Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны үед Японы арми химийн зэвсэг ашиглаж байсан тухай анхны баримт олджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хааны арми Хятадын газар нутагт химийн зэвсэг хэрэглэж байсныг батлах анхны баримт олсноо Японы нэгэн түүхч Ням гарагт зарлажээ.

1939 онд Хятадын хойд нутагт хийсэн байлдааны ажиллагаанд Японы армийн химийн батальон арьс үрэвсүүлж цэврүүтүүлдэг, амьсгалын эрхтнүүдийг хүндээр өвчлүүлдэг хоёр төрлийн хий хэрэглэж байсныг түүхч Сэияа Мацуно нотолсон байна.

Дайнд ялагдсаныхаа дараа Японы эзэн хааны арми химийн зэвсэг хэрэглэж байсныг харуулсан бүх баримтаа системтэйгээр устгасан байдаг.

Харин тухайн үед армид алба хашиж байсан хүний хувийн тэмдэглэлээс Мацуно уг баримтыг олсон байна.

“Энэ бол Хятад-Японы дайны талбарт болж байсан үйл явдлуудаас ил гарсан өчүүхэн хэсэг юм. Бид үнэнийг илчилж, алдаагаа дахин давтахгүйн тулд өнгөрснөөсөө суралцах ёстой” гэж түүхч Мацуно мэдэгджээ.

Тэрээр 1939 оны долдугаар сард Шаньси мужийн уулархаг нутагт явуулсан байлдааны ажиллагааны стратегийн талаар бичсэн 100 хуудас баримтыг олсон юм байна.

Энэхүү байлдааны ажиллагааны үеэр Японы арми олон удаа дараалан химийн зэвсэг хэрэглэж байжээ.

“Армийнхан олон улсын хуулийг зөрчиж байгаагаа сайн мэдэж байсан. Гэхдээ алслагдсан уулын бүсэд химийн зэвсэг хэрэглэснээ нууж чадна гэж тооцоолсон бололтой” хэмээн Мацуно ярьсан байна.

Химийн зэвсгийг хориглосон Гаагийн конвенц 1907 онд байгуулагдаж, үүнд Япон улс дайнаас өмнө нэгдээд байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News