Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзаяа: “ТЭТГЭЛЭГ" аппликэшн боломжийг түгээдэг гэдэгт итгэдэг

ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Гадаад болон дотоодын их, дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл, хэрэгцээтэй зөвлөгөөг цаг алдалгүй хүргэдэг, залуучуудын мэдээлэл хүлээн авдаг чухал суваг болоод байгаа “Өдөр бүр шинэ боломж” уриатай “Тэтгэлэг" аппликэшнийг санаачлагч Б.Батзаяатай ярилцлаа.

-Сайн байна уу?  Энэ өдрийн мэнд хүргэе. “Тэтгэлэг” аппликэшний талаар манай ушигчдад мэдээлэл өгөөч?

-Баярлалаа. Танд мөн энэ өдрийн мэндийг хүргэе. “Тэтгэлэг" аппликэшн нь гадаад болон дотоодын их, дээд, сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг нэгтгэн хүргэдэг апп гэж ойлгож болно.

Мөн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдаж суралцсан залуусын туршлагыг хуваалцах зөвлөгөө, ярилцлагын булантай. Саяхнаас аппликэшн хөгжүүлэлтийн баг зөвхөн мэдээлэл хүргэдэг бус, хэрэглэгчид өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжийг олгох зорилгоор форум буланг ажиллуулж эхлээд байна. Одоогоор жил гаруйн хугацаанд амжилттай үйл ажиллагаагаа явуулаад буй юм.

-Яагаад “Тэтгэлэг" аппликэшнийг санаачлан ажил хэрэг болгосон бэ? 

“Тэтгэлэг" аппликэшнийг бүтээх санааг оюутан байхдаа олсон. Учир нь намайг оюутан байхад янз бүрийн сургалтын тэтгэлгүүд зарлагддаг байсан ч би болон миний үеийнхэн тэтгэлгийн мэдээллийг тухай бүрт нь цаг алдалгүй хүлээн авах боломжгүй байсан. Мэдээж албан байгууллагууд тэтгэлэг зарласан тухай мэдээллээ хүргэдэг боловч яг оюутан бүрт тэр мэдээлэл нь хараахан хүрдэггүй юм шиг санагдсан.

Миний хувьд оюутан байхад тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан эсэхийг найзуудаасаа лавлах, эсвэл их, дээд  сургуулиудын зарын самбарыг тогтмол шалгаж байж мэддэг байсан. Тухайн үед зарим их сургуулийн зарын самбарт байрлуулсан тэтгэлгийн талаарх мэдээлэл өөр бусад сургуулийн самбарт харагддаггүй байсан. Гэтэл сургалтын тэтгэлэг гэдэг тодорхой хугацаанд зарлагдаад материалаа хүлээж аваад дуусчихдаг. Тиймээс энэ төрлийн мэдээллийг нэгтгэж хүргэдэг “сүлжээ” байдаг бол маш хэрэгтэй юм байна гэж боддог байсан. 

Тэгээд хэсэг хугацаанд “Тэтгэлэг” нэртэй фэйсбүүк пэйж хуудас хөтөлж эхэлсэн. Дараа нь хуудсаа өргөжүүлж, хөгжүүлээд аппликэшн болгохоор шийдсэн.

 

-Сонирхолтой түүх байна. Одоо “Тэтгэлэг” аппликэшн нийт хэдэн хэрэглэгчтэй вэ. Танай аппликэшнийг аль насныхан тогтмол ашиглаж байна? 

-Одоогийн байдлаар 30,000 гаруй залуус идэвхтэй ашиглаж байна. Идэвхтэй гэж хэлж байгаа нь тэтгэлгийн тухай шинэ мэдээлэл ороход тогтмол 40,000-60,000 хүн үздэг. Мөн манай аппликэшний хэрэглэгчдээс бидэнд талархлын зурвас тасралтгүй илгээдэг болсон нь манай багт маш том урам зориг өгдөг. Тэр зурвасууд дунд “Тэтгэлэг аппликэйшн”-ээс мэдээлэл аваад сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртсэн оюутан, залуус багагүй байдгийг мэдсэн. Насны хувьд гэвэл нийт хэрэглэгчийн дийлэнх хувь нь 16-30 насныхан.

Хувийн хэвшлийн байгууллагуудыг сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлахад уриалж байгаа

-Аппликэшний хөгжүүлэлт болон өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн тасралтгүй  явуулдаг вэ?

-“Тэтгэлэг" аплликэйшн боломжийг түгээдэг гэж боддог. Манай аппликэшн үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа нэг хэрэглэгчтэй байсан ч мэдээллээ тасралтгүй нийтлэх ёстой гэсэн зарчмаар ажиллаж ирсэн. Миний хувьд сэтгүүл зүйн анги төгссөн, IT чиглэлийн мэргэжил эзэмшээгүй, энэ салбарын хүн биш. Харин манай аппликэйшний хөгжүүлэлтийг программ хангамжийн салбарт 10 гаруй жил амжилттай ажиллаж байгаа “Үүпс” компани гүйцэтгэж, өдгөө хөгжүүлэлт болон бусад зүйлсийг хариуцан ажиллаж байгаа.

Бид эхэндээ аппликэшнээ сонирхлоороо ажиллуулж байсан бол уншигчид нэмэгдэх хэрээр хариуцлага хүлээж, илүү мэргэжлийн байхыг чармайж, хичээж байна.
Бид гадагшаа тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцахад зөвлөх үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын байгууллагууд, гадаад хэлний сургалтын төвүүд, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай байгууллагуудтай хамтран ажилладаг.

 

-“Тэтгэлэг" аппликйшн цаашдаа ямар нэмэлт хөгжүүлэлт хийх вэ. Та бүхэн аппликэшнээ хэрхэн өргөжүүлэх вэ?

-Аппликэшн хөгжүүлэлтийн хувьд төлөвлөсөн сонирхолтой шийдлүүд бидэнд бий. Жил ирэх тусам тасралтгүй хөгжүүлж, илүү олон боломжийг хэрэглэгчдэдээ олгох болно. Мөн тодорхой нэг ажил төлөвлөөд байгаа нь хувийн хэвшлийн байгууллагуудыг сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлахад уриалж байгаа юм.

Тухайлбал, аж ахуй нэгж байгууллагууд чадварлаг хүний нөөцөө бэлтгэх, салбар бүрийн шилдэг оюутан залуусын амжилттай суралцах боломжийг бий болгох зорилгоор тэтгэлэг зарлах сонирхолтой байдаг боловч мэдээллээ нийт оюутнуудад хүргэхийн тулд багагүй нэмэлт зардал гаргах шаардлага тулгардаг. Тэгвэл “Тэтгэлэг" аппликэшн боловсролыг дэмжигч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хувийн хэвшлийн болон бүх төрлийн байгууллагын зарласан тэтгэлэгт хөтөлбөрийг үнэ төлбөргүй мэдээлж, дэмжиж  ажиллах тал дээр шат дараатай ажлууд хийхээр төлөвлөж байна. Энэ нь олон оюутанд тэтгэлэг хүртэх боломжийг олгохоос гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд бодитой хамтын ажиллагаа болно гэдэгт итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Тэтгэлэг аппликэшн татах - App store –  https://goo.gl/rTXQxy 
Тэтгэлэг аппликэшн татах - Play store –  https://goo.gl/EpUyQu