ШУА-ийн Ерөнхий болон сорилын Биологийн хүрээлэн, хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Гантулгатай мах идэштэй амьтад болон саарал чонын талаар ярилцлаа.
-Монголд хэдэн төрөл, зүйлийн мах идэшт амьтан байдаг вэ?
-Монгол оронд 140 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 23 зүйл махан идэштэй амьтан байна. Үүнээс нохдын овгийн гурван төрөлд хамаарах хярс үнэг, шар үнэг, нохой элбэнх, саарал чоно гэсэн дөрвөн зүйл бий. Харин баавгайн овгийн нэг төрлийн хоёр зүйл буюу хүрэн баавгай болон мазаалай баавгай хамаардаг. Махан идэштэй хөхтнөөс хамгийн олон зүйлтэй овог нь Суусарын овгийн махчид бий. Суусарын овгийн махчдаас дурдвал өмхий хүрэн, хадны суусар, голын халиу, цагаан үен гэх мэт найман төрлийн 13 зүйл байдаг. Мийн овогт дөрвөн төрөлд хамаарах дөрвөн зүйл байдаг. Цоохор ирвэс энэ овгийн хамгийн том амьтан юм.
-Ер нь махан идэштэй амьтад байгальд ямар үүрэгтэй вэ? Ялангуяа саарал чоно нь өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн тогтвортой байдлыг хангаж, экосистемд эрүүл оршин тогтноход онцгой үүрэгтэй гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Махан идэштэй амьтдын экосистемд гүйцэтгэдэг дам болон шууд нөлөө их. Тэд “идэш тэжээлийн суваргын оройд байрладаг ангууч”-ын үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, тал хээр, уулын хээрийн экосистемд саарал чоно нь цагаан зээр, монгол тарвага, оготно, зурам зэрэг зүйлүүдээр, харин өндөр уулын экосистемд цоохор ирвэс гол араатан болдгийн хувьд аргаль хонь, янгир ямаагаар түлхүү идэшлэж, тухайн зүйлүүдийн сүргийн тоо толгойг зохицуулж, бэлчээрийн хомсдол, элдэв халдварт өвчнөөс сэргийлж чаддаг.
Мах идэшт амьтдын хувьд өвчтэй, сул дорой бодгалиудыг хамгийн түрүүнд барьж иддэгээрээ популяцийг элдэв халдварт өвчинд нэрвэгдэх, халдварлан дамжуулах эрсдэлийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, мах идэшт амьтад “байгалийн эмч”-ийн үүрэг гүйцэтгэдэг. Мах идэшт амьтдын тоо толгой ямагт идэш тэжээл бологч амьтны тооноос хэд дахин цөөн байдаг жамтай.
-Сүүлийн жилүүдэд Монгол улсад саарал чоныг хяналтгүй, замбараагүй агнаснаас экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, мал амьтны гаралтай шүлхий өвчний гаралт нэмэгдсэн тухай ярих болсон. Энэ мэдээлэл хэр бодитой вэ?
-Саарал чоно тухайн орчиндоо дасан зохицох чадвар өндөртэй амьтан учир агнаж, гөрөөлөхөд хэцүү байдгаас монголчууд ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь агнагддаг гэж ярьж иржээ. Гэвч хурдан буу болон туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнээр хүмүүсийн уламжлалт ан ав хийх сэтгэлгээ, арга барил өөрчлөгдөж, алдагдсанаас тал хээрийн бүсэд саарал чонын тоо толгой буурч, магадгүй зарим газар аль хэдийнээ устаж, үгүйрэх аюулд ч өртсөн байж болох талтай. Зарим судалгааны ажлын үр дүнгээр энэ таамаг батлагдаж байгаа.
Экосистемд эсвэл тодорхой нэг газар оршин буй бүлгэмдэлд багтах бүх зүйлүүд тухайн экосистемдээ эзлэх өөр өөрийн тодорхой байр суурь, гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Тэдгээрээс аль нэг нь алга болчихвол хоорондоо харилцан хамааралтай байдаг тогтолцоо доголддог.
Нэг талаас байгаль дахь амьтдын сул доройг сонгон гөрөөлж, эрүүлжүүлэх зохицуулгагүй болчихвол халдварт өвчин гарч байхыг үгүйсгэхгүй боловч нөгөө талаас малаас зэрлэг амьтанд өвчин халдах явдал ч байсаар байна. Үүний тодорхой жишээ бол сүүлийн хоёр жилд бог малын мялзан төст өвчнөөр монгол бөхөн олноор хорогдсон тохиолдол юм.
-Саарал чонын талаар монголчууд мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй. Энэ амьтан хэд насалдаг тухай болон бусад амьдралын онцлогуудынх нь тухай мэдээлэл өгөөч?
-Саарал чоно байгальдаа 15-16 жил хүртэл насалдаг. Саарал чоно гэрийн нохой шиг сүүлээ дээш сөхөж, ууцан дээрээ ахсаж чаддаггүй онцлогтой. Харин чоно-нохойн эрлийз сүүлээ дээш өргөн ахсдаг тухай манай ахмад судлаач Д.Эрэгдэнэдавга тодорхой дурдсан байдаг. Саарал чонын шилжилт хөдөлгөөнийг судлах зорилгоор 1990-ээд онд АНУ болон манай улсын ШУА-ийн хүрээлэнгийн судлаачдын хамтарсан баг Дорнод аймагт дөрвөн бодгалийг барьж хүзүүвчилсэн байдаг.
Харамсалтай нь эхний бодгалийг хүзүүвчилснээс хоёр хоногийн дараа агнагдсан байжээ. Харин долоо хоногийн дараа хүзүүвчилсэн бүх чоно агнагдсан байсан гэдэг. Энэ бол саарал чоныг хэрхэн устгаж байгаагийн маш тодорхой жишээ юм. Өнгөрсөн жил “Хустайн” БЦГ орчимд цөөн тооны чоныг хүзүүвчлэн судалж байсан хугацаанд мөн энэ түүх давтагдсан нь харамсалтай.
Саарал чоно үржлийн чадавх өндөртэй амьтан бөгөөд нэг удаа төллөхдөө дунджаар 6-8 бэлтрэг төрүүлнэ. Зарим судалгаанаас үзвэл чонын сүрэг буюу бүлүүд жил бүр алдагдал, хорогдлоо 50 хувиар нөхөж чаддаг хэмээн дүгнэсэн байдаг. Гэвч манай орны хувьд жилийн турш саарал чоныг агнаж байгаа нь энэ амьтны популяци сэргэхэд шууд саад болж байгааг та төвөггүй ойлгох биз. Хад асга бартаа ихтэй уулс, хүний хөлөөс зайдуу зэлүүд ой тайга зэрэг газруудад л саарал чоно харьцангуй элбэг тохиолдоцтой байна.
-Саарал чоно мэдээж махан идэштэй амьтан, гэхдээ заримдаа өвс иддэг гэдэг. Энэ ямар учиртай юм бол?
-Судалгааны хугацаанд зуны улиралд ургамлын үлдэгдэл бүхий саарал чонын баас тохиолдох нь бий. Зарим тохиолдолд үр жимс идсэн байхыг судлаачид үзэж, тэмдэглэсэн байдаг. Амьд организм идэш тэжээлээрээ өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс,тэжээлийн бодисыг авч өсөлт хөгжилт нь явагддаг. Гэтэл маханд агуулагддаггүй тэжээлийн бусад бодис, амин дэм ургамал үр жимсэнд байдаг ба түүнийг нөхөх хэрэгцээ нь саарал чоно үр жимс иддэг тухай судлаачдын тайлбар бий. Үнэн байх талтай. Бас ходоодоо цэвэрлэх зорилгоор өвс иддэг ч гэсэн яриа анчдын дунд байдаг.
-Чоныг малын “дайсан” гэдэг. Хэн ч өөрийнхөө өмчийг чонын хоол болгоход таагүй хандана. Байгальдаа оршиж, үр төлөө тэжээхийн тулд амьтан барьж иддэг гэдгийг хэн хэн нь сайн ойлгохгүй байх шиг санагддаг. Ер нь малаа чононд идүүлэхгүй байх нь малчны үүрэг биз дээ?
-Манай орны хувьд саарал чоныг эртнээс л малд хөнөөлтэй гэж үзсээр ирсэн нь өнөөдөр энэ амьтныг ад үзэж агнах нэг шалтгаан болж байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн нэг талаас нь харсан харалган гэмээр баримтлал шүү дээ. Уг нь саарал чоно идэш тэжээлийн хувьд зэрлэг туруутан амьтдаас эхлээд жижиг оготно зурам, шувуудын өндөг, амьтны сэг зэм зэргээр буюу олон зүйлээр хооллох чадвартай, чадварлаг ангууч амьтан юм шүү дээ.
Монгол тарваганы тоо толгой 2000-аад оноос хойш эрс цөөрсөн, малын тоо хэт өсөж бэлчээр талхлагдаж, зэрлэг амьтадтай байршил нутаг давхцаж тархац, бэлчээр нутгаар шахагдсан нь саарал чонын идэш тэжээлийн сонголтод мал зонхилох нэг шалтгаан болсон байна. Малаа чононд идүүлэхгүй байх нь малчдын үүрэг. Учир нь мал бол тэр хүний хувийн өмч. Хүн өөрийн хувийн өмчөө хамгаалах үүрэгтэй. Гэхдээ байгальдаа байх ёстой тэр амьтдыг, тухайлбал чоныг агнаж, устгаснаараа асуудлыг шийдэж байна гэж ойлгож болохгүй.
-Хэрэв Монголд чоно устлаа гэж төсөөлбөл ямар дүр зураг харагдах бол?
-Төсөөлөхөд ч бэрх ойлголт, бодол юм.Саарал чоно устаж, үгүйрвэл энэ зүйл мах идэштний шууд, дам оролцоо, хамааралтай биологийн олон янз байдалд нөлөөлж, байгальд элдэв халдварт өвчин дэгдэж мал болон зэрлэг амьтдын дунд гарах нь ихэснэ. Үүнээс болж эдийн засагт ихээхэн хохирол, уршиг дагуулах нь тодорхой байх. Магадгүй чоноо устгаснаар түүнээс гарах шууд, дам нөлөөгөөр дэлхийн сүүлчийн уудам сонгодог тал хээр устаж, мөхөх аюул нүүрлэнэ.
Төв Азид амьтан, ургамлын аймгийн өвөрмөц, онцгой содон байгалийн өвөрмөц төрх байдал, хоршил бүхий хүрээлэн буй орчин өөрчлөгдөж, улмаар уламжлалт мал аж ахуй, бэлчээрт сөргөөр нөлөөлөхийг ч үгүйсгэх аргагүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!