Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баттуяа: Мөнгөө алдсан цочролоос үүдэн нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Капитал банканд хадгаламж эзэмшиж байсан иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийж, гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулснаа албан ёсоор зарлалаа. Тус ТББ-ын тэргүүн н.Ханджамц “Дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон байхад Монголбанкнаас цаг тухайд нь татан буулгаж, арга хэмжээ аваагүйгээс үүдэн Капитал банканд харилцах болон хадгаламжийн данстай 1,200 орчим иргэн нийт 260 тэрбум төгрөгөөр хохироод байна.

Хэрэв хуулийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол байдал ийм хэмжээнд хүрэхгүй байсан. Тухайлбал, хохирогчдын 90 хувь 2017 онд хадгаламж нээлгэсэн ахмад настнууд" хэмээв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн хохирсон иргэдийн төлөөлөл Ц.Баттуяа “Илүү гарсан мөнгөө биш өөрөөсөө харамлан байж цуглуулсан мөнгөө алдсан нь хүмүүст маш хүндээр тусаж байна. Хоёр хоногийн өмнө нэг хохирогч маань мөнгөө алдсанаас үүдсэн цочролоосоо болж нас барсан харамсалтай хэрэг боллоо. Мөн нэг иргэний бие хүнд байдалд байна” гэлээ. 

Түүнчлэн Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8.1-д Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө хэмээн заасан нь иргэдийг хохирсон дээр нь дахин хохироож буй үйл явдал хэмжээн тэд үзэж буй юм.

Тиймээс энэ хуулийг засаж залруулахыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт хүргүүлжээ. Үүний зэрэгцээ Капитал банкны 99.7 хувийг эзэмшиж байсан гэх УИХ-ын гишүүн Б.Ундармаад хариуцлага тооцохыг шаардсан байна.

Мөн н.Ханджамц "Одоогийн байдлаар манай холбоонд 400 орчим хүн бүртгүүлсэн. Үүнд хамгийн багадаа 30 сая төгрөгийн хадгаламжтай иргэн байгаа бол хамгийн ихдээ нэг тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай иргэн байгаа" гэв. 

Уг хэвлэлийн хурлын дараагаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга О.Дамба-Очир, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нарт хандан иргэдийн хохирлыг барагдуулах тухай нээлттэй сонсгол хийх, дээрх хуулийг засаж залруулах, УИХ-ын гишүүн Б.Ундармаа хариуцлага тооцож, огцруулахыг шаардсан бичгийг хүргүүлэх аж.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарт мөн дээрхийн ижил утгатай албан бичгийг хүргүүлэх юм байна.