Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төрж буй ээжүүдийн 45% нь гэр бүлийн баталгаагүй үедээ хүүхэд төрүүлж байна

Б.Ану
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
https://newbostonpost.com/2017/04/17/no-father-no-peace/

Дуучин М.Нарантуяа олон нийтийн сүлжээнд хүүхдийнхээ эцгийн тухай мэдээллийг оруулснаас үүдэн нийгэмд гэр бүлийн үүрэг хариуцлагын тухай олон асуудал хөндөгдөн яригдаж байна.

Үүнтэй холбоотойгоор бид зарим статистик мэдээллийг сонирхуулж байна.

НЭГ. Монгол Улсад 11 мянга гаруй хүн шүүхийн шийдвэрийн дагуу эцэг/эх -ийн тэтгэмжийг хүүхдэдээ олгож байна

Монгол Улсад өрх толгойлсон хүний тоо 2018 оны эцсээр 91,503 байна.

Үүний 72,035 нь буюу 78.7 хувь буюу ойролцоогоор 80 хувь нь эмэгтэйчүүд байгааг Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харж болно.

Тэгвэл өрх толгойлж буй хүмүүс нь бэлэвсэрсэн, гэр бүл салсан, анхнаасаа гэр бүл болоогүй гэх мэт янз бүрийн шалтгаантай.  Өөрөөр хэлбэл, 72 мянган ээжийн өнөөдөр хэчнээн нь гэр бүл салсан болон огт гэрлээгүйгээр өрх толгойлж байгаа статистик тодорхойгүй байна. 

Ямартай ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас авсан мэдээллээр Монгол Улсад 11 мянга гаруй эцэг эсвэл эх шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдэдээ тэтгэмж олгож байна (Төрөөс олгож буй тэтгэмжээс тусдаа).

2018 онд гэхэд 1,146 удаагийн ийм төрлийн шүүхийн шийдвэр гарч эцэг эсвэл эхийн тэтгэмжийг шүүхийн шийдвэрийн дагуу олгож байна. Эцэг эсвэл эхийн тэтгэмжийг шүүхийн шийдвэрийн дагуу олгож байгаа 11 мянга гаруй хүнийг хүйсээр нь салган харуулсан статистик одоогоор алга. Гэхдээ Улаанбаатарт гэхэд шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдэдээ тэтгэмж өгдөг 14 эх байдаг аж. Орон даяарх тоо одоогоор тодорхойгүй байгааг ШШГЕГ мэдээллээ.

Гэр бүлийн тухай хуулийн дагуу шүүхээр тогтоолгон хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээ:

  1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;
  2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэмж олгох ёстой байдаг. 

Амьжиргааны доод түвшинг жил бүр шинэчлэн тогтоодог бөгөөд 2019 оны мэдээгээр Улаанбаатарт гэхэд энэ нь сарын 217 мянган төгрөгөөр тогтоогдсон билээ. Гэтэл шүүхийн шийдвэрээр тэтгэмж олгох шийдвэр гарсан ч үүнийгээ биелүүлээгүй эцэг, эх Зөрчлийн хуулиар ердөө 200 мянган төгрөгөөр нэг удаа торгуулдаг нь өөрөө учир дутагдалтай шийдвэр байгааг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо онцолж торгуулийн хэмжээ, аргыг өөрчлөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

ХОЁР.  Эмэгтэйчүүдийн 45% нь гэр бүлийн баталгаагүй үедээ хүүхэд төрүүлж байна 

2019 оны нэгдүгээр сард амаржсан эхчүүдийн 52.9 хувь нь гэрлэсэн, 45.6 хувь нь гэрлээгүй, 1.5 хувь гэрлэлтээ цуцлуулсан байна.

Хоёрдугаар сарын статистикийг харвал гэрлээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн эхийн тоо мөн л 45.3 хувь байна. Гэхдээ энэ нь төрж буй ээжүүдийн 45 хувь буюу бараг тал нь хүүхдийн эцэгтэй гэр бүл болдоггүй гэсэн үг биш, зөвхөн хүүхэд төрүүлэх үедээ л гэр бүлээ батлуулаагүй байна гэсэн үг.

Үүнээс харвал, монголчуудын бараг тал нь хүүхэд төрсний дараагаар гэр бүлээ батлуулах эсэхээ шийддэг нь харагдаж байна. Энэ тоо мөн тухайн эмэгтэйн хэд дэх хүүхэд байхаас өөр өөр хувьтай гарах нь тодорхой. 

Ямартай ч энэ байдлаас үүдэн олон хүүхэд эцгийн зохих халамж, тэтгэмжийг хүртэх эрх нь зөрчигдөж байхыг үгүйсгэхгүй юм.