Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

У.Батбаатар: БНТУ-ын ЭСЯ-наас ирсэн Нот бичигт үндэслэж хилээр гаргахыг хориглосон нь бүхэлдээ хууль зөрчиж байна

Б.Бат, Өдрийн сонин
2019 оны 5 сарын 27
Өдрийн сонин
Зураг зураг

Турк улсаас Монгол нутагт ирж, хүний нутагт өөриймсөн ажиллаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг монгол хүүхэд залууст олгохоор ажиллаж ирсэн турк багш нарыг манайхан сайн мэдэх болсон. Монголд 6-18 жилийн турш багшилсан, ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй найман багшийн эрхийг Гадаадын иргэн харьяатын газар ноцтой зөрчиж байгаа талаар тэд гомдолтой байгаа ажээ. Тус байгууллага нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журмын хүрээнд, Монгол, Турк улс хооронд байгуулсан Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажиллахын оронд Монгол Улс дахь БНТУ-ын ЭСЯ, ГХЯ-наас ирсэн Horn бичигт үндэслэж тэдгээр найман иргэний паспортыг хүчингүй болгож, хилээр гаргахыг хориглосон нь бүхэлдээ хууль зөрчиж байгаа талаар тэдгээр багш нарын бие төлөөлөгч У.Батбаатартай ярилцлаа.

-Монгол Улсад ажиллаж байгаа БНТУ-ын найман багшийг Монголын хилээр гарах эрхийг нь хориглосон гэж байна. Ямар шалтгаанаар хориглосон юм бол, энэ хүмүүс ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж, гэмт хэрэг хийсэн хүмүүс биш биз дээ?

-Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг энд тодотгох хэрэгтэй. Уг заалтад

  1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
  2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээн заасан байдаг.

Гэтэл ажлаа хийгээд, хууль ёсны дагуу оршин сууж байгаа иргэдийн эрхийг хорьсон. Яагаад хилээр энэ хүмүүсийг гаргахгүй байна вэ гээд судлаад үзтэл Монгол Улс дахь БНТУ-ын ЭСЯ-наас Гадаад харилцааны яаманд нэр бүхий найман иргэнийхээ гадаад паспортыг хүчингүй болгосон талаар нот бичиг ирүүлсэн байсан. Үүний дагуу манай ГХЯ албан бичиг явуулсны дагуу Гадаадын иргэн харьяатын газар тэрхүү найман иргэний гадаад паспортыг хүчингүй болгож, хилээр гаргахыг хорьсон. Энэ нь хуулийг маш ноцтой зөрчиж байгаа юм.

-Яг ямар хууль зөрчиж байгааг та тодруулахгүй юу. Тухайн улсын ЭСЯ иргэнийхээ гадаад паспортыг хүчингүй болгосон бол манай холбогдох байгууллагууд түүнийх нь дагуу ажиллах нь хууль бус гэж үү?

-Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн. Монгол Улсын Хилийн аюулгүй байдал болон Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад орших суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, эзэмших ашиглах журам, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөнөөс гадна 2000 оны тавдугаар сарын 02-ны өдөр Монгол Улс-БНТУ-ын хооронд иргэн, ААН болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг зөрчсөн. Энэ бол хоёр орны баримтлах, олон улсын гэрээ конвенцүүдийг хүлээн зөвшөөрсөн гол гэрээ. Уг гэрээний агуулга нь

Нэгдүгээр зүйлд хоёр талын иргэд нөгөө талын нутаг дэвсгэрт байхдаа шүүхийн болон эрх зүйн эрх тэгш хамгаалалтыг эдэлнэ.

1.2. Чөлөөтэй гомдлоо гарган, өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах эрх эдэлнэ.
2.1. Гэрээг хэрэгжүүлэх хүсэлтийг хоёр орны Хууль зүйн яам гаргаснаар шийдвэрлэнэ.
2.2. Эдгээр хоёр яам нь дипломат шугамаар харилцана.

34 дүгээр зүйлд Өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа этгээдийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор харилцан шилжүүлэн өгөхийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд үгүй гэдгийг энэ гэрээ зааж өгсөн. Гэтэл БНТУ-ын зүгээс гэрээнд дурдсаны дагуу ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй. Тийм учраас манай ГХЯ болон ГИХГ ЭСЯ-ны нот бичгийг үндэслэж гадаадын иргэдийн паспортыг хүчингүй болгож байгаа нь өөрөө маш ноцтой хууль зөрчсөн үйлдэл.

Учир нь дээрх найман иргэн гэмт хэрэгт холбогдсон, хууль зөрчсөн хүмүүс биш хөдөлмөрийнхөө гэрээний дагуу хуулийн хүрээнд ажиллаж буй, Монгол Улсын иргэдийн адил эрх эдлэх ёстой энгийн хүмүүс.

-Тэр хүмүүс үнэхээр гэмт этгээдүүд байгаад паспортыг нь хүчингүй болгох шаардлагатай байсан бол хуулийн хүрээнд процесс хэрхэн явагдах ёстой байсан гэсэн үг вэ?

-Энэ хүмүүс үнэхээр гэмт хэрэгт холбогдсон бол Турк улс үүнийг нотлох баримт бичгүүд, шүүхийн шийдвэрээ өөрсдийн Хууль зүйн яамаараа дамжуулан манай Хууль зүйн яаманд дипломат шугамаар мэдэгдэх ёстой. Ингээд манай ХЗДХ-ийн яам 2000 оны гэрээгээ үндэслэн тухайн иргэдийн гадаад паспортыг хүчингүй болгох эсэх, хилээр гарахыг хориглох эсэхээ шийдвэрлээд Гадаад харилцааны яаманд албан бичиг ирүүлсний дагуу Гадаадын иргэн харьяатын газар арга хэмжээ авах ёстой. 

Гэтэл ямар ч тийм албан ёсны хүсэлт байхгүй байхад БНТУ-ын ЭСЯ Монгол Улсын бүхэл бүтэн Хууль зүй, дотоод хэргийг яамыг үл тоон алгасаж ГХЯ-нд нот бичиг илгээн шийдвэрлүүлэхийг оролдож байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг дорд үзэж гэрээгээ зөрчиж байна. Турк улсын хууль тогтоомж тэр улсаа болон ЭСЯ-ны хашаан дотроо л хэрэгжинэ. Харин Монгол Улсын газар нутагт Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм журам хэрэгжих бөгөөд үүнийг хүн бүр биелүүлэх ёстой. Энэ бол эрх зүйт төрийн үндэс.

-Хууль ноцтой зөрчсөн гэдгийг та онцлон хэлж байна. Гэвч хууль зөрчсөн эсэхийг хууль, шүүхийн байгууллага тогтоодог. Энэ талаар та тодруулсан уу?

-Эдгээр багш нарын хүсэлтээр би тэднийг төлөөлөн, холбогдох байгууллагуудтай уулзаж байгаа юм. Мэдээж энэ найман хүний эрхийг хамгаалах үүднээс би энэ нь гэмт хэргийн шинжтэй юм уу, хэрэг хийж, зөрчил гаргасан эсэхийг тодруулахаар зургаан газарт хандсан. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан албан ёсны захиа явуулсан. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өөрт нь хаяглан илгээсэн. Монгол Улсад байгаа хүн бүрийн эрхийг сахих ёстой Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандсан.

Улсын Ерөнхийлөгч прокурорт албан ёсны захиа бичиж хандсан. Мөн ГИХГ-ыг хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоохоор Буян-Ухаагийн үйл ажиллагааг хариуцдаг Тээврийн прокурор, ГИХГ-ыг хариуцдаг Нийслэлийн прокурорт хандсан.

Ингээд гурван прокурорын байгууллагаас энэ хүмүүс хууль зөрчөөгүй, гэмт хэргийн шинжтэй биш, хилийн хориг албан ёсоор тавигдаагүй гэсэн хариу албан бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл, хилийн хориг тавих прокурорын зөвшөөрөл олгоогүй байхад БНТУ-ын ЭСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГИХГ энэ хүмүүсийг хилээр гаргахгүй, хууль бусаар паспортыг нь хүчингүй болгож, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь нотлогдсон.

Ингэж ХЗДХ-ийн яамны харьяа агентлаг нь хууль зөрчиж, бүхэл бүтэн хоёр орны хооронд байгуулсан гэрээг зөрчиж байхад Монгол Улсын хуулийн салбарыг 20 жил тэргүүлсэн Ц.Нямдорж сайд миний албан бичгийг уншиж, танилцаагүй туслахдаа өгсөн нь албан бичгээс нь тодорхой харагдана. Учир нь яамны хариу бичигт “Иргэнд олгодог гадаад паспорт нь тухайн улсын төрийн өмч байдаг бөгөөд эрх бүхий байгууллагаас гадаад паспортыг нь хүчингүй болгосон талаар мэдэгдсэн тохиолдолд хүчингүй болсон бичиг баримттай иргэдэд манай улсын холбогдох байгууллага ямар нэгэн виз, зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй” гэсэн байгаа юм.

Хэрэв ХЗДХ-ийн сайд өөрт нь хаяглаж бичсэн хүсэлтэд хариу өгөхдөө өөрөө хуулиа мэдэж, биелүүлдэг байсан бол 2000 онд байгуулсан хоёр орны гэрээг хараад л тэр найман хүний эрх зөрчигдөж байна гэдэг нь ойлгомжтой бөгөөд тийм хариу өгөх байсан. Түүнчлэн манай улсын гадаад паспорт дээр Монгол Улсын төрийн өмч гэж бичсэн байдаг бол БНТУ-ын гадаад паспорт дээр тийм зүйл байдаггүй. Харин “Аль ч улсад очсон бай туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлт нь байдаг. Үүнийг нь харалгүйгээр хариу бичсэн. Тус яам хариуцах ёстой энэ ажлаа хийгээгүй, хууль зүйн яам гэрээг зөрчиж байгаа юм.

ГИХГ-ын албан бичиг дээрх найман хүнийг хөдөлмөр эрхлэхээр оршин суух зөвшөөрөлтэй буюу хууль ёсны иргэд гэдгийг нотолж байгаа. Харамсалтай нь мөн л хуулиа судлаагүй тул ийнхүү нот бичгийн дагуу найман иргэний гадаад паспортыг хүчингүй болгож, хууль зөрччихөөд байж байна.

-Таны хэлснээр хүчин төгөлдөр гэрээ, хуулинд заасныг зөрчөөд байгаа юм байна. Тэгэхээр энэ хэвээр Монгол Улс тэдний эрхийг зөрчөөд байх уу?

-Төрийн байгууллагууд нь ингэж хууль зөрчиж байгаа тул би Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Монгол Улсад эзэн гэж байдаг бол, хууль хэрэгждэг бол энэ хүмүүсийг монгол хүмүүсийн адил үзэж, эрхийг нь хамгаалах ёстой. Яагаад гэвэл энэ бол зөвхөн найман хүний асуудал биш. Тэдний ард хамгийн багадаа нэг, тэгээд 2-3 хүүхэд, эхнэр нь гээд 30 гаруй хүний эрх яригдаж байна.

Энэ хүмүүс ажил хийх, аялах, амьдрах, амьд явах эрхтэй. Энэ эрх нь зөрчигдөж байна. Харин манай төрийн байгууллагууд БНТУ-ын ЭСЯ-тай нийлж энэ олон хүний эрхийг зөрчиж байна. Ингэж болохгүй. Хэрэв энэ хүмүүсийн эрхийг зөрчвөл Монгол Улсад дэлхийн 137 орны иргэд итгэн, аялж, ажиллах ямар ч баталгаагүй юм байна гэсэн сөрөг ойлголтыг дэлхий нийтэд өгнө. Ер нь дэлхий нийтэд зарим улс орны удирдагч, засаглал ямар ч байж болох талтай учраас албан хүсэлт шаардлагаас илүү эхлээд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэхийг дээдэлж, ийм хандлагыг мөрдлөг болгодог.

Гэтэл манайх хуулинд байхгүй байтал албан бичгээр ингэж асуудлыг шийдэж тэр хүмүүсийн хувь заяанд нөлөөлөх юм бол Монгол Улс ардчилсан орон биш гэсэн мессеж түгнэ. Нотлох баримт ийм хангалттай байхад Монгол Улсын шүүх хүний эрхийг дээдэлж, хуулийн талд шийдвэр гаргана гэдэгт бат итгэлтэй байгаа. Монгол Улсад хууль байдаг, хэрэгждэг гэдгийг Захиргааны хэргийн шүүх баталж өгнө гэж бодож байна.

-Одоо энэ найман багшийн паспорт нь хүчингүй, Монголд үлдэх боломжгүй болсон гэсэн үг үү?

-Багш нарын хөдөлмөрийн гэрээ дуусаж байгаа бөгөөд өөр улсад очиж багшлах урилга нь ирсэн байсан. Гэтэл манай улс ийнхүү хууль зөрчиж, хүнд суртал гаргаж, энэ хүмүүсийн эрхийг ноцтой зөрчиж байгааг дээр тайлбарлалаа. Энэ хүмүүс гарахгүй үлдэнэ гээд байгаа биш, визийн хүчинтэй хугацаандаа амжаад Монгол Улсаас гарна гэж байна. Гэтэл манайхан хилээр гаргахгүй байна.

Интерполоос нэр нь ирсэн, гэмт хэрэг хийсэн тохиолдолд хилээр гаргахгүй болохоос аль нэг газрын ЭСЯ Нот бичиг ирүүлсэн шалтгаанаар хилээр гаргахгүй саатуулах учир байхгүй. Төрийн байгууллагууд нь хууль зөрчиж, хүнийг гэмт хэрэг хийгээгүй байхад гэмт хэрэгтэн мэт хандаж, цаашлаад гэмт хэрэгтэн болгож, зөрчил гаргуулах гэж байгаа нь Монгол Улсын хувьд маш ноцтой. Яагаад гэвэл энэ хүмүүсийн оршин суух хугацаа хэдхэн хоноод дуусах гэж байна.

Монгол Улсад гадны иргэдийг зөрчил гаргасан гэж үзэх дөрөвхөн заалт байдгийн нэг нь визний хугацаа хэтрүүлэх. Энэ хүмүүсийн бичиг баримтыг шийдэж өгөхгүй байсаар визний хугацаа хэтэрвэл зөрчилд тооцож, торгож, албадан гаргахад хүргэнэ. Тэр багш нар хууль ёсны дагуу хандах эрхтэй. Гэтэл хандахад нь бид хуулиа зөрчөөд ингэж муухайгаар эрхийг нь хөсөрдүүлж болохгүй.

Үнэхээр энэ хүмүүс гэмт хэрэгтэн бол Туркийн Засгийн газар нотлох баримтуудаа өгөөд, Интерполд хүсэлтээ тавиад явах ёстой. Би ч гэмт хэрэг хийсэн хүмүүсийг өмгөөлөх шаардлагагүй. Гол нь хуулиа сахиж, хүнийг эрхийг хамгаалах ёстой.

-Ярилцсан танд баярлалаа.

Зураг