Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Singapore school of Mongolia” сургуулийн хоолонд 30 гаруй хүн хорджээ

М.Туяа, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг

Нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM буюу “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлого гарчээ. SSM сургуулийн 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Халдварын голомтод эмч нарын баг ажиллаж “Singapore school of Mongolia” сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд шинж тэмдэг илэрчээ. Үүнээс 40 гаруй хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж. ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон хоёр хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.

“Singapore School of Mongolia” нь Монгол Улсын ерөнхий боловсролын цөм хөтөлбөрөөс гадна Сингапур улсын ерөнхий боловсролын болоод мэргэжлийн боловсролын түвшинд хэрэгждэг зарим хөтөлбөрийг франчайз эрхтэйгээр хэрэгжүүлэхээр байгуулагдаад удаагүй байгаа юм. Ийнхүү олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь тухайн байгууллагын хоол хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсантай холбоотой.

Мөн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт ачаалал үүсгэж байгаа учраас боловсрол, хяналтын байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хэн буруутай этгээдээр санхүүгийн хохирлыг барагдуулан, дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав

Хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарах шалтгаан нөхцөл гэвэл хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байдаг гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлдэг.

Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Аюулгүй хоол хүнсний таван түлхүүр”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай гэдгийг холбогдох яамныхан хэлж байгаа юм. Аюулгүй хоол хүнс бэлтгэхийн тулд хоол хүнс бэлтгэхээр харьцаж байгаа бүхнээ цэвэр байлгах, болгосон болон болгоогүй хоол хүнсийг тусад нь байлгах, хоол хүнсийг гүйцэд чанах, зохих хэмд хадгалах, аюулгүй ундны ус, түүхий эдийг сонгох гэсэн үндсэн зарчмыг баримтлах ёстой гэнэ.

Ингэж чадвал нүдэнд үл үзэгдэх аливаа төрлийн бохирдол болон түүхий хүнсэнд агуулагдах өвчин үүсгэгч бичил биетүүдээс сэргийлэх боломжтой аж. Хоол, хүнс бэлтгэхдээ бүтээгдэхүүнээ 70-аас багагүй хэмд чанаж, хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг гэнэ. Гүйцэд чанаснаар аюултай бичил биетүүд устдаг аж. Бичил биетүүд 5-60 хэмд маш идэвхтэй үржиж хор ялгаруулдаг учраас хоол хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй.

Зарим бичил биетүүд хөргөгчийн хэмд буюу таван хэмээс ихгүй үед ч үрждэг гэнэ. Мөн эдгээрээс урьдчилан сэргийлж аливаа хүнсний түүхий эдийг заавал угааж хэвших шаардлагатай гэдгийг Мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Зураг