Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн намд бодлого боловсруулахад нь төрөөс САНХҮҮЖИЛТ өгөх хуулийн төсөл бэлэн болжээ

Б.Ану
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Улс төрийн намд бодлого боловсруулахад нь төрөөс САНХҮҮЖИЛТ өгөх хуулийн төсөл бэлэн болжээ
Sara, ikon.mn - text to speech

“Монголын өнөөгийн улстөрийн намууд цөөн хэдэн хүн, бүлэглэлд үйлчилдэг институт болж хувирсан.

Түүнчлэн бодлого шийдвэр нь судалгаанд тулгуурлахаас илүүтэйгүүр  лидерийн мэдрэмж, олон нийтийн санаа бодол, нийгмийн цахим сүлжээ, бизнесийн бүлэглэлүүдийн захиалга, санал бодолд тулгуурлах хандлагатай болсон” гэж улс төр судлаач, доктор Т.Ууганбаяр “Улс төрийн намын тухай хууль: Тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” хурлын үеэр хэлсэн юм.

“Шилэн нам" авлигын эсрэг түншлэл, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ -аас Европын Холбооны дэмжлэгтэйгээр өнөөдөр зохион байгуулж буй тус хуралд удахгүй шинээр өргөн баригдах гэж байгаа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга бүхий төслийг танилцуулж, намыг тойрсон бусад сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Т.Ууганбаяр доктор нь хуулийн төслийн ажлын хэсэгт багтаж байгаа бөгөөд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан гол өөрчлөлтийн тухай илтгэл тавьсан юм.

Хуулийн төсөлд намуудад төрөөс олгох санхүүжилттай холбоотой голлох заалтуудыг дурдвал:

  • “29.1-д Жил бүрийн улсын төсвийн орлогын 0.04 хувийг улс төрийн намыг дэмжихэд зарцуулна.
     
  • 29.2.-т Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нийт сонгогчдын 1 хувиас доошгүй санал авсан намд жил бүр төсвөөс хүчинтэй санал тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.05 хувьтай дүйцэхүйц мөнгөн дүнгээр тооцож санхүүжилт олгоно.
     
  • 29.4.-т Энэ хуулийн 29.1-д заасан хөрөнгөөс мөн хуулийн 29.2-т заасны дагуу санхүүжилтийг олгосны дараа үлдсэн хэсгийг Улсын Их Хурлын сонгуулиар авсан суудлын дүнг харгалзан намуудад хувь тэнцүүлэн санхүүжилт олгоно” гэж зааж өгсөн байна.
     
  • Мөн тус хуулийн 34 дүгээр зүйлд Намын дэргэдэх сан гэх шинэ хэсгийг нэмж 34.1.-т нь “Намын дэргэд намын бодлого боловсруулах үйл ажиллагаанд нь зөвлөх, гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий сан /цаашид “сан” гэх/ байна” гээд
     
  • 34.2. –т нь “Жил бүрийн улсын төсвийн орлогын 0.01 хувийг сангийн үйл ажиллагаанд зарцуулна” гэж зааж өгчээ. Ингэхдээ "Санд олгох санхүүжилтийг Улсын Их Хуралд суудалтай намуудад Улсын Их Хурлын сүүлийн ээлжит сонгуульд авсан хүчинтэй саналд хувь тэнцүүлэн олгоно" гэжээ.

Өнөөдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулиар  “Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. 

Мөн “Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна" гэж зааж өгсөн байдаг билээ.

Тэгвэл шинээр өргөн баригдах гэж буй хуульд Намын дэргэдэх санд улсын төсвөөс санхүүжилт хийх хувилбарыг оруулсан нь намыг бодлогын институт болгоход дэмжлэг үзүүлж буй гэж доктор Т.Ууганбаяр тайлбарлаж байв.

Бэлэн болоод буй уг хуулийн төсөлтэй холбогдуулан иргэний нийгмийн болоод төрийн бусад холбогдох байгууллагын төлөөллүүд саналаа хэлж байлаа.

“Шилэн нам” түншлэлийн санаачлагч Ч.Сосормаа “Хуулийн төсөлд намын хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагууд байна. Тухайлбал намын санхүүжилтийг Шилэн дансны хуульд хамааруулж нээлттэй болгох шаардлагатай” гэсэн санааг хэлж байв.

Т.Ууганбаярын өгсөн мэдээллээр “Улс төрийн намын үйл ажиллагаа хууль, дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхэд  хөндлөнгөөс буюу төрөөс хяналт тавина. Төрийн аль нэг байгууллага энэ чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд одоогийн байдлаар Сонгуулийн төв байгууллагад энэ чиг үүргийг олгох боломжтой гэж үзэж байна” гэсэн юм.

“Улс төрийн намын тухай хууль: Тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд хурал өнөөдөр Блю Скай зочид буудалд 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.