Уншиж байна ...
Зураг
Зураг

Apple компани алдагдсан ачаа тээшийг хайж олох ажлыг хялбар болгох шийдэл нэвтрүүлнэ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Агаарын тээврийн зорчигчдын алдагдсан ачаа тээшийг олох ажлыг хялбарчлах шийдлийг Apple компани нэвтрүүлжээ.

Тус компани AirTag болон Find My байршил тогтоох системийн мэдээллээ түр хугацаанд гуравдагч этгээдтэй хуваалцдаг болгох программын шинэчлэлтийг нэвтрүүлж буйг саяхан зарласан байна.

Гуравдагч талуудад нь Delta, United зэрэг агаарын тээврийн томоохон компаниуд багтаж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл зорчигчид алдагдсан тээшиндээ байрлуулсан AirTag төхөөрөмжийн байрлалын мэдээллийг агаарын тээврийн компаниудад өгснөөр түргэн хугацаанд олох боломжтой болох юм байна.

Ингэж хуваалцсан мэдээлэл газрын зураг дээр цаг хугацааны дараалалтайгаа харагдах ажээ.

Уг шинэчлэл арванхоёрдугаар сард зах зээлд нэвтрэх iOS системийн 18.2 хувилбарт багтах юм байна.

Эхний ээлжид Apple компани 15 агаарын тээврийн компанитай хамтрахаар болжээ.

Цаашдаа илүү олон компанийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал United Airlines компани “Find My Item locations” системийг эхлээд цөөн хэдэн нисэх буудалд нэвтрүүлэх бол 2025 оны эхнээс бүх буудлуудад нэвтрүүлэх тухай тус компанийн зорчигч хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Кинзелман мэдэгджээ.

SITA агаарын тээврийн байгууллагын мэдээлснээр 2023 онд 1,000 зорчигч тутамд 6.9 ачаа алдагдаж байсан байна.

Өнгөрсөн онд нийтдээ 36.1 сая ачаа тээш алдагдсаны 5 хувь нь олдохооргүй алга болж, бусад нь хаа нэг газар саатаж, гэмтэж байжээ.

Apple компанийн AirTag бүтээгдэхүүн одоо ч эд зүйлсийн байрлалыг тогтооход амжилттай ашиглагдаж байгаа.

Сүүлийн жилүүдэд энэ бүтээгдэхүүний тусламжтайгаар нас барсан ойр дотныхоо хүний чандар, үнэтэй эд зүйлс, хуримын даашинз, гоёлтой ачаа тээшээ олсон хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж байв.

 

Эх сурвалж: Business Insider