Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэв та Капитал Банканд 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламжтай бол яах ёстой вэ?

Б.Ану
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

КАПИТАЛ БАНКИЙГ ТАТАН БУУЛГАХ ШИЙДВЭР ГАРГАСАН тухай бид мэдээлсэн. 

Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан Монголбанкнаас гаргасан дэлгэрэнгүй тайлбарт "Капитал банкны 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн даатгалд хамрагдаагүй дүнг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллана.

Даатгалд хамрагдаагүй дүнг хэр шуурхай олгох нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарна. Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ гаргана. Тухайлбал, 40 сая төгрөгийн хадгаламжтай иргэн 20 сая төгрөгөө “Хаан банк” ХХК дахь дансаар хүлээн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ.

Капитал Банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн “Хаан банк” ХХК-д шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой. Зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлнө" гэжээ.

Капитал Банк  2019 оны  хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байна.

Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд зааснаар нэг иргэн, хуулийн этгээдийн төгрөг ба валютын 20 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах, хадгаламж даатгагдсан байдаг. Иймд Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагджээ.