Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Ноолуурын салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятад, Монголын хамтарсан томоохон үйлдвэр барих талаар тусгана”

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс болон БНХАУ дэлхийн ноолуурын түүхий эдийн зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг. Ноолуурын нөөц болон түүхий эд бэлтгэлийн салбарт манай улс БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг. Гэвч эргэлтийн хөрөнгө дутагдалтай болон бусад бэрхшээлээс үүдэн нийт ноолуурынхаа 70 орчим хувийг угаагаад л Хятад улсад түүхий эд болгон нийлүүлсээр иржээ. Хэрэв урд хөрштэйгөө хамтарч чадвал нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн илүү их үйлдвэрлэж, энэ салбарыг өргөжүүлэх боломж байгаа талаар Хятадын Хүнс, байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхим болон манай ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбооноос өнөөдөр зохион байгуулсан “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” форумаар ярилцлаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хувьд жилд 9,600 тонн ноолуурын нөөцтэй гэдгээрээ Хятадын дараа бичигдэж буй ч бусад үзүүлэлтүүд хангалтгүй хэвээр байгааг салбарынхан хэлдэг. 

2018 оны зарим тоон үзүүлэлтээс дурдвал:

  • Манай ноолуурын 16-17 хувь нь эцсийн бүтээгдэхүүн болж байна. 10 гаруй хувийг самнасан байдлаар Итали, Англи, Япон руу гаргадаг бол үлдсэн 70 орчим хувийг угаасан хэлбэрээр БНХАУ руу экспортолж байна. 
  • Экспортын хэмжээ 2018 оны байдлаар 970 тэрбум төгрөг байгаа бол дотоод худалдаа 200 тэрбум буюу нийт 1.2 их наяд төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн борлуулжээ. 
  • Түүхий эдийн нөөц 9,600 тонн гэдэг. Харин суурилагдсан буюу угаах хүчин чадал нь үүнээс 1.9 дахин их. Самнах хүчин чадал 50%, ээрэх хүчин чадал 35%-тай байна. 
  • Өнгөрсөн онд 1.6 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.2 сая ширхгийг нь гадаадын улс орнууд руу гаргажээ. Харин 630 тонн самнасан ноолуур экспортолсон байна.
  • 2018 оны байдлаар ноолууран бүтээгдэхүүний зах зээл 3.2 тэрбум доллараар хэмжигдсэн бол 2025 он гэхэд жилд 4.2 тэрбум ам.долларын ноолууран бүтээгдэхүүн борлуулах зах зээл байна гэсэн судалгааг Ноос ноолуурын холбоо танилцуулав.

​Тийм ч учраас манай улс “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийнхээ 60-70 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгох амбийцтай. Үүнд хөрөнгө оруулалт, технологи, чадварлаг боловсон хүчнээс эхлээд хууль эрх зүйн таатай орчин шаардлагатай аж. 

Харин БНХАУ-ын Хүнс, байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхимтай хамтран дөрөв дэх жилдээ хийж буй энэ удаагийн уулзалтаар тус улс гурван зүйл дээр дэмжиж ажиллах боломжтойгоо илэрхийлж байна.

Ингээд оролцогчдын байр суурийг хүргэе.

“Хятадын зах зээлд Монголын эцсийн бүтээгдэхүүнийг борлуулахад нэмэр болохыг зорьж байна”

 
Гэрэл зургийг MPA.mn

БНХАУ-ын Хүнс, байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхимын дарга Тиан Хон:

Дэлхийн ноос ноолуурын 95 хувийг хангаж, нөөцийг агуулж буйн хувьд манай хоёр улс цаашид тулгарах бэрхшээл, асуудлаа хамтдаа шийдэх хэрэгтэй. Хөгжлийн түүхийн хувьд ч тэр, Хятад, Монголын ноолуурын түүхий эдийн хувьд өөр өөр онцлогтой ч сул талаа нөхөж, давуу талуудаа харилцан суралцах боломж бүрэн байна. Тиймээс бид дараах гурван чиглэлээр дэмжин ажиллах саналтай байна. 

  1. Түүхий эдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
  2. Анхан, дунд шатны боловсруулах техник дээр санаагаа солилцож, шинэчлэл хийхэд, үйлдвэрлэлийг шат ахиулахад дэмжих
  3. Эцсийн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, экспорт, импортын талаар анализ хийж, зах зээлийг урьдчилан таних чиглэлээр хамтран ажиллах. 

Хятадын зах зээлд Монголын эцсийн бүтээгдэхүүнийг борлуулахад нэмэр болохыг зорьж байна. Дэлхийн ноос, ноолуур бэлтгэлийн 95 хувийг эзэлж байгаагийн хувьд бид энэ боломжоо ашиглаж дэлхийн зах зээлд хамтын хүчээр гарах нь зөв. 

“Угаасан ноолуур авдгаа зогсоож, манайхаас самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүн авах ажил руугаа оръё”

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу:

Дэлхийн зах зээлд боловсрогдож байгаа ноолуурын 50 шахам хувийг Монгол Улс бэлтгэн нийлүүлж байгаа. Гэвч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр чамлалтай байна. Тиймээс энэ форумаас бид зөвлөмж гаргана. Үүнд томоохон хүчин чадалтай, ноолуурын салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятад, Монголын хамтарсан үйлдвэр барих талаар тусгана. Тэгж байж бид төрийн бодлогоо хэрэгжүүлж, өртөг, зардлаа багасгах юм. Үүнийг Хятадын оролцогчид хэрхэн дүгнэхийг мэдэхгүй. 

Хятадын талд бидний тавьж буй гол санал нь угаасан ноолуур авдгаа зогсоож, манайхаас самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүн авах ажил руугаа оръё гэж. Ерөнхийдөө экспорт, импортын нэн таатай нөхцөлийг хоёр тал хамтран бий болгох зорилт тавьсан зөвлөмжийг бид тусгаж буй. Учир нь Хятадын бэлэн бүтээгдэхүүний импортын татвар өндөр байдаг нь бидэнд тээг болдог. Тиймээс бидэнд хамгийн ойр, дэлхийн хамгийн том зах зээлд гарах ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ л том үр дүн болно. 

Төр засгийн дэмжлэгийн тухайд 2018 он хүртэл боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас чөлөөлдөг байсан нь зогссон тул бид Засгийн газарт хүсэлт гаргах гэж байна. Боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж нь төрийн оролцоо болон татварын хөнгөлөлт гэдгийг Финландын жишээ ч харуулдаг. 

"Малын ам руу орж байгаа өвс хүртэл малаас авч байгаа бүтээгдэхүүнд шууд холбоотой"

 
Гэрэл зургийг MPA.mn

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан:

Монгол орны бэлчээрийн доройтол, цөлжилт нь манай улсын ноолуурын салбарын нэр хүндийг олон улсад бууруулах нэг үзүүлэлт болж буй. Тиймээс ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг байгальд ээлтэй, экологийн мэдрэмжтэй байлгах үүднээс бид бэлчээрийн талхагдалтын төлөв байдлын зургийг гаргаж, 12 жилийн судалгаа хийсэн. ХААИС, МУИС-ийн эрдэмтэд, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн болон бидний хамтарсан олон жилийн судалгааны үр дүнд манай орны нийт газар нутгийн 70 орчим хувийг эзэлдэг бэлчээр доройтсон ч түүний 90 хувь нь үрийн банкаа авч үлдсэн, байгалийнхаа аясаар нөхөн сэргээгдэх чадавхтай болохыг нь тогтоосон. Энэ бол малчдын маань нүүдэллэж, газар сэлгэж байсны ач. 

Түүнчлэн судалгааны зургийг ашиглан бэлчээрээ зөв ашигладаг, хариуцлагатай малчдыг үнийн бодлогоор дэмжих боломжтой болсон. Малын эрүүл мэнд, үржлийн асуудал мөн чухал байна. Цаашдаа Монголын ноолуурын салбарыг тогтвортой байлгахын тулд бэлчээрийн тогтвортой байдал чухал. Тэр дундаа малын ам руу орж байгаа өвс хүртэл малаас авч байгаа ноос ноолуур, бүтээгдэхүүнд шууд холбоотой. Хэрэв эдгээрийг шийдчихвэл Монголын малын гаралтай бүтээгдэхүүнүүдийн үнэ цэнэ өснө. Байгальд ээлтэй, дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн бүтээсэн түүхий эд гэдэг үнэт зүйлийг дэлхийн хэрэглэгчдэд ойлгуулж чадвал зах зээлээ тэлэх бүрэн боломжтой. 

Харин манай бэлчээр, орчин доройтвол урд хөршид маань ч хамаатай. Тиймээс хамтарч ажиллах, байгалийн нөөцийн менежмент, тогтовортой бэлтгэн нийлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох зэрэг нийтлэг эрх ашиг дээрээ хамтарч ажиллах нь энэ хурлын ач холбогдол. 

Фото: