Энэ удаагийн дугаарын зочноор Хөвсгөл аймгийн Улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн багш О.Нямгэрэлийг урилаа. Түүнтэй монгол бичгийн хичээлийн ач тус болон хэрхэн сурвал амжилтад хүрэх талаар ярилцсан юм.
-Энэ жилийн “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд танай аймгийн багш, сурагчид их идэвхтэй оролцлоо?
-Манай аймгийн хувьд энэ удаагийн уралдаанд онцгой ач холбогдол өгч оролцлоо. Нийт 83 багш, 2,285 сурагчийн хөдөлмөр үнэлэгдсэн байна. Монгол бичиг бол бидний түүх, бахархал. Тиймээс түгээн дэлгэрүүлж, хайрлан хүндэлж явах нь хүн бүрийн үүрэг юм болов уу.
-Таны хувьд энэ удаа ангийнхаа хүүхдүүдийн бүтээлийг сойж дэд байрын шагнал хүртсэн. Эргээд очиход шавь нар тань их сайхан хүлээж авах байх даа?
-Би энэ уралдаанд анх удаа ангийнхаа хүүхдүүдийн бүтээлийн удирдсан багшаар оролцож байна. Шагнал гардаад зогсож байхдаа хүүхдүүдээрээ бахархах сэтгэл төрсөн. 34 шавь минь хамт олноороо дэд байрт шалгарлаа. Хурдхан хүүхдүүддээ энэ баярт мэдээг дуулгамаар байна.
-Шавь нар тань “Чингис” шүлгийг монгол бичгээр бичсэн байсан уу?
-Бид Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлгээр бүтээл хийж оролцсон. Хүүхдүүд энэ шүлгийг мэднэ дээ.
Тэмүүжин нумын хөвчнөөс төрөөгүй юм
Тэмүүжин сумын зэвнээс гараагүй юм
Тэмүүжин Өүлэн эхээс төрсөн юм
Тэмүүжин өрлөг түүхээс гарсан юм... гээд л.
-Та сургуулийнхаа тухай яриач. “Дэлгэрмөрөн” цогцолборыг олон жилийн баялаг түүхтэй гэж сонссон юм байна?
-Манай сургуулийг Ж.Бадраагийн нэрэмжит гэхээр хүмүүс илүү мэддэг. 95 жилийн түүхтэй. Аймагтаа бол ууган сургуулийн нэг. Эрдмийн энэ л өргөөнөөс олон хүүхэд хүсэл мөрөөдлөө олж, хүүхэд насны хамгийн жаргалтай, гэгээн дурсамжаа үлдээдэг. Миний хувьд нутгийн түмний бахархал болсон “Дэлгэрмөрөн” цогцолборт багшилж байгаадаа баярладаг.
-Бүтэц зохион байгуулалтын хувьд ямар вэ. Одоогоор хэдэн хүүхдэд эрдмийн түлхүүр атгуулахаар зорьж байна?
-Одоогоор 2,510 гаруй сурагч, 140 багш, ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн, авьяас чадварыг нь хөгжүүлэх дугуйланг байнга хичээллүүлдэг. Хүүхдүүдийн сурах нөхцөлөөс гадна чөлөөт цагийг нь хэрхэн зөв, боловсон өнгөрүүлэх вэ гээд сургуулийн захиргаа болон багш нар нарийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Та монгол хэл, уран зохиолын багш. Ангийнхан чинь багшийнхаа хичээлд илүү сонирхолтой байдаг уу?
-Миний хүүхдүүд хэл, уран зохиолын хичээлийн ач тусыг сайн ойлгодог. Би багшийн хувьд эхлээд монгол хэл, бичиг гэж юу болох, ямар түүхтэй, бид хэрхэн хайрлаж хамгаалах тухай ойлгуулахыг хичээдэг. Монгол хүн хамгийн түрүүнд төрөлх хэлээрээ зөв, сайхан ярьж сурах хэрэгтэй. Мөн хаана ч очсон босоо бичгээрээ төвөггүй бичээд, уншчихдаг бол бүр ч бахархалтай.
-Ийм мундаг анги юм чинь монгол бичгийн хичээлээр шагнал, урамшуулал олныг авсан байх гэж бодож байна?
-“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцохын өмнө Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн,аргазүйч н.Оюунтунгалаг сургуулиудын хооронд монгол бичгийн уралдаан зарласан. Манай анги энэ тэмцээнд тэргүүн байр эзэлснээр “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцох эрхтэй болсон юм. Үүнээс гадна хүүхдүүд маань нэг, нэгээрээ уралдаан тэмцээнд оролцож, байнга амжилт гаргадаг.
-Таныг удам дамжсан багш гэх юм билээ?
-Манайхан гэр бүлээрээ багш мэргэжилтэй хүмүүс бий. Аав, ээжийн талынхан. Багаасаа бусдын хүүхдийн төлөө цагаан сэтгэлээр хөдөлмөрлөдөг сурган хүмүүжүүлэгчдийн дунд өссөн болохоор энэ мэргэжлийг илүү ойлгож, хайрлах болсон. Багшаас өөр мэргэжил сонгох шалтгаан надад олдоогүй л дээ.
-Монгол хэл тэр дундаа монгол бичгийн багшийн онцлог гэвэл та юуг онцлох вэ. Мэдээж өөрийн арга барилыг хэдийнэ олчихсон байх?
-Би мэргэжлээрээ үргэлж бахархдаг. Ирээдүйг авч явах хүүхэд багачуудад утга уран зохиол, тэр тусмаа яруу тансаг монгол хэлийг зааж байна гэж бодохоор бэлгэшээхгүй байхын аргагүй. Үндэсний бичиг заахын тулд эхлээд хүүхдүүдэд тусгаар тогтнол гэж юу болох тухай ойлгуулах учиртай. Үндэсний бичиг, соёл байхгүй бол өнөөдөр тусгаар тогтнол гэж байхгүй байх байлаа. Миний хичээл ч энэ зарчмаар эхэлдэг.
-Зарим хүүхэд монгол бичгийн хичээлийг сонирхолгүй гэх нь бий. Таны хувьд хүүхдүүдээ монгол бичигт дурлуулах ямар алхам хийдэг вэ?
-Эхлээд монгол бичгээр бичихэд гар хуруу эвлэхгүй олон бэрхшээлтэй тулгарна. Үүнээс болж жаахан шантардаг. Гэхдээ байнга бичүүлж, залхаахын оронд унших чадварыг нь нэмэгдүүлэх тал дээр нь давхар анхаарахыг хичээдэг.
-“Монголын сайхан бичигтэн” болохын тулд хүүхдүүд эхлээд юуг анхаарах ёстой вэ?
-Эхнээсээ л зөв, цэвэр бичиж сурах хэрэгтэй. Үүнийг зөвхөн багш заадаг юм биш. Хамгийн гол нь өөрийн хүчин чармайлт, чин сэтгэл их чухал. Хөдөлмөр хүнийг шагнадаг шүү дээ.
-Монгол бичгийн багш болсноороо ямар үед хамгийн их бахархаж байв?
-Хүүхдүүдээ уншиж, бичиж сурах мөч бүрд хамтдаа баярлаж, догдолж, мэргэжлээрээ бахархдаг. Багш хүний ажлын хамгийн том үзүүлэлт шавийн эрдэм юм даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!