Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс технологийн бэлэн байдлаа судалж бодлого боловсруулна

Б.Ану
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Оксфордын Их сургууль, “Билл, Мелинда Гэйтс” сан хамтарч Мелинда Гэйтсээр удирдуулсан Технологийн хөгжлийн комиссыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус комисс үйл ажиллагааны хүрээнд гурван орныг жишиг болгон сонгож технологийн бэлэн байдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэгээр Монгол Улс шалгарчээ.

Монгол Улсын Засгийн газар болон Аксесс Сольюшинс ХХК нар хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс тус төслийг хэрэгжүүлж  байна.

Төслийн хүрээнд “Дижитал дэд бүтэц” сэдэвтэй хэлэлцүүлэг Гадаад Харилцааны Яам дээр энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголбанкны төлөөллүүд, Баянзүрх дүүргийн 27-р хорооны нийгмийн ажилтан болон оператор, банк, финтек, онлайн худалдаа зэрэг салбарын хувийн хэвшлийн байгууллагууд хүрэлцэн ирж, интернэт сүлжээний хүртээмж, цахим танилт, цахим төлбөр тооцооны одоогийн нөхцөл байдлыг хэлэлцжээ.

 

Түүнчлэн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, цаашид ямар чиглэлээр ажиллах талаар санал солилцож, тодорхой шийдлүүдийг хамтран санал болгосон байна.

Төслийн хүрээнд дахин цуврал гурван хэлэлцүүлэг хийгдэх бөгөөд дараагийнх нь “Хүний нөөцийн чадавх, тоон бичиг үсэг” сэдвийн дор маргааш Мэдээллийн технологийн үндэсний паркд зохион байгуулагдана.

Хэлэлцүүлгүүдийн үр дүнд төслийн баг зөвлөмж гаргаж Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах зорилготой талаар төслийн багийнхан мэдээлж байна.

Төслийн болон хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол info@access-solutions.company хаягаар хүсэлтээ явуулах боломжтой.