найрсаг харилцаандаа манай улс үнэнч байна, түншлэлийн харилцаат бүх улстай найрсгаар ажил хэрэгчээр хамтран ажиллах болно гэдгийн дипломат илэрхийлэл болсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хоёр хөрш, АНУ, Япон, Энэтхэг бүгдтэй нь улс төрийн итгэлцсэн харилцаанаас гадна эдийн засаг-бизнес, эрх зүй, батлан хамгаалах, эрүүлийг хамгаалах, байгаль орчин, соёл боловсрол зэрэг бүх салбарт иж бүрэн хамтран ажиллах, хамтын ажиллагааны бүх салбарт бүрэн итгэлцсэн байх, хамтын ажиллагааны бүх салбарыг институцчилэхийн төлөө явж байна гэдгээ нотолсон юм биш үү. Нэг үгээр манай гадаад бодлогод тэнцвэрийг хангасан, балансалсан алхам хэрэгжиж байна гэдгийн нотолгоо.

-Стратегийн түншлэлийн хүрээнд ямар эрх ашиг бий болох вэ?

-Дөнгөж сая Вашингтонд байгуулсан стратегийн түншлэлийн эхний үг өгүүлбэрийг сөхөөд үзье л дээ. “Стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж” гээд эхэлж байгаа юм.

Монгол-АНУ, Монгол-Японы хооронд түншлэлийн харилцаагаа улс төрийн баримт бичгүүдэд томьёолсон.

Улс төрийн зөвлөлдөх байнгын механизм бий болгож хэвшүүлсэн, цэргийн салбарт хамтран ажилладаг, улс төр-аюулгүй байдал, эдийн засаг-бизнес, соёл-боловсрол, эрүүлийг хамгаалах, цэргийн зэрэг бүх салбарт бид энэ хамтын ажиллагааны үр шимийг үзэж, хүртэж байдаг гэдгээр нэг ёсны шалгуур тавьж байгаа.

Ийм хамтын ажиллагаа өрнүүлсэн нөхцөлд харилцаа хамтын ажиллагааны өрнөлт, цаашдын төлөвийг эрх зүйн хувьд шинэчлэн тодорхойлж баталгаажуулсан улс төрийн шинэ баримт бичиг байгуулдаг нь энэ тунхаглал шүү дээ. 

-Зарим хүмүүс Монголтой стратегийн түншлэл тогтоох нь АНУ-д ямар ч ашиггүй гэж байна. Ямар ч ашиггүй байсан бол ингэж түншлэл байгуулах уу. АНУ-д яг ямар ашигтай байна вэ?

-АНУ ашиг харж ийм түншлэл байгуулахгүй. Манай хоёр улсын нийтлэг ашиг сонирхол гээд “стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмууд” гээд тов тодорхой заагаад өгчихлөө шүү дээ. 

-Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд АНУ-д айлчилсан. Энэ үеэрээ талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай албан мэдээ гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцсон. Харин Ерөнхийлөгчийн айлчлалын дүнд АНУ-тай стратегийн түншлэлтэй орон боллоо. Үндсэндээ жил хүрэхгүй хугацааны дотор Монгол, АНУ-ын харилцаа хоёр шат ахилаа. Үүнээс үзэхэд АНУ-д Монгол хэрэгтэй улс гэдгийг илтгэж буй хэрэг биш үү. Энэ тухай та юу гэж дүгнэх вэ? 

-Харин тийм. Монгол АНУ-д хэрэгтэй болоод л түвшинг нь ахиулж байгаа юм биш үү.

-Стратегийн түншлэлтэй болсноороо Монгол Улсад яг ямар ашигтай вэ. Эдийн засаг, геополиткийн үр ашиг нь юу вэ?

-Залхуурал, ядуурлынхаа өнцгөөс манайхны асуудаг ярьдаг сэдэв л байна.

Одоо нэгэнтээ АНУ-тай ийм өндөр түвшинд хүрчихсэн юм чинь тэдэн тэрбум ам.доллар, бэлэг, бэлгийн хороолол, мөнгөн тусламж ороод ирнэ гээд манай зарим иргэд горьдоод суучихыг бол үгүйсгэхгүй ээ. Манайхны ийм хүсэл дээр тоглодог дотоодын популизм ч бий.

Стратегийн түншлэл гэдэг бол мөнгөн дүнгээр үнэлэгдэх бодит үйл биш юм. Итгэлцлийн түвшин, хамтын ажиллагаа хөгжүүлэх бат бэх хөрс суурь, сэтгэхүй түүнийг нь улс төрийн талаас төлөвшүүлж буй болгож байгаа хэлбэр юм.

Түүнээс бус эдийн засгийн үр ашиг шууд нэхэх нь утгагүй, гэнэн болчимгүй хэрэг. Ерөнхийлөгчийн явуулж буй бодлогыг ЕТГ-ын дарга З.Энхболд маш оновчтой томьёолсон байна билээ.

“Ерөнхийлөгч Х.Баттулгаас өмнөх бүх Ерөнхийлөгч нар уул уурхай ярьдаг байсан. Яагаад уул уурхайн оронд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулах тухай яриад байна гэхээр манай улсын эдийн засгийг олон төрөлтэй болгохгүй бол уул уурхай хангалттай ажлын байр үүсгэхгүй байна. Тиймээс бүх уулзалтын номер нэг сэдэв нь Монголын гуравдагч хөршийн худалдааны тухай буюу татварын асуудал байгаа юм.

Мал аж ахуйгаар амьдардаг 200 мянган өрх, бүтээгдэхүүн болгож хувиргах олон мянган ажлын байрны тухай яригдаж байгаа учраас хамгийн чухал сэдэв болоод байна” гэсэн байсан.

-Ерөнхийлөгчийн айлчлалыг төсөөллөөс давсан үр дүнтэй боллоо гэж нийтдээ үзэж байна. Та олон улс судлаачийн хувьд юу гэж бодож байна вэ. Мөн олон улсад юу гэж ярьж, дүгнэж байгаа бол? 

-Ерөнхийлөгч Х.Баттулга цагийг мэдэрдэг маш сайн дипломатч, улстөрч гэдгээ харуулсан болов уу. Хоёр хөрш рүүгээ түлхүү ажиллаж байснаа гуравдагч хөрш рүүгээ ийм том “харайлт” хийнэ гэж гадаадад байтугай дотооддоо ч төсөөлөөгүй байсан байх.

Хоёр хөрштэй нь уячихъя, тэр эргүүлгээс холдуулахгүй байя гэсэн хүсэл гадаад, дотоодод мэр сэр байсныг үгүйсгэхгүй.

Дэлхийн энтэй зэрэгцэн ажиллаж чадаж байна. Монголын дипломат алба ингэж ажиллаж чадлаа. Азийн цээжин дэх энэ жижиг буурай Монгол Улс дэлхийн глобал гүрэнтэй хамтран ажиллаад тэр нь бүр стратегийн түншлэлийн түвшинд асар богино хугацаанд хүрчихлээ гэдгийг харуулж чадсанд айлчлалын гол ач холбогдол оршино.

Зураг