Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Улаанбурхан өвчин 2018 оны сүүлийн хагасаас маш олон оронд тархалттай байгаа. Тархалт гарах эрсдэлтэй байсан учраас бид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байсан.
Гэсэн ч харамсалтай нь өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдлоо" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаанбурхан өвчин мөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо.
Өнөө өглөө ХӨСҮТ-ийн ажилтнууд Оюутолгой руу ниссэн. Өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тус тусад тусгаарласан байгаа. Өвчнийг тархаахгүй тэнд нь дарахаар зорин ажиллаж байна.
Манай ажилтнууд халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр бүхий л ажлыг зохион байгуулна. Шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан.
Улаанбурханы дэгдэлт 2016 онд гарснаас хойш анх удаа лабораторийн шинжилгээгээр баталгаажсан нь энэ болж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Улаанбурхан өвчин дэлхий дахинаа нэлээд өндөр халдварын тархалттай байгаа талаар мэдээллийг ДЭМБ-аас өгсөөр байгаа. Түүнчлэн манай хоёр хөршид улаанбурханы дэгдэлт гараад байгаа бол Энэтхэг улсад 64 мянган хүн улаанбурханаар өвчлөөд байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!