Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк хотын өндөр цамхагийн дээвэр дээр нисдэг тэрэг осолджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Орон нутгийн цагаар Даваа гарагийн үдээс хойш Нью Йорк хотын долдугаар өргөн чөлөөнд орших 54 давхар оффисын барилгын дээвэр дээр нисдэг тэрэг осолджээ.

Ямар нэг асуудал гарсны улмаас хөөрөөд 11 минут болж байсан нисдэг тэрэг барилгын дээвэр дээр ослын буулт хийх гэж оролдоод сүйрсэн гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна.

Нисдэг тэрэгний ганц зорчигч болох нисгэгч амь үрэгджээ. Дээвэр дээр гарсан галыг унтраахаар Нью Йоркийн гал сөнөөгчдийн 100 орчим нэгж ажиллаж байна.

Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо ослын газарт ирж танилцахдаа "есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас үлдсэн айдас бүх Нью Йоркчуудад байдаг тул осол болсон тухай мэдээг сэтгэл түгшин хүлээж авснаа" сэтгүүлчдэд ярьсан байна.

Осол гарсан барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгааг харуулсан фото, видео бичлэгүүд сошиал сүлжээнд таржээ.

Нью Йорк хотын захирагч Билл Де Бласиогийн гаргасан мэдэгдэлд “Бидэнд байгаа мэдээллээс дүгнэвэл террорист халдлагын шинж тэмдэг илрээгүй, Нью Йоркчуудад ямар нэг шууд аюул занал учраагүй байна” гэсэн байна.

Осолдсон нисдэг тэрэг нь хувийн компанийн өмч болохыг албаныхан баталжээ. Жуулчдад Манхеттэн дүүргийг тэнгэрээс харуулах зорилготой нисдэг тэргээр үйлчлэх явдал Нью Йорк хотод түгээмэл байдаг юм.

 

Эх сурвалж: BBC