Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бенжамин Нетаньяхугийн эрин өндөрлөж магадгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Бенжамин Нетаньяху

Дөрөвдүгээр сард болсон сонгуулийн дараа хуулиар заасан хугацаанд засгийн газраа байгуулж чадаагүй тул Израйлийн парламент болох Кнессетийг тараах шийдвэрийг Лхагва гарагийн шөнө гаргажээ.

Ингэснээр есдүгээр сарын 17-нд ээлжит бус сонгууль зохион байгуулагдах юм. Дахин ерөнхий сайд болох гэж байсан Бенжамин Нетаньяху бусад намуудтай эвсэж, засгийн газраа байгуулж чадаагүй нь Израйлийн түүхэнд анхны тохиолдол болж байна. Шинэ засгийн газар байгуулах хуулиар заасан хугацаа Лхагва гарагийн шөнийн 12:00 цагт дууссан юм.

Хэдийгээр Нетаньяхугийн Ликуд нам дөрөвдүгээр сард болсон сонгуульд ялсан ч 120 суудалтай Кнессетэд ердөө 35 суудал авсан тул эвслийн засгийн газар байгуулах ёстой болоод байв.

Гэвч Нетаньяхугийн шинэ засгийн газрын хувь заяа хэт үндсэрхэг үзэлтнүүдийн Исраил Бэйтену хэмээх жижиг намаас хамаарч байлаа. Уг нам сая таван суудал авсан бөгөөд намын дарга нь батлан хамгаалахын сайд байгаад Нетаньяхутай санал зөрөлдсөний улмаас огцорсон Авигдор Либерман юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Нетаньяхугийн засгийн газар Газын зурваст хоёр өдөр үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоохын тулд Палестины зэвсэгт бүлэгтэй гал зогсоох тохиролдоонд хүрсэн нь Либерманыг огцроход хүргэж байв.

Либерман гал зогсоохын эсрэг, Палестины зэвсэгт бүлэглэлтэй хатуу аргаар тэмцэх байр суурьтай байсан юм.

Тиймээс есдүгээр сард болох ээлжит бус сонгууль Нетаньяху, Либерман хоёрын нэг нь давуу тал олж авснаар дуусах төлөвтэй байна. Үүнээс гадна Израйлийн ерөнхий прокуророос Нетаньяхутай холбоотой авлигын хэргийг есдүгээр сард шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ шийдвэр ээлжит бус сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй.

Хэрвээ Нетаньяху сая засгийн газраа байгуулж чадсан бол тав дахь удаагаа ерөнхий сайд болж, Израйлийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хүн болох байв.

 

Эх сурвалж: Russia Today