АНУ-ын судлаачид хэт халуун цай их хэмжээгээр уух нь улаан хоолойн хорт хавдар үүсэх магадлалыг бараг хоёр дахин нэмэгдүүлдгийг тогтоожээ.
Тодруулбал Цельсийн 60 хэмээс өндөр температуртай цайг өдөрт 700 мл-ээс дээш хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдар тусах магадлал үүнээс бага хэмжээтэй, халуун биш цай уудаг хүмүүсийнхээс 90 хувь өндөр байгааг тогтоосон байна.
700 мл нь том хэмжээтэй хоёр аяга цай гэсэн үг юм. Судалгааг цай ихээр хэрэглэдэг Ираны зүүн хойд Голестан мужийн 50,000 гаруй хүний мэдээлэл дээр үндэслэн гүйцэтгэжээ.
Халуун цай уух нь улаан хоолойн хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг өмнөх судалгаанууд тогтоож байсан ч энэ удаа халууны хэмжээг нь нарийн зааж өгснөөрөө онцлог болохыг Америкийн Хорт Хавдрын Нийгэмлэгийн гишүүн, уг судалгааг ахалсан доктор Фархад Ислами мэдээлсэн байна.
Шинэ судалгааны тайлан өчигдөр “International Journal of Cancer” сэтгүүлд нийтлэгджээ.
Улаан хоолойн хорт хавдар нь өнөөдөр дэлхий даяар хамгийн их үхэл дагуулдаг найман хорт хавдрын нэг бөгөөд жил бүр 400,000 орчим хүний аминд хүрдэг. Хүний идэж уусан хоол хүнс улаан хоолойгоор дамжин ходоодонд хүрдэг юм.
Яагаад зөвхөн халуун цай хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдгийг тогтоохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатайг дээрх тайланд өгүүлжээ.
АНУ, Европт хэт халуун цай уух зуршил ховорт тооцогддог бол Орос, Иран, Турк, Өмнөд Америк зэрэг бүс нутгуудад халуун цай уух нь хэвийн үзэгдэл байдаг.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!