Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Бид эмнэлгийн тусламж авахаар очихдоо ч ГҮН ХОРДОЖ БАЙНА

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
СБД-ийн эмнэлгийн Яаралтай тусламжийн төв гаднах агаарын чанарын хэмжилт /Гэрэл зургийг mpa.mn/

2018 онд амбулаториор үйлчлүүлсэн 0-5 насны хүүхдүүдийн тоо өмнөх оноосоо 76.8 хувиар өссөн буюу 67,000-д хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлээд байна.

Түүнчлэн зөвхөн арванхоёрдугаар сард нялхас буюу 28 хүртэл хоногтой 95, тав хүртэлх насны 121 хүүхэд эндсэн нь өмнөх  сараасаа 20 гаруй хувиар тус тус өссөн дүн юм.

Өвчлөл огцом нэмэгдсэн эдгээр өдөрт хамгийн их ачааллыг үүрч байгаа нь дүүргийн эмнэлгүүд.

Тиймээс дүүргийн эмнэлгүүдийг зорьж, ачаалал хэр байгааг сурвалжилсан юм. Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдийн амбулатори оройн 22:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд ажил тарах үеэр ачаалал нэмэгддэг гэх мэдээллийн дагуу оройн цагаар эмнэлгүүдэд очсон юм.

Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн амны хаалтны хэрэглээ маш хангалтгүй байгаа нь ажиглагдаж байлаа. Тиймээс эмнэлгийн дотоод орчин болон гадаа агаарын чанарт хэмжилт хийв.

эцэг, эхчүүд хүүхдээ эмнэлэгт авч ирэхдээ амны хаалт огт зүүлгэхгүй байна
 
БЗД-ийн эмнэлгийн Яаралтай тусламжийн төв /Гэрэл зургийг mpa.mn/

Өнгөрсөн Даваа гарагийн 18:00 цагт БЗД-ийн эмнэлэгт очив.

Амбулаторийн үзлэг 22:00 цаг хүртэл үргэлжилж байгаа учир хүлээн авахын ачаалал тэр хүртэл харьцангуй гайгүй байж байгаад огцом нэмэгддэгийг эмнэлгийнхэн хэлж байлаа.

БЗД-ийн эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын тасгийн хүүхдийн эмч Б.Хулан “19:00 цагаас 01:00 цаг хүртэл заримдаа 03:00 цаг хүртэл заал дүүртэл ачаалал нэмэгддэг. Ийнхүү ачаалал нэмэгдсэн үед нэг хүүхэд дунджаар 1 цаг 30 минут хүлээж байж эмчид үзүүлж байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Оройн цагаар ирж үйлчлүүлж байгаа иргэдийн 90 гаруй хувь нь хүүхдүүд бөгөөд тэдний 70-85 хувийнх нь биеийн байдал "С" үнэлгээнд хамаарахаар байгаа. "С" түвшинд үнэлэгдсэн хүүхдүүдийн хувьд өрхийн эмнэлэгтээ үзүүлэн зөвлөгөө аваад, гэрээрээ эмчлэгдэх боломжтой. Өрхийн эмчээс зөвлөгөө аваад эмчлэх боломжтой тохиолдолд шууд дүүргийн эмнэлэгт ирснээр өөр вирусийн халдвар авах эрсдэлтэй.

Мөн эцэг, эхчүүд хүүхдээ эмнэлэгт авч ирэхдээ огт амны хаалт зүүлгэхгүй байна.

Тиймээс үзүүлээд явахын хооронд л өөр төрлийн өвчин аваад гарах магадлалтай болоод байгаа юм. Хамраас нь шингэн нус гоожсон, нэг өдөр халуурсан хүүхдээ авч ирээд эндээс өөр вирусийн халдвар аваад явчихдаг" гэж байлаа. 

Тус эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх тасгийн хувьд 130 ортой бөгөөд өвчлөлийн нөхцөл байдалтай уялдуулан 230 болгон нэмэгдүүлсэн байна. Яг өнөөдрийн байдлаар 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 50-60 хувь нь хатгаа болсон байдалтай ирсэн байжээ.

Шинэ оны эхний өдрүүдэд өвчлөл огцом нэмэгдэж 250 гаруй хүүхдийг хэвтүүлэн эмчлэхэд хүрсэн бөгөөд баяруудын дараа өвчлөл эрс нэмэгдээд байдгийг эмч нар онцоллоо. 

Хүүхдийн тасаг:

Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн амны хаалтны хэрэглээ:

18:00 цагаас 19:40 цаг хүртэл БЗД-ийн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлсэн иргэдийн дунд АМНЫ ХААЛТ ЗҮҮСЭН ХОЁР Л ХҮН байв.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн нас:

Нийт ирж байгаа 5 хүртэлх насны хүүхдүүдийн дийлэнх нь 2-24 хүртэлх сартай хүүхдүүд байгаа бол 5-аас дээш насныхан харьцангуй цөөн ирж байгаа тухай БЗД-ийн эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын тасгийн хүүхдийн эмч Б.Хулан ярилаа.

Эмнэлгийн хүлээн авах, амбулатори болон гадна үүдэн дэх агаарын чанарын үзүүлэлт:

БЗД-ийн эмнэлгийн Яаралтын тусламжийн төвийн дотор АЧИ /Америкийн стандартаар/ 154 буюу эрүүл мэндэд хортой гэсэн үзүүлэлттэй байсан бол гадаа нь 467 буюу аюултай түвшинд байсан юм. /Агаарын чанарын хэмжилтийг "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв"-тэй хамтран "Laser egg 2" төхөөрөмжөөр хийв/



БГД-ийн Хүүхдийн эмнэлгийн амбулатори 24 цагаар ажиллаж байна
 

Өнгөрсөн Мягмар гарагийн 16:00 цагт БГД-ийн Хүүхдийн эмнэлэгт очлоо.

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн III байр буюу Ахмадын эмнэлгийн нэгдүгээр давхарт амбулатори 24 цагаар ажиллаж, зөвхөн хүүхдүүдийг үзэж байгаа бол Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн төв зөвхөн хэвтэх бичигтэй хүүхдүүдээ хүлээн авч байлаа.

БГД-ийн ЭМТ-ийн Хүүхэд, өсвөр үе хариуцсан ерөнхий зохицуулагч Д.Бямбадалай “Эцэг, эхчүүд ажлаа тараад гэртээ ирэхээр хүүхэд нь өвдчихсөн байдаг. Өрхийн эмнэлэг хаасан учраас дүүргийн эмнэлэгт очиж үйлчлүүлдэг. Энэ үеэр нь ачаалал нэмэгдэж байгаа. Тиймээс өрхийн эмнэлгүүдийг 19:00 цаг хүртэл ажиллуулж эхлээд байна.

 

Дэгдэлт хэр байгаагаас шалтгаалаад өдөр бүр амбулаториор үйлчлүүлэгчийн тоо харилцан адилгүй байгаа. Өчигдөр л гэхэд 90 гаруй хүүхэд үзүүлж, 40 орчим нь эмнэлэгт хэвтсэн. Шинэ оны эхний өдрүүдэд ачаалал ихтэй байж, өдөрт дунджаар 200 орчим хүүхэд үзүүлж байсан ч ойрын өдрүүдэд харьцангуй буураад байна.

Баянгол дүүрэг 0-16 насны 72 мянган хүүхэдтэй. Эрүүл мэндийн стандартаар хүүхдийн эмнэлэг хамрах орчныхоо 1,000 хүүхэд тутамд хоёр ортой байх ёстой гэж заасан байдаг. Манай дүүргийн Хүүхдийн эмнэлэг нийтдээ 200 ортой буюу стандартаас давсан ортой хэдий ч томуугийн өвчлөлийн үед нэмж 100 ор дэлгээд байна.

Өнөөдрийн байдлаар Хүүхдийн эмнэлэгт 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа” хэмээн ярилаа.

Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн амны хаалтны хэрэглээ:

16:20 цагаас 17:00 цаг хүртэл БГД-ийн Эрүүл мэндийн төвийн III байр буюу 24 цагаар ажиллаж буй амбулаторид байх хооронд хоёр хүүхэд ирж үзүүлсэн. Тэдний НЭГ НЬ Л АМНЫ ХААЛТТАЙ байв. Эмчид үзүүлэхээр хоёр хүн дугаарлаж байсан бөгөөд тэд амны хаалтгүй байлаа.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн нас:

БГД-ийн хувьд ч бага насны буюу 1-4 насны хүүхдүүд хамгийн ихээр үйлчлүүлж, хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Эмнэлгийн хүлээн авах, амбулатори болон гадна үүдэн дэх агаарын чанарын үзүүлэлт:

Томуу, томуу төст өвчний улмаас дүүргийн эмнэлэгт 24 цагаар үйлчилж буй БГД-ийн ЭМТ-ийн III байранд байрлах амбулаторийн дотор АЧИ/Америкийн стандартаар/ 169 буюу эрүүл мэндэд хортой гэсэн үзүүлэлттэй байсан бол гадаа нь 207 буюу эрүүл мэндэд маш хортой түвшинд байсан юм. /Агаарын чанарын хэмжилтийг "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв"-тэй хамтран "Laser egg 2" төхөөрөмжөөр хийв/



"Яармагийн эмнэлгийн том хүний тасгийг суллан хүүхэд авч байгаа ч ачаалал ихтэй л байгаа"
 

Өнгөрсөн Мягмар гарагийн 17:30 цагт ХУД-ийн Эрүүл мэндийн төвд очив. Хан-Уул дүүргийн хувьд ЭМТ болон Яармагт байрлах Хүүхдийн эмнэлгийн амбулаторио 22:00, Өрхийн эмнэлгүүдээ 19:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулж байна.

ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч н.Наранцэцэг “Сүүлийн 2-3 хоногт ачаалал арай багасаад байгаа. Үүнийг цаг агаар тогтуун дулаан байсантай холбоотой болов уу гэж бодож байна. Одоо бол хүндрэл явагдаад эхэлсэн. 19:00 цаг хүртэл ачаалал харьцангуй бага байж байгаад алгуур нэмэгдэж, 21:00 цагаас огцом ихэсдэг. Энэ нь өмнөх дүүргийн эмч нарын хэлснээр эцэг, эхчүүд ажлаа тараад, гэртээ хариад хүүхэд нь өвдсөн байхаар аваад эмнэлэгт ирж байгаатай холбоотой болов уу.

 

17:00-22:00 цагийн хооронд дунджаар 25-35 хүүхэд ирж байгаагийн 10 орчим нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүнд хүүхдүүд байв.

Тиймээс хэвтүүлэн эмчлэх тасгийн ачаалал нэлээн их байна. Яармагийн эмнэлгийн том хүний тасгийг суллан хүүхэд авч байгаа ч ачааллаа гүйцэхгүй хэвээр байв. 

Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн амны хаалтны хэрэглээ:

17:30 цагаас 18:00 цаг хүртэл ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн амбулаторид дөрвөн хүүхэд үзүүлсэн бөгөөд тэдний дунд АМНЫ ХААЛТТАЙ ХҮҮХЭД, ЭЦЭГ ЭХ БАЙСАНГҮЙ.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн нас:

Тав хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл зонхилж, хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Эмнэлгийн хүлээн авах, амбулатори болон гадна үүдэн дэх агаарын чанарын үзүүлэлт:

ХУД-ийн эмнэлгийн амбулаторийн дотор агаар, гаднахаас бага зэрэг илүү бохирдолтой байв. Дотор агаарын чанарын индэкс 172, гадна агаарын чанарын индекс 168 буюу эрүүл мэндэд хортой гэсэн үзүүлэлттэй байсан./Агаарын чанарын хэмжилтийг "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв"-тэй хамтран "Laser egg 2" төхөөрөмжөөр хийв/



"Амбулаториор үйлчлүүлж буй хүүхдүүдийн бараг 40 хувийг нь шууд хэвтүүлэн эмчилж байгаа"
 
СБД-ийн эмнэлгийн амбулатори /Гэрэл зургийг mpa.mn/

Өнгөрсөн Лхагва гарагийн 19:20 цагт СБД-ийн Эрүүл мэндийн төвд очлоо.

“Ням гарагийн 10:00-16:00 цагт 73 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол Даваа, Мягмар гарагийн 17:00-22:00 цагт тус бүр есөн хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн. 13-ны Ням гарагийг дуустал ачаалал ихтэй байсан ч 14-ний Даваа гарагаас буураад байна. Амбулаториор үйлчлүүлж буй хүүхдүүдийн бараг 40 хувь биеийн байдал нь хүндэрсэн ирж байгаа учир шууд хэвтүүлэн эмчилж байгаа. Өвчлөл богино хугацаанд хүндэрч байна” хэмээн СБД-ийн ЭМТ-ийн эмч Ч.Наранчулуун хэлэв.

17:20 цагаас 20:00 цаг хүртэл амбулаториор үйлчлүүлэхээр иргэд ирсэнгүй.

Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн амны хаалтны хэрэглээ:

Эмнэлэг дээр байсан 40 минутын хугацаанд амбулаториор хэн нэгэн үйлчлүүлээгүй бөгөөд хүлээн авахаар үйлчлүүлж буй иргэдийн дунд АМНЫ ХААЛТТАЙ ХҮН БАЙСАНГҮЙ.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн нас:

Тав хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл зонхилж байгаа.

Эмнэлгийн хүлээн авах, амбулатори болон гадна үүдэн дэх агаарын чанарын үзүүлэлт:

Хамгийн сүүлд очсон эмнэлэг бол Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн ихтэй цэгүүдийн нэг болон 100 айлд байрладаг СБД-ийн эмнэлэг юм. Агаарын чанарыг хэмжиж буй "Laser egg 2" төхөөрөмж хамгийн ихдээ АЧИ 500 түвшинд байгааг харуулдаг бөгөөд үүнээс илүү бохирдлыг хэмжих боломжгүй юм байна. СБД-ийн эмнэлгийн хүлээн авах дотор болон гадаа агаарын чанарын индекс 500 байсан тул түүнээс дээш хэдий хэр бохирдолтой байгааг хэмжих боломжгүй байлаа. Тус эмнэлгийн хоёр давхарт ажиллаж буй амбулаторийн дотор АЧИ мөн л аюултай түвшинд буюу 385 байсан юм. /Агаарын чанарын хэмжилтийг "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв"-тэй хамтран "Laser egg 2" төхөөрөмжөөр хийв/



Өвчлөлөөс сэргийлэх энгийн аргуудыг хэрэгжүүлж хэвшье

Томуугийн дэгдэлт шинэ оны эхний өдрүүдтэй харьцуулахад огцом буурсныг бидний очсон дөрвөн эмнэлгийн эмч нар хэлж байв. Ачаалал бага байгаатай холбоотойгоор ч тэр үү хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж буй эцэг, эхчүүд уурлаж, бухимдсан тохиолдолтой тааралдаагүй юм. Гэхдээ  цаашид дахин илүү өргөн хүрээг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байгааг ЭМЯ-наас мэдээлээд байна.

Энэ үед УИХ, НИТХ-ын үеэр өвчлөлийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх саналууд гарч байгаа ч "сандал суудлын хэрүүл" эрчимтэй үргэлжилж буй эдгээр өдрүүдэд хойшилж үлдсээр байгаа юм.

Тиймээс бид өөрсдийнхөө хэмжээнд гэр бүл үр хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, өвчлөхгүйн тулд энгийн хэр нь өвчлөлөөс хамгаалахад өндөр үр дүнтэй аргыг хэрэгжүүлж хэвших шаардлагатай байна. Эдгээр энгийн аргад бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх, тогтмол амны хаалт зүүх тэр дундаа эмнэлэгт очихдоо хүүхэддээ ЗААВАЛ АМНЫ ХААЛТ ЗҮҮЛГЭХ нь өвчлөхгүй, нэмж өөр вирусийн халдвар авахгүй байхад чухал үр дүнтэйг эмч нар зөвлөсөөр байна.

НЭМГ-аас нийт өвчлөгсдийн:

  • 33.6 хувийг 0-1 нас,
  • 27 хувийг 2-4,
  • 13 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгааг мэдээлжээ.

Мөн Хүүхдийн түргэн тусламжийн 2,225 дуудлага ирснээс 58.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан байна.

Энэ жилийн хувьд өмнөх гурван жилтэй харьцуулахад томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн тоо олон, өвчлөл хурдан хугацаанд хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж байгааг мөн яамнаас мэдээлээд байгаа юм.