Монгол Улс Бүгд Найрамдах Уганда Улстай энэ сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоолоо.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.
Бүгд Найрамдах Уганда Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна. Тухайлбал, далайд гарцгүй хөгжиж орнуудын эрх ашгийг хамгаалах, уул уурхайн салбарт харилцан туршлагаа хуваалцаж, нягт хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Уганда Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ричард Ндухуура нар гарын үсэг зурлаа.
Хамтарсан албан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Монгол, Бүгд Найрамдах Уганда Улсын Байнгын төлөөлөгчид захидал мөн илгээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!