Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛАН: ЛэндМН ББСБ ХК 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь ногдол ашиг тараах хэмжээнд хүрчээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 11
Сурталчилгаа
 

ЛэндМН ББСБ ХК санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцууллаа. Энэ нь 2019 онд тайлангаа олон нийтэд танилцуулж байгаа хамгийн анхны нээлттэй компани болж байгаа бөгөөд бусад компаниудад тайлангаа нийтэд нээлттэй болгох үлгэр жишээ болж байгаа юм.

Тус компани 2018 онд 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь ногдол ашиг тараах хэмжээнд хүрчээ.

Ингээд компанийн 4 дүгээр улирлын үйл ажиллагааны болон санхүүгийн урьдчилсан тайлантай танилцана уу.

УЛИРЛЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД:

  • ЛэндМН ББСБ ХК цахим төлбөр тооцооны “Лэнд Хэтэвч” үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүллээ. Лэнд Хэтэвч үйлчилгээг нэвтрүүлснээс хойш эхний 2 сар гаруй хугацаанд “Лэнд Хэтэвч”-ээр дамжуулан 238.5 мянган удаагийн, 19.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
  • ЛэндМН ББСБ ХК-ийн үйлчилгээний хүртээмж улам бүр нэмэгдэж, LendMN аппликейшн татаж бүртгүүлсэн хэрэглэгчийн тоо 400 мянга, нийт олгосон зээлийн тоо 750 мянга, нийт олгосон зээлийн дүн 150 тэрбум төгрөгийг давлаа.
  • Монголын Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос 5 жилд нэг удаа шалгаруулдаг “Grand Bull Awards”-аас “Шилдэг IPO” шагнал, Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос 2018 оны “Шилдэг бүтээгдэхүүн” шагналыг гардан авлаа.

МОНГОЛ УЛС ЛЭНД ХЭТЭВЧ ҮЙЛЧИЛГЭЭНД ХОЛБОГДЛОО

Дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүмүүсийн өдөр тутмын амьдралыг өөрчилж чадсан Apple pay, Google Wallet, Samsung pay, Wechat-ийг та бид сайн мэдэх билээ. Эдгээр үйлчилгээтэй эн тэнцэхүйц боломжийг агуулсан санхүүгийн олон асуудлыг нэг дор шийдэх “Лэнд Хэтэвч” үйлчилгээг 2018 оны 10 сарын 23-ны өдөр зах зээлд нэвтрүүлж, “LendMN–SPECIAL EVENT” арга хэмжээг зохион байгуулж, харилцагчиддаа танилцууллаа.

 

Хэрэглэгч “Лэнд Хэтэвч” үйлчилгээг ашигласнаар бүх гүйлгээгээ ШИМТГЭЛГҮЙ-0₮ хийхээс гадна, уг үйлчилгээгээр дамжуулан худалдаа үйлчилгээний газруудад төлбөр тооцоо гүйцэтгэх, хэрэглээний төлбөрүүдээ төлөх, хамтрагч байгууллагүудын хөнгөлөлт урамшууллыг авах мөн хэзээ ч, хаанаас ч барьцаагүй зээл авах боломжтой юм. Лэнд Хэтэвчийг нэвтрүүлэхээр өргөн хүрээтэй маркетингийн компанит ажил зохион байгуулсны үр дүнд LendMN аппликейшн татаж, бүртгүүлсэн хэрэглэгчийн тоо тайлант хугацаанд 58 хувиар өссөнөөс гадна, Улаанбаатар хот дахь бүх томоохон зах худалдааны төв, жижиг худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамарсан нийт 4,200 гаруй мерчантын сувгийг үүсгээд байна. “Лэнд Хэтэвч” үйлчилгээ зах зээлд нэвтэрсэн 2 сар хагасын хугацаанд “Лэнд Хэтэвч” хэрэглэгчийн тоо 152 мянгад хүрч, нийт 238 мянган удаагийн, 19.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдээд байна..

 

ЛЭНДИЙН "ЦӨМ ХЯМДРАЛЫН САР"

Анд Системс Тех ХХК, ЛэндМН ББСБ ХК хамтран “Лэнд Хэтэвч” үйлчилгээний идэвхжүүлэлт болон шинэ жилийн баярыг тохиолдуулан 12 дугаар сарыг “Цөм хямдралын сар” болгон зарлаж, төрөл бүрийн бүтээгдэхүүн,үйлчилгээнүүдийн хямдралын купонуудыг “LendMN” аппликейшн дээрээс шууд худалдаалсан нь “Лэнд Хэтэвч” үйлчилгээг хэрэглэгчиддээ ЛэндМН-ийн зүгээс барьсан цоо шинэ бэлэг байлаа. Лэндийн цөм хямдралын сараар Анд Системс Тех ХХК-ийн зүгээс ЛэндМН-ийн нийт харилцагчдад хамтран ажиллагч томоохон брэндүүд, ресторан, дэлгүүр, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн “Лэнд Хэтэвч“-ээр дамжуулан 20%-50%-ийн хямдралтай үнээр худалдан авах боломжийг олгож, 29 байгууллагын 6,000 орчим купоны худалдан авалтын төлбөр тооцоог гүйцэтгэснээр, нийт 167.7 сая төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгон, “Лэнд Хэтэвч” үйлчилгээний нэмэлт бодит үнэ цэнийг харилцагчиддаа мэдрүүллээ. Хямдралын купон цаашид үргэлжлэн, олон боломжуудыг “Лэнд Хэтэвч” үйлчилгээнд холбогдсон хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудад олгосоор байх болно.

 

ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА: 

ЛэндМН ББСБ ХК-ийн зээлийн үйлчилгээний хүртээмж улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд зээлийн гэрээ байгуулсан харилцагчийн тоо өмнөх улирлын үзүүлэлтээс 23.4 мянгаар нэмэгдэн, 93.9 мянгад хүрлээ. 2018 оны сүүлийн улиралд “ЛэндМН ББСБ” ХК 284,351 удаагийн зээл олгож, олгосон зээлийн дүн 56.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх 3 дугаар улиралтай харьцуулахад олгосон зээлийн тоо 40 хувиар, олгосон зээлийн дүн 42 хувиар тус тус өслөө. 2018 онд нийт олгосон зээлийн тоо 750 мянга, олгосон зээлийн дүн 150 тэрбум төгрөгт хүрсэн ба зээлийн дундаж хэмжээ 197 мянган төгрөг байна.

Иргэдэд олгосон зээлийн багцын үлдэгдэл 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 19.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх улирлаас 32 хувиар өслөө. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 491 ББСБ зээлийн үйл ажиллагаа явуулж, тэдгээрийн олгосон зээлийн тоо 217.6 мянга байгаагийн 32 хувийг, ББСБ-уудын сүүлийн 1 жилийн зээлдэгчийн тооны өсөлтийн 54 хувийг ЛэндМН ББСБ-ын зээл дангаараа эзэлж байна.

 

Зээлийн багцын чанарын үзүүлэлт тогтвортой байсны дээр компанийн зүгээс зээлийн багцын чанарт анхаарч, тодорхой ажлуудыг зохион байгуулсны үр дүнд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өсөлтийг сааруулан, 30-аас дээш хоног хугацаа хэтэрсэн зээлийн багцыг өмнөх улиралд 3.5 хувь байсныг 3.1 хувь хүртэл бууруулж, 90-ээс дээш хоног хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн багцыг 1.8 хувьд барьж ажиллалаа. Чанаргүй зээлийн багц Банк бус санхүүгийн салбарт 10.5 хувь, Банкны салбарын хэрэглээний зээл (цалин, тэтгэврийн зээлээс бусад)-ийн багцын хувьд 3.6 хувь байгаатай харьцуулахад ЛэндМН ББСБ ХК-ийн хувьд зээлийн эрсдэлийг хангалттай түвшинд удирдан ажиллаж байгааг илтгэх үзүүлэлт юм.

САНХҮҮГИЙН ҮР ДҮН (УРЬДЧИЛСАН):

2018 оны 4 дүгээр улиралд ЛэндМН ББСБ ХК үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн, “Лэнд Хэтэвч” шинэ үйлчилгээгээ зах зээлд танилцуулах, ирэх жилүүдийн өсөлтийг хангах хэрэглэгч, харилцагчдын бааз сууриа нэмэгдүүлэхэд үйл ажиллагаа, нөөцөө төвлөрүүлэн ажиллалаа. ЛэндМН ББСБ ХК-ийн санхүүгийн урьдчилсан үр дүнгээр нийт активын хэмжээ өмнө улирлаас 44 хувиар буюу 7.4 тэрбум төгрөгөөр өсч, 24.4 тэрбум төгрөгт хүрлээ.

Тайлант улиралд компани 2 тэрбум 524 сая төгрөгийн орлоготой, 513.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 

ЛэндМН ББСБ ХК-ийн санхүүгийн тайланд Эрнст энд Янг Монголиа Аудит хөндлөнгийн аудит хийгдэж байгаа ба 2018 оны аудитлагдсан санхүүгийн болон жилийн үйл ажиллагааны тайланг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хуралд танилцуулан батлуулсны үндсэн дээр олон нийтэд танилцуулах бөгөөд мөн хурлаар Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын тов болон 2019 онд хувьцаа эзэмшигчдэд хуваарилах ногдол ашгийн хэмжээг батлах юм. Хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид та бүхэнд компанийн 2018 оны 4 дүгээр улирлын байдлаарх санхүүгийн урьдчилсан үр дүнг танилцуулж байна.

 
 

Компанийн зээлийн үйл ажиллагааны өсөлтийг хангахад зориулан тайлант хугацаанд 2.4 тэрбум төгрөгийн бондыг шинээр гаргаснаас гадна, дотоодын банкуудтай зээл хэлбэрээр санхүүжилт авахаар хэлцэл хийж, арилжааны 3 банктай 4.8 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтын гэрээ байгуулж, 3.5 тэрбум төгрөгийн зээл авснаар нийт зээлийн эх үүсвэрийн дүн 5.9 тэрбум төгрөгөөр өслөө.

ЛэндМН ББСБ ХК нь санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын дагуу бэлтгэн гаргадаг бөгөөд үүний хүрээнд 2018 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлангийн жилд СТОУС 9 буюу “Санхүүгийн хэрэглүүр”-ийг шинээр мөрдөж эхэлсэн. Уг стандартаар санхүүгийн хэрэглүүрийн нягтлан бодох бүртгэл, тэр дундаа зээлийн эрсдэлийн сангийн тооцооллын аргачлал өөрчлөгдсөн ба уг стандартын хүрээнд 2018 оны 4 дүгээр улиралд 191.1 сая төгрөгийн эрсдэлийн сангийн зардлыг хүлээн зөвшөөрснөөр мөнгөн хөрөнгө, зээл, авлагад нийт 379.7 сая төгрөгийн, хүлээж болзошгүй үүрэгт 84.6 сая төгрөгийн нөөц санг тус тус байгуулаад байна.

2018 оны 4 дүгээр улиралд нийт орлого өмнөх улирлаас 628.2 сая төгрөгөөр нэмэгдэж, 2,524.1 сая төгрөгт хүрсэн ба үүнээс 2,494.5 сая төгрөгийн орлогыг зээлийн үйл ажиллагааны шимтгэлийн орлого эзэлж байна. Тайлант улиралд эх үүсвэрийн хүүгийн зардал өмнөх улирлаас 132.5 сая төгрөгөөр нэмэгдэж, 277.1 сая төгрөгт хүрснээс гадна нийт үйл ажиллагааны зардлын хэмжээ 1,466.9 сая төгрөгт хүрч, өмнөх улирлаас 726.7 сая төгрөгөөр өссөн ба үйл ажиллагааны зардлын өсөлтөд дараахь хүчин зүйлүүд голлох нөлөө үзүүллээ. 2018 оны 4 дүгээр улиралд “Лэнд Хэтэвч” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой маркетинг, сурталчилгаа, идэвхжүүлэлтийн ажиллагаанд нийт 430 сая төгрөгийг зарцуулснаар сурталчилгаа, идэвхжүүлэлтийн зардал өмнөх улирлаас 328.1 сая төгрөгөөр нэмэгдсэн нь үйл ажиллагааны зардлын өсөлтийн 64 хувийг эзэлж байна. Энэхүү ажлын үр дүнд LendMN аппликейшн татаж, бүртгүүлсэн хэрэглэгчийн тоо 58 хувиар нэмэгдэж, 400,000 давсан бол “Лэнд Хэтэвч”-ээр төлбөр хүлээн авах худалдаа, үйлчилгээний цэг, иргэд, байгууллагын тоо 4,200-д хүрээд байна.

Компанийн зүгээс цахим төлбөр тооцооны үйлчилгээг 2019 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан хэдий ч зах зээл, өрсөлдөөний нөхцөл байдал, харилцагчдын хэрэгцээ шаардлага болон харилцагчиддаа шинэлэг, үнэ цэнэ бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх зорилгоор ийнхүү үйлчилгээгээ хугацаанаас өмнө нэвтрүүлж, харилцагчийн бааз сууриа бүрдүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Ийнхүү бидний бий болгосон харилцагчийн бааз суурь маань компанийн дараагийн өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой юм. Үйл ажиллагааны цар хүрээ өсч, зээл олголт нэмэгдсэн, цахим төлбөр, тооцооны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн

болон улирлын онцлог зэрэгтэй уялдан 4 дүгээр улиралд үйлчилгээний шимтгэл, аудитийн үйлчилгээний зардал, ажилтнуудын жилийн эцсийн урамшуулал болон СТОУС 9 буюу “Санхүүгийн хэрэглүүр”-ийн дагуу нэмж байгуулсан нөөцийн зардал зэрэг нь өмнөх улирлаас өсөлттэй байлаа. Ийнхүү “ЛэндМН ББСБ” ХК өнгөрсөн 2018 оны 4 дүгээр улиралд 513.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар 2018 оны нийт цэвэр ашгийн хэмжээ 2 тэрбум 518 сая төгрөгт хүрч, компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 23.0 хувь, нийт активын өгөөж 17.5 хувьд хүрсэн ба хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдлээ.

ХУВЬЦААНЫ МЭДЭЭЛЭЛ:

“ЛэндМН” хувьцааны арилжаа 2018 оны 4 дүгээр улиралд хувьцааны тоогоор 25 хувиар, үнийн дүнгээр 32 хувиар өслөө. ЛэндМН хувьцааны арилжаа хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдаж эхэлснээс хойш хугацаанд МХБ-ийн нэг өдрийн арилжааны дундаж дүн, нийт арилжааны тоо болон үнийн дүнд эзлэх хувиараа тэргүүлсээр байна.

 

“ЛэндМН” хувьцааны ханш 2018 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 7.5 хувиар, хоёрдогч зах зээлд арилжаалагдаж эхэлснээс хойш 184 хувиар өсч, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн МХБ-ийн хаалтын ханшаар 71.00 төгрөгт хүрлээ. Компанийн нийт зах зээлийн үнэлгээ 56.8 тэрбум төгрөгт хүрснээр МХБ-д бүртгэлтэй 216 компаниас ТОП-8 жагсаж байна.

 

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ)-ноос 5 жилд нэг удаа зохион байгуулдаг Хөрөнгийн зах зээлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан шилдэг байгууллага хамт олныг шалгаруулан олгодог хөрөнгийн зах зээлийн дээд шагнал “GRAND BULL AWARDS 2018”-ийн “Шилдэг IPO гаргасан хувьцаат компани”-аар “ЛэндМН ББСБ” ХК шалгарлаа.

 

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ: 

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2018 оны 4 дүгээр улиралд ээлжит 2 удаа хуралдаж, ээлжит бус, эчнээ байдлаар 2 удаа хуралдаж, Компанийн тухай хууль болон Компанийн дүрмийн дагуу Компанийн 2018 оны 3 дугаар улирлын тайлан, санхүүгийн гүйцэтгэл, 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн мөнгөн урсгалын

төлөвлөлт, эх үүсвэрийн асуудал, Компанийн 2019-2021 оны бизнес төлөвлөгөө болон Компанийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийх хөндлөнгийн аудитын компанийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн дараахь шийдвэрүүдийг гарган, холбогдох гэрээ, хэлцэл байгуулах эрхийг Гүйцэтгэх захиралд олголоо. 

  • Зээлийн эх үүсвэр татан төвлөрүүлэх эрх олгох тухай (арилжааны нэр бүхий банкууд, бусад байгууллагаас 1-5 хүртэл тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр татан төвлөрүүлэх тухай); 
  • Төлөөлөн Удирдах Зөвлөлийн түр гишүүн томилох тухай; 
  • Дотоод аудитын үйл ажиллагааны дүрэм, заавар батлах тухай; 
  • 2018 оны санхүүгийн тайланд аудит хийх хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох тухай;
  • Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох тухай (Анд Системс Тех ХХК-тай үйлчилгээний гэрээ,Зохиогчийн эрхийн бүтээл ашиглах гэрээ байгуулах тухай);
  • Хаалттай бонд гаргах, Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох тухай;
  • Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  • Компанийн үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай;
  • Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх, Зээлийн эх үүсвэр татан төвлөрүүлэх эрх олгох тухай

ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Бат-Очирын ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул, ТУЗ-ийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн хурлаар Д.Бат-Очирыг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж, AND FSG компанийн Гүйцэтгэх захирал Мэтью Вэлч-ийг Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах хүртэл Төлөөлөн Удирдах Зөвлөлийн түр гишүүнээр томиллоо. Мэтью Вэлч нь дэлхийн шилдэг санхүүгийн байгууллагууд болох Merrill Lynch & Co., Standard Chartered, Temasek Holding, ING bank болон Daiwa Capital Markets зэрэг байгууллагуудад 25 жилийн турш ажилласан, санхүүгийн салбарын арвин туршлагатай мэргэжилтэн юм. Мөн ТУЗ-ийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн хурлаас Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаас Ч.Намирааг чөлөөлж, ЛэндМН ББСБ ХК-ийн Засаглал, хянан нийцүүлэлт хариуцсан ажилтан О. Мөнхдөлгөөнийг тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гаргав.

“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН ТУХАЙ

Монгол улсын санхүүгийн зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж, барьцаагүй, бичил цахим зээл болон цахим төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

 

ХОЛБОО БАРИХ:

“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга: О. Мөнхдөлгөөн
Утас: 7722-2949
Имэйл: contact@lend.mn
board@lend.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.