Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд цайгаа давсгүй ууж заншсанаар давсны хэрэглээгээ хоёр граммаар бууруулах боломжтой

О.Булган, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг: MPA.mn

Монгол Улсын нийт хүн амын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буй нь дэлхийн хүн амын халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтаас зургаан пунктээр өндөр байгаа тоо юм.

Түүнчлэн Нийгмийн Эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байна гэсэн үр дүн гарчээ.

Тэгвэл энэхүү халдварт бус өвчинтэй болох томоохон хүчин зүйлүүдийн нэгээр давсны хэт их хэрэглээ хэмээн судлаачид дүгнээд удаж байна. Нийт насанд хүрэгсдийн арван хүн тутмын 8 нь 5 граммаас их давс, 19.5% нь давс ихтэй хоол хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 %, нийтийн хоолны 81.6% нь тус тус давс ихтэй байдаг аж.

Үүнтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтод 2025 он гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувь бууруулахаар зорилт тавьсан байдаг. Манай улсын хувьд ч мөн 2015-2025 оны хооронд хэрэгжүүлж буй "Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги"-д 2025 онд гэхэд давсны хэрэглээг 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс, хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулах зорилт тавин тус тус ажиллаж байгаа юм. 

 "Давс ба эрүүл мэнд" дэлхийн хөдөлгөөний санаачилгаар дэлхийн улсууд жил бүрийн гуравдугаар сарын нэг долоо хоногийг "Давсны мэдээлэл сурталчилгааны долоо хоног" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг аж.

Тус хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон ба энэ жилийн хувьд "Давсыг хоолны цэснээс хасъя!" уриан дор гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын нэгний өдөр хүртэл ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСШУСЯ, МХЕГ хамтран тэмдэглэж, олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Зүрх судасны өвчлөлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол давсны хэрэглээгээ бууруулах юм
 
Гэрэл зургийг: MPA.mn

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол хүний хоногийн давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж болох хоногт 5 граммаас хоёр дахин их байдаг нь тогтоогдоод байгаа. Насанд хүрэгсдийн хоногт хэрэглэх давсны хэрэглээг 5 грамм хүртэл болгож бууруулах нь хувь хүн болоод улс орны эрүүл мэнд, эдийн засгийн салбарт мэдэгдэхүйц эерэг үр дүнг авчирдаг. 

НҮБ-ын шинжээчдийн баг Монгол Улс дахь зүрх судасны өвчлөлийн хүчин зүйлийг бууруулах арга замын талаарх судалгаа явуулахад давсны хэрэглээг буруулах нь хамгийн үр дүнтэй арга зам гэсэн дүгнэлтэд хүрээд буйг онцлон тэмдэглэмээр байна. Түүнчлэн давсны хэрэглээ бууруулахад зарцуулсан нэг төгрөг тутам 15 жилийн дараа 16.9 төгрөгийн эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөжийг эргэн авчирдаг гэсэн судалгаа ч байдаг" хэмээлээ.

Монголчууд цайгаа давсгүй ууж заншсанаар давсны хэрэглээгээ хоёр граммаар бууруулах боломжтой

ЭМЯ, НЭМГ-ын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа "Давс нь тархины харвалт, ходоодны хавдар, яс сийрэгжилт, чихрийн шижин болон бөөрний өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг юм. Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх нь биднээс ямар нэгэн үнэ, өртөг шаардагдахгүй харин зөвхөн сонголтоос л шалтгаалах зүйл юм" хэмээн онцоллоо.

 

Түүнчлэн иргэд давсыг хоолны цэснээс хасах хамгийн эхний алхамд цайнаасаа давсны агууламжаа бууруулахыг эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байна.

Учир нь давстай болон давсгүй цай уудаг хүмүүсийн сүүлийн 24 цагийн шээснээс шинжилгээ авахад давстай цай уудаг хүмүүсийн давсны хэрэглээ хоёр граммаар их буй нь тогтоогджээ. Тийм учраас эхний ээлжид цайгаа давсгүй ууж заншсанаар давсны хэрэглээгээ хоёр граммаар бууруулах боломжтойг дурдлаа.