Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орж буй хүүхдүүд өмнө үзсэн агуулгаа давтан судалдаг, тэрнээсээ бүр залхчихсан санагддаг"

МОНСУДАР
2019 оны 4 сарын 3
Монсудар
Зураг зураг

Түүхийн хичээл бол дунд болон их дээд сургуулиудад заавал судлах хичээлүүдийн нэг. Жил бүр олон мянган оюутан сурагчид энэ хичээлийг судалдаг. Гэвч хүүхэд залуучууд түүхээ бүрэн ойлгож, ухаарч хүмүүжиж чадаж байна уу?, Түүх заах аргазүй хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?, Сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийн уялдаа холбоо ямар түвшинд байна вэ? зэрэг асуудлуудыг хөндсөн “Эх түүхийн хичээл, шинэ хандлага” нэртэй үндэсний семинар өнгөрсөн I сард зохион байгуулагдсан билээ. Энэ семинарын үеэр МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор (Ph.D) Б.Чинзориг дэлхийн түүх, монголын түүхийн хичээлүүдийг хамтатган заахгүйгээр түүхийн тухай мэдлэгийн олж авах боломжгүй талаар нэгэн чухал илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэ сэдвийг лавшруулан, мөн өнөөгийн боловсролын тогтолцоон дахь түүхийн хичээлийн үүрэг, нийтийн боловсролын тухай ярилцсанаа хүргэж байна.

- Даяарчлагдаж буй өнөө үед түүх, тэр дундаа монголын түүх амьдралд тийм чухал хэрэгтэй юм уу? гэх байр суурь, залуусын дунд ажиглагдах боллоо. Уг хандлага төрийн бодлогын түвшинд ч илэрч байна. Та үүн дээр ямар үзэл бодолтой байдаг вэ?

- Түүх судлах сонирхол буурсан нь олон шалтгаантай. Одоогийн залуусын хүсэл сонирхол, үзэл бодол, хандлага эрс өөрчлөгдөн өнөөгөөс хорь, гучин жилийн өмнөх байдлаас нэлээд ялгаатай болж байгаа нь ажиглагддаг. Орчин үед техникийн хөгжил, технологийн хувьсгал, даяарчлагдаж буй хөгжлийн улмаас судалгааны шаардлага, санхүүжилтын чиглэл ч нэлээд өөрчлөгдөж байна. Энэ нь зөвхөн манай улсад явагдаж байгаа үзэгдэл ч биш юм. Гадны улсуудын багш судлаачидтай ярилцахад ч  залуучуудын дунд ч ийм үзэгдэл ажиглагдах болсон хэмээдэг. Гэсэн хэдий ч залуучуудын хүсэл сонирхлоос үүдэн түүхийг огт сонирхохоо болино гэж байхгүй. Түүх бол бидний өнгөрсөн цаг хугацаа шүү дээ. Өнөөдөр амьдарч буй хэн бүхэн хүссэн хүсээгүй өнгөрсөн үеээ ойлгох шаардлага байх л болно. 

Эдүгээ цаг үеийнхээ тухай эргэцүүлэн боддоггүй, эсвэл ирээдүйд хийж бүтээх хүсэл зориггүй, үгүй бол зөвхөн өөрсдийгөө хуурч өнөөдрийн цаг хугацааг арайхийн өнгөрүүлж буй цагт л өнгөрсөн цаг хугацааг хайхрахаа больдог байх л даа. Энэ утгаараа түүх судлал өмнө нь ч байсан, одоо ч байна, ирээдүйд ч байх.      

Шүүмжлэлтэй хандах зүйл нь, 1990 оноос хойш цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс анхаарлаа уул уурхай, банк санхүү, мөнгө төгрөг тойрсон салбаруудад хандуулж, тэр салбарууд л хөгжиж эхэлсэн. Үнэн хэрэгтээ манай улсад шинжлэх ухааны салбарын хөгжлийг анхаарч үзэлгүй, зөвхөн мөнгө хөөсөн, түүнийг шүтэх хандлага бий болчихсон. Харин ашгийн бус, орхигдсон салбаруудын нэг нь нийгмийн шинжлэх ухаан, түүний дотор түүхийн шинжлэх ухаан болоод байна. Эдгээрийн балаг нь одоо бидний үед бууж байгаа юм. Нийтийн боловсролын түвшин доройтчихсон байгаа нь нийгмийн шинжлэх ухаан хөгжөөгүйтэй шууд холбоотой. Үүнээс үүдэн ардчилсан нийгмийн бүхий л үнэт зүйлсүүд гажуудаж, тэдгээрээсээ одоо бид гарч чадахгүй зүдэж байна. 

- Зөвхөн хичээлээс гадна дэлхийн түүхийн судалгааны аргазүйгээс ч монголчууд хол хоцрогдсон гэсэн шүүмжлэл гарч байна.

- Бид хоцорч байгаа нь үнэн. Энэ нь ч бас олон шалтгаантай. Нэгдүгээрт, саяны хэлдэг нийтийн оюун санааны доройтол хямрал, нийгмийн шинжлэх ухаан хөгжөөгүй байдал. Хоёрдугаарт, яг үнэнийг хэлэхэд манай улсад түүхийн шинжлэх ухааны боловсон хүчний хомсдол үүсээд байна. 1990 оноос өмнө төр боловсон хүчний маш тодорхой бодлоготой байсан.

Харин өнөөдөр шинжлэх ухааны салбарууд зах зээлийн буюу мөнгөний зохицуулалтаар явдаг болсон тул ямар нэг зохион байгуулалтгүйгээр ихэнхдээ хувь хүмүүс, эрдэмтэн судлаачдаас өөрсдөөс нь шалтгаалан хувирч өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанаар “мөнгө олдог” салбарууд нь тодорхой хэмжээгээр хөгжөөд, “мөнгө олдоггүй”, “зах зээлгүй” танин мэдэхүйн салбарууд нь ичмээр, голмоор түвшинд “санжигнаад”, “дүүжигнээд” явж байгаа юм. Ийм “зах зээлгүй” буюу цэвэр танин мэдэхүйн, оюун санааны салбар нь нийгмийн ухааны салбарууд тэр дунд түүхийн шинжлэх ухаан багтаад байгаа юм. Яагаад гэвэл нийгмийн шинжлэх ухааны салбарууд хүмүүсийн гар дээр шууд “мөнгө тавьдаггүй” болохоор тэр.

Манай улс орон, манай иргэд ч оюун санаа, хөрөнгө мөнгө, ухамсарын аль алины хувьд дорой байна л даа. Хувиасаа болон өрөөлөөс өчнөөн мөнгө төгрөг зарж гуйгаад өрнөд болон дэлхийн хөгжингүй улс орнуудад сурч боловсрон шинжлэх ухаанд суралцаж ирчихээд хүссэн зүйлээ хийж бүтээгээд амьдрах нийгэм ч бас биш юм. Манайд одоо танин мэдэхүйн төлөө, шинжлэх ухааны төлөө ажиллаж байгаа хүн “тэнэг амьтанд” л тооцогддог болоо биз дээ. Тэгж бодохоор хоцрох нь аргагүй шүү дээ.

- Олон нийт түүхийн талаар нэгдсэн ойлголтгүй байна. Төрөөс энэ тал дээр хэрхэн анхаардаг гэж та боддог вэ?  

- Түүхийн шинжлэх ухаан нь үйл явдлын утга учрыг олон талаас нь ухаарч ойлгож судалдаг салбар учраас олон нийтээс түүхийн аливаа үйл явдлын тухай заавал нэгдсэн, нэг ойлголт ухааралтай байхыг шаарддаггүй, тулгадаггүй юм.

Харин төрөөс боловсруулж буй сургалтын хөтөлбөр бол тухайн төрийн нэгдмэл бодлогод нийцэн явагдах ёстой. Манай улсын сургалтын хөтөлбөрт шүүмжлэх зүйл цөөнгүй бий. Төр засаг нь олон нийт болоод судлаачдын шүүмжлэлийг яаж хүлээж авдаг нь харин тусдаа асуудал байх.

- Саяхныг хүртэл монголын түүхийг дэлхийн түүхээс тусад нь авч үзэж, ерөнхий боловсролын сургуулиудад монголын түүхийн хичээлийг голчлон заах болсон. Харин их, дээд сургуулиуд энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

- Манайхан өмнө нь эх түүх гэхээр оюун санаа, үзэл бодлоо Монгол улсын хил хязгаараар хязгаарлачихдаг байсан. Тиймээс дэлхий нийтийн, олон улсын болоод бүс нутгийн түүх, соёлын тухай монголчуудын танин мэдэхүй үнэхээр өчүүхэн байсан, одоо ч тийм байсаар байна. МУИС-ийн Түүхийн тэнхим энэ салбарынхаа тэргүүлэх байгууллагын хувьд энэ үзэл, хандлагаас хамгийн түрүүнд гарах ёстой гэж дотор нь ажиллаж байгаа судлаач багш нар санал нэгтэй байдаг. Тиймээс дээд боловсролын шинэчлэл 2014 оноос явагдахад энэ нэг хязгаарлагдмал байдлаасаа гарч дэлхийн түүхийн хичээлүүдийн тоо, багц цаг, агуулгыг нэмэгдүүлэхийг хичээсээр ирсэн. Ийм шаардлага дан ганц дээд боловсролд ч биш, мөн ч ерөнхий боловсролын хувьд ч хамаатай. Дэлхийн түүхийг шинжлэх ухааны болон энгийн түвшинд танин мэдэх явдлыг нэмэгдүүлэх нь олон давуу талтай. 

Нэгдүгээрт: Монголчуудын оюун санаанд хадаастай байдаг Европ төвт үзлээс ангижрах боломжийг олгоно. Дэлхийн түүхийг Европ төвт үзлээс хардаг, эсвэл өөрсдийгөө голдог, түүхээ үнэлж дүгнэж чаддаггүй, мэддэггүй явдлаас л зайлсхийж чадна л гэсэн үг л дээ. 

Хоёрдугаарт: Бид өнөө цагт их дэлгэрч байгаа үндсэрхэг үзлийг даван туулахад туслана. Өөрөөр хэлбэл “зөвхөн монгол”, “монголчууд бид л” гээд цээжээ хоосон дэлдэхээргүй болох юм л даа. Зөвхөн өөрсдөөрөө дэлхий ертөнцийг ухаардаг, бараг бүх л юмыг монголтой холбочихдог, монгол байхгүй бол дэлхий байхгүй, бараг л хүн монголоос үүссэн гэх мэтийн үндэстний аминч хандлага олон нийтийн дунд түгчихжээ. Нийгмийн оюун санааны хомсдолд орчихжээ гэмээр санагдах юм. 

Эцэст нь, одоо хүн болгоны амнаас гарч байгаа иргэний даяарших чадвар гэдгийг залуучуудад суулгах, төлөвшүүлэхэд нь дэлхийн түүхийн боловсрол маш чухал нөлөөлдөг. Дэлхий, олон улсын түүх, соёлыг таньж мэдэх тусам “орк” гэж бие биесээ ёжлох, ёжлуулахааргүй болно.  

Одоо бидний шүтдэг АНУ-ын түүхийн боловсролын байдал гэхэд зуугаад жилийн өмнө өнөөгийн манай улсынхтай адил түвшинд байсан. Дэлхийн II дайны дараа америкууд зөвхөн “үндэстний агуулгатай түүх”-ийн боловсролын системээ өөрчилж дэлхий, олон улсын түүхийг эрчимтэй хөгжүүлж судалсан. Үр дүнд нь 1990 он хүртэл гучин жилийн дотор америкууд дэлхий, бүс нутгийн түвшинд тэргүүлэн ноёлж байна шүү дээ. Монгол судлалд ч, Хятад, Японы түүх судлалд ч, Египет, Энэтхэгийн түүхийг ч америкчууд судалж байна. Иймд бид дэлхийн түүхэнд суурилж, дэлхийн хэмжээний судалгаа хийх чадвартай боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байгаа юм. 

- Хоцрогдол байгааг олон талаас нь ярилаа. Илүү тодруулаад сургалттай холбож асуухад, манай түүхийн сургалт олон улсын их дээд сургуулиудын түүхийн сургалтын хооронд яг ямар зөрүү байна вэ?

- Ерөнхийд нь авч үзвэл, манай улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд богино хугацаанд өөрчлөгдөж шинэчлэгдэхгүй бол, одоогийн сургалтын систем, хандлага сууриараа өөрчлөгдөхгүй, зохион байгуулагдахгүй л бол дэлхийн шинжлэх ухаантай мөр зэрэгцэнэ гэх мэт мөрөөдөл “сансарын” юм шиг төсөөлөгдсөн хэвээрээ байх бизээ. Энгийн багш хүний хувьд өнөөдөр энэ мэт хуурмаг мөрөөдөлд нэг их итгээд байдаггүй.

- Их сургуулийн хувьд ийм байж. Харин ерөнхий боловсролын хөтөлбөрт дэлхийн түүх болон монголын түүхийн холбоо хамаарал ямар байдалтай явж байгаа вэ?

- Боловсролын тогтолцоонд нэг бэрхшээл байгаа юм. Дээд боловсрол болон ерөнхий боловсрол хоорондын хөтөлбөрүүдэд уялдаа холбоо байдаггүй явдал. Тэднийг холбож байх ёстой төр засаг нь ажиллахаа байчихсан, ямар нэг холбогч байгуулал тогтолцоонд нь суугаагүй. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орж ирж буй хүүхдүүд өмнө үзсэн агуулгаа давтан судалдаг, тэрнээсээ бүр залхчихаад явж байх шиг санагддаг. Ерөнхий боловсролын сургуульд түүхийн мэдлэг олсон сурагч их дээд сургуульд ороод ийм ийм агуулгаар хичээл судалж ийм тийм түвшинд ахисан байх ёстой юм байна гэсэн судалгаа ч огт харсангүй, системд нь тийм зүйл ч байдаггүй.

Дунд сургуулийн багш нар чухам ямар түвшинд, юуг яаж зааж байна гэдгийг их сургуулийн багш нар мэддэггүй, их сургуулийн түвшинд дэвшин суралцахад нь ерөнхий боловсолын хичээлийн агуулга нь ийм тийм түвшинд заах учиртай юм байна гэж дунд сургуулийн багш нарт ч бодох сөхөө өгдөггүй тийм тогтолцоотой болжээ гэж санагддаг. Энэ ганц түүхийн салбарт ч хамаатай зүйл биш. Цаашид үр хүүхдүүдээ хувь хүний хувьд ч, нийт нийгмийн хувьд ч яаж, ямар байдлаар өсөж дэвшээд, хөгжиж төлөвшөөд явах нь ойлгомжтой, тодорхой байх тийм л тогтолцоо, бүтцийг бодитоор бий болгох шаардлагатай.  

- Эцэст нь асуухад, боловсролын хөтөлбөрт дэлхийн болон монголын түүхийн аль нэгийх нь агуулгыг илүү тусгах хэрэгтэй юу, эсвэл тэнцвэртэй байх хэрэгтэй юу?  

- Дэлхийн түүх, үндэстний түүхийн агуулга аль аль нь тэнцвэртэй байхаар “цаасан дээр” тусгагдсан байдаг юм. Гэтэл олон зүйлээс шалтгаалаад хөтөлбөр бодит байдал дээрээ үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаа юм. Эцсийн үр дүн нь бодитойгоор үр хүүхдүүдийн оюун санаа, мэдлэг боловсрол, ухамсар төлөвшилд нь хүртэн мэдэгддэг тийм хөтөлбөр, агуулга, аргазүйг аль аль түвшинд системтэйгээр боловсруулах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах шаардлагатай.

Төрийн хэн нэгэн нам, удирдах албан байгууллага, албан тушаалтны цаасан дээр л хэрэгтэй байдаг, бодитой үр дүн үзүүлдэггүй олон “гоё” хөтөлбөрийг хичнээн мөнгө зарж олноор зохиогоод хол явахгүй, нэмэргүй л дээ.