АНУ-ын Боинг компанийн гүйцэтгэх захирал Дэннис Муйленбург өчигдөр буюу Баасан гарагт компанийхаа үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг өгсөн байна.
Тус компани богино хугацаанд дараалан осолдсон 737 Max загварын нисэх онгоцныхоо үйлдвэрлэлийн хэмжээг 20 орчим хувиар бууруулахаар болжээ.
Сард 52 ширхэг ийм загварын онгоц үйлдвэрээс гардаг байсныг дөрөвдүгээр сарын дундаас эхлэн 42 болгон бууруулах шийдвэр гарсан байна.
Өнгөрсөн сарын эхээр Этиопт Boeing 737 Max загварын онгоц осолдоход 157 хүн амиа алдсан бол өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид мөн ийм онгоц осолдоход 189 хүн амь үрэгдсэн юм.
Дээрх хоёр осол нэг шалтгаантай, тодруулж хэлбэл автомат жолоодлогын MCAS системийн програмтай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа Муйленбург өчигдөр мэдэгдсэн байна.
Хэдийгээр үйлдвэрлэх онгоцны тоо хэмжээг бууруулах ч ажлын байранд цомхотгол хийхгүй, санхүүгийн эрсдэл хамгийн бага байхаар үйл ажиллагааг зохион байгуулахаа тэр бас мэдээлжээ.
Бас Боинг компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тусгай хороог байгуулж, компани шинэ онгоц зохион бүтээхдээ хэрхэн ажилладаг арга барилд шалгалт хийхээр болсон байна.
Цаашдаа дахин осол эндэгдэл гарахаас сэргийлж, 737 Max нисэх онгоцны програмд шинэ хувилбар нэвтрүүлэхээр болжээ.
Харин 737 Max загварын үйлдвэрлэлийг асуудлууд шийдэгдсэний дараа буюу зургаадугаар сараас хэвийн хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
|