Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Есөн эрдмийн мэргэд

ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн номын сангаас авч уншаад хугацаагаа хэтрүүлэн хэтрүүлэн байж тушаачихаад, удалгүй дахин түүнээ захиалан авч уншиж байсан нэгэн ном надад байдаг юм. Тэр ном бол “Есөн эрдмийн мэргэд” хэмээх нэртэй, нимгэн цэнхэр хавтастай ном байлаа. Тэр номоос би ертөнцийн хамаг л сод хүмүүсийн тухай тоймтой, цэгцтэй мэдээллийг анх удаа авсан юм.

Одоо эргээд харахад тэр номд утга зохиол, урлаг соёлын болон нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн товч намтар лавлахыг эрт үеэс эхлэн хэсэглэж бүлэглэн түүвэрлэж оруулсан юм билээ. Түгээмэл түүх, уран зохиол болон бусад хичээлээр нэр мэдэх болсон эрдэмтэн зохиолчдоос гадна тухайн үед миний сонсож мэдээгүй олон хүний тухай сонирхолтой өгүүллүүд байсан юм.

Номынхоо эхэнд “Шинжлэх ухааны хүмүүс Пастер, Фарадей... гэх мэтийн хүмүүсийн намтар ... бол хүмүүжүүлэх талаар уран зохиолоос дутуугүй чухал юм” гэж пролетарийн их зохиолч М.Горькийгоос Эрдэнэбатхаанд бичсэн захидлаас иш татсан байсан нь чухам л гал, тос хоёрыг авцалдуулсан мэт зохицолдож намайг асаасан билээ. Тэр л эрчээрээ би Фарадейн “Лааны түүх”-ийг уншиж байлаа. Есөн эрдмийн мэргэд номоос би тийн гэгээрч билээ. Чухам л наддаа нэвтэрхий толийн үүрэг гүйцэтгэж гэгээрүүлсэн ном бол яах аргагүй “Есөн эрдмийн мэргэд” билээ. Ертөнцийн эгэлгүй суутнуудтай зэрэгцүүлж монголынхоо нэр төртэй хүмүүсийн намтар түүхийг оруулсан нь бас гайхах, бахархах сэтгэлийг зэрэг төрүүлж байв. Тэр үед гаднынхыг дээш залж, өөрсдийнхнөө доош дардаг дорой үзэл ноёлоод байсан цаг л даа.

Өгүүлэн буй 1970-аад оны эхэн үед монгол хэлээр гарсан нэвтэрхий толь гээч бүтээл байсангүй. Чухам түүнийг энэхүү “Есөн эрдмийн мэргэд” гэдэг ном л орлосон юм. Энэ номын тухайд дурдахдаа нэвтэрхий толь гэдэг үгийг санаандгүй ч юм шиг дурдаад байгаа минь учиртай. Тэр номыг зохиогч нь Г.Гонгоржав гэдэг хүн байсныг би хожуу л мэдсэн хэрэг. Тэр номоос өмнө энэ нэрийг сонсож байсангүй, харин дараа нь бол ахиу ахиугаар сонссоор байгаад эрдэс чулуу мэт үнэтэй, эрдэнийн чулуу мэт ховорхон авьяас чадвартай хүн болохыг нь мэдэх болжээ.

1978 онд миний бие ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болж очив. Би хэл шинжлэлийн тасагт туршилт авиа зүйн лабораторид ажиллаж байлаа. Тэр үед манай хүрээлэнгийн бүрэлдэхүүнд “Нэвтэрхий толийн тасаг” гэж Р.Гүрбазар гуайгаар ахлуулсан хоёр гуравхан хүн байв. Ирэх жилээс нь тус тасгийг өргөтгөх болж, уралдаант шалгалт болж байгаад баахан хүүхэн элсүүлж авлаа. Орос хэлний багш голдуухан мэргэжлийн хүмүүс цугласан байж билээ.

Тэгээд л хэдэн жилийн өмнө Р.Гүрбазарын зохиосон “Монголын хураангуй нэвтэрхий толь зохиох арга зүй” гэдэг номыг баримталж байгаад л нэвтэрхий толь зохиох юм болов. Шаардлагатай нөхцөлд гаднын хүнд захиалгаар бичүүлэх юм гэнэ. Хэдий тийм их анхаарал халамж талбиж тэтгэсэн ч уул ажил урагштай ахисангүй. Хожим нь энэ толийг физик техникийн хүрээлэнд өөр хүмүүс дуусгаж хэвлүүлсэн тавилантай. Арын хаалганы голдуу хүмүүс цуглуулсны харгайгаар улсын энэ чухал ажил тасалдаж байсан түүх энэ буюу.

Тэр цагт Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны дэргэд “Хүүхдийн нэвтэрхий толь” зохиох ажлын хэсэг (тухайн албаны нэрийг зөв нэрлээгүй байж магадгүй) байгуулагдан ажиллаж байгаа тухай сураг гарч байлаа. Тэр ч байтугай Г.Ловор, Г.Гонгоржав мэтийн чадвартай хүмүүсийг татан оролцуулж, чадварлаг цомхон багаар ажиллаж байгааг гаднаас бид ажиглах л төдий байж дээ. Тэр үед нэгэн ухаалаг хүн хэлж билээ.

“Арын хаалганы энэ хүүхнүүд бүтэхгүй ээ. Хийх чадвартай, ялангуяа дуртай хүнийг ажиллуулах байсан юм. С.Жамбалдорж, Г.Ловор, Г.Гонгоржав нарыг хараад л байгаарай” гэсэн үг нь яах аргагүй үнэн болж “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” өнөөх олон жилийн бэлтгэлтэй, тусгай тасгаар гүйцэтгэж байгаа ажлаас түрүүлээд гараад ирж билээ.  Чухамдаа тэнд тольч зүйч мэргэжлийн хүмүүсийг олж ажиллуулж чадсан байлаа. Тэр үед толь зүйч болон мэргэшиж чадаагүй байсан хэдий ч болж чадахаа нэгэнт харуулчихсан хүмүүс тэнд ажилласан байжээ. Үүний цаад углуургад Л.Түдэв авгайг нэрлэх л хэрэгтэй болно.

Химич мэргэжилтэй, эрдэм чулуулагт дуртай Г.Гонгоржав гуай монголоо гэсэн сэтгэлийг хэзээнээс сэтгэлийн гүндээ хадгалж ирсний үр дүнд нухацтай гярхай хөдөлмөрлөж чаддаг толь зүйч болон төлөвшсөн байгаа юм. Түүний анхны бүтээл болох “Есөн эрдмийн мэргэд” номд Маркс, Ленин нарын онолч, сэтгэгч нартай зэрэгцүүлж монголын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарыг, Эсхил, Данте, Горький, Таагүр нарын зэрэг алдарт зохиолчидтой зэрэгцүүлж В.Инжинааш, Д.Нацагдорж, Леонардо Да Винчи, Микеланжело, Репин зэрэг зураач урчуудтай зэрэгцүүлж Б.Шарав нарыг намтар түүх, үзэл бодол, бүтээл номтой нь тавьсан байгаагаараа ихээхэн дотор бодолтой, догдлол сэтгэлтэй хүн болохыг харуулсан тухай дээр цухас дурдаад өнгөрсөн тал бий.

“Есөн эрдмийн мэргэд” хэмээх энэ эрхэм номоор долдугаар ангийн сурагч миний бие гэгээрч байлаа. Хожим ч гэлээ дахин дахин үзэхэд энэ ном огтхон ч хуучраагүй байдаг төдийгүй шинэ сэвүүн үнэрээ ханхлуулсаар байдаг билээ.

 

Доктор, проф. Я.Баатар
2018.12.20.
Сан Франциско