Амины орон сууцыг төлөвлөхдөө Барилгын норм дүрэмд тусгагдсан заалтын дагуу өрөө тасалгааны талбай болон таазны өндөр, гэрэлтүүлэг, үүрэг, зориулалтыг төлөвлөхөөс гадна ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулаас хамгаалах нормыг баримтлах хэрэгтэй.
Нэг айлын сууцны бүрэлдэхүүн дэх зочдын өрөө, унтлагын өрөө, гал тогоо зэрэг өдөр бүрийн ашиглалтад байх өрөөнүүдийн талбайн нийлбэрийг сууцны талбай гэнэ. Үүдний өрөө, ариун цэврийн өрөө, шатны талбай зэргийг туслах талбай гэнэ. Сууцны талбай, туслах талбайн нийлбэр нь ашигтай талбай болно.
Cууцыг байгаль цаг уурын нөхцөл, байршил, хүмүүсийн зан заншил, өрхийн гишүүдийн тоо, амьдрах хэлбэрээс нь хамааруулан төлөвлөнө. Орчин үеийн сууцны өрөө, аж ахуйн зориулалттай өрөөнүүдийг ялган тусгаарлах, үүрэг зориулалтаар ойрхон бүсчлэн байрлуулах хэрэгтэй. Жишээлбэл, зочдын өрөөг гал тогооны өрөөтэй, гаднаас орох хаалга, үүдний өрөөтэй ойрхон байрлуулна. Унтлагын өрөөг хөл хөдөлгөөн, дуу чимээ багатай газар нэлээд гүнд, усанд орох өрөөтэй ойрхон зэргэлдээ байрлуулах нь тохиромжтой. Амины орон сууцыг дан буюу давхар барьж болно. Мөн адрын зайг ашиглан сууцны өрөөг төлөвлөж болно. Таны бодит шаардлагыг хангах сууцны хэмжээ, өөрөөр хэлбэл ашигтай талбай хэдэн ам.метр байх вэ гэдгийг тооцоолж байшингийн давхрыг сонгоно. Хэрэв бага буюу дундаж хэмжээний 2-3 өрөөтэй сууц бол (60-80 ам.метр) дан барих нь тохиромжтой. 4-6 өрөөтэй сууцыг (ашигтай талбай нь 90-130 ам.метр) эдэлбэр газрын талбайн ашиглалтыг сайжруулах барилгын талбайг багасгах үндсэн дээр давхар барих нь илүү тохиромжтой. Давхар сууцны шат нь ашигтай талбай эзлэх тул зөв төлөвлөх нь чухал.
Сууцны өрөөний цонх, тагт, лодж, сэрүүн тавцанг /террас/ зүүн буюу зүүн өмнөд, урагш, баруун урагш нарны тусгалын чигт харуулан оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөлийг хангахаар байрлуулна. Сууцыг тагт, террастай төлөвлөх нь задгай талбайд цэвэр агаарт амрах, зочидтойгоо уулзах, чөлөөт цагаа өнгөрөөхөд ач холбогдолтой.
Лодж - барилгын гадна ханаас илүү гараагүй гурван талдаа ханатай, хучилттай ил тасалгааг хэлнэ.
Тагт /балкон/ - барилгын гадна ханаас илүү гарсан, консоль буюу баганан тулаастай, 2-3 талаараа хайс, хашлагатай тавцан юм.
Террас - барилгад залгаж барьсан, эргэн тойрондоо хайс, хашлагатай (дээвэртэй байж болно), доод давхрын дээвэр дээр буюу газраас дээш нэг буюу хэдэн гишгүүрийн дээр байрласан том хэмжээний задгай талбайг хэлнэ.
Веранд - барилгын үндсэн дээвэрт багтсан буюу барилгад залган барьсан дээвэртэй, хоёр болон гурван талыг нь шиллэсэн халаалтгүй тасалгаа юм.
Зочны өрөө, хүүхдийн өрөөг өдрийн турш нар үзэх боломжтой урд буюу зүүн урд талд, харин унтлагын өрөөг оройн нар тусах баруун, баруун хойд талд байрлуулах нь тохиромжтой. Харин аж ахуйн зориулалт бүхий өрөө, гал тогооны өрөөний цонхыг баруун хойш буюу хойд талд байрлуулах нь зүйтэй. Гаднаас орох гол хаалгыг байшингийн өмнө тал болон зүүн талд байрлуулах нь орон нутгийн байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохиромжтой.
Нэг давхар 8х8м хэмжээтэй 64 м2 амины сууцыг 3-4 ам бүлтэй өрхөд зориулж зочны ба гал тогооны, унтлагын, ариун цэврийн, үүдний өрөө, террастай төлөвлөвөл зохистой ба өрөө тасалгааны ашигтай талбай нь:
Өрөө тасалгааны урт өргөний харьцаа 2:3, гүн нь 6.5м-ээс ихгүй байх нь байгалийн гэрлийг бүрэн дүүрэн ашиглах боломжтой юм.
2-3 хүүхэдтэй 4-6 ам бүлтэй айлд 2-3 унтлагын өрөөг төлөвлөх хэрэгтэй. Мөн ам бүл нэмэгдэх, унтлагын өрөөний тоог нэмэгдүүлэх, өрөө тасалгааны талбайг нэмэх зорилгоор давхар буюу мансардтай төлөвлөвөл илүү тохиромжтой.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү.
Төлөвлөж буй сууцыг өөрийн одоогийн хэрэгцээг хангасан байдлаар төлөвлөхдөө хэтдээ өргөтгөж болох хувилбараар төлөвлөх нь бага зардлаар дахин төлөвлөх, өргөтгөх, интерьер экстерьерийн шийдлийг өөрчлөх боломжтой болгоно. Гэхдээ анх төлөвлөхдөө өөрийн хэрэгцээнээс илүү ирээдүйд хэрэглэхээр том, жижиг өрөөнүүд, ашиглахгүй орон зай агуулахыг төлөвлөх нь таны анхны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс гадна байнгын илүүдэл урсгал зардалд /гэрэл, ус, цахилгаан, дулаан, арчилгаа г.м/ сар, өдөр тутамд мөнгө зарлагдах тул, өөрийн амьдрах орон сууцны ашиглагдах хэрэгцээт орон зай талбайг, амьдралын тав тухтай орчныг хангасан дотор гадна интерьер, экстерьер дизайныг, өөрийн гэр бүлийн тав тухтай орчныг хангасан төлөвлөлтийг та болон танай гэр бүлийн гишүүдийн санал бодол, зөвшилцөл илүү бүтээж чадна.
Гэхдээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, мэргэжлийн байгууллагаар зураг төслөө хийлгэвэл таны хүссэн, мөрөөдсөн сууцны төлөвлөлт биеллээ олно гэдэгт итгээрэй. Танд амжилт хүсье.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Эх сурвалж: Барилгачин групп, www.barilgachin.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!