Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хуавэй компани Японы томоохон хэрэглэгчээ алдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Японы харилцаа холбооны Softbank Group 5G сүлжээний нийлүүлэгчээр Nokia, Ericsson компаниудыг шалгаруулснаа зарласнаар удаан хугацааны түнш Хуавэйгаас татгалзаж байна.

Тус компани 5G технологийн суурь тоног төхөөрөмжийг нийлүүлэх стратегийн түншээр Nokia-г сонгосон бол радио сүлжээний хэсгийг нь Ericsson компаниас авахаар болсноо өчигдөр зарлажээ.

Өмнөх 4G сүлжээний дэд бүтцийг Хятадын Хуавэй, ZTE компаниуд нийлүүлсэн бөгөөд Softbank-ийн 5G сүлжээний туршилтыг ч Хуавэй гүйцэтгэж байсан юм.

Хятад улстай худалдааны дайн хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хуавэй компанийн бүтээгдэхүүнд хориг тавьж, холбоотон улсууддаа ч адилхан хориглохыг уриалж байгаа.

 Одоогоор Австрали, Шинэ Зеланд улсууд Хуавэйн тоног төхөөрөмжийг сүлжээний дэд бүтэцдээ ашиглахыг хориглоод байна. Харин Япон улс аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй төхөөрөмжийг хориглохоо илэрхийлсэн ч Хуавэйг нэр зааж хориглоогүй байсан юм.

Японы хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Softbank-ийн араас NTT Docomo, KDDI компаниуд мөн адил Хятадын компаниудаас татгалзах төлөвтэй байна.

Британийн гадаад тагнуулын алба MI6 Хятадын компаниудын тоног төхөөрөмжүүдэд аюулгүй байдлын эрсдэл байгааг анхааруулсны дараа тус улсын BT Group сүлжээний дэд бүтцээсээ Хуавэйн бүтээгдэхүүнүүдийг хассан юм.

Тайвань улс мөн Хятадын сүлжээний тоног төхөөрөмжүүдийг хориглоод байна.

 

Эх сурвалж: Bloomberg