Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөн усны хэрэглээ ба эрүүл мэндэд учруулдаг аюул

ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

НЭМҮТ (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв)-өөс 2016-2018 онд төрөхийн өмнөх үеийн мөнгөн усны өртөлтийг тодорхойлох судалгааг  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар,Мандал сумдын 2016 оны 7-11 сард төрсөн нийт 265 эхэд хийжээ. Судалгаагаар  эхчүүдийн биологийн дээжин дэх мөнгөн усны агууламж бага гарсан байна. Гэхдээ дөрвөн эхийн шээсэнд,нэг эхийн хүйн цусанд  мөнгөн усны агууламж Германы хүний биомониторонгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан тухай тус төвийн Орчны эрүүл ахуй,хор судлалын лабораторийн химич Д.Баатарцол ярив.

Судалгаанд дээрх сумдыг хамруулсан нь ч учиртай гэнэ. Учир нь 2014 онд мөнгөн усгүй технологи ашигладаг бичил уурхай эрхлэгчдийн дунд мөн тус төвөөс мөнгөн усны нөлөөллийн судалгааг хийжээ.Судалгаанд мөнгөн усгүй технологи ашигладаг баяжуулах цех, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон  33 бичил уурхайн нөхөрлөлийн 147 бичил уурхай эрхлэгчдийг хамруулахад долоон  хүн мөнгөн усны архаг хордлоготой нь тогтоогджээ.

Судалгааны явцын турш  бичил уурхай эрхлэгчдийн цус болон шээсэнд  хийсэн шинжилгээгээр 20-30 хувьд нь мөнгөн усны агууламж өндөр гарсан байна.  

Бичил уурхай эрхлэгчид  хүдэр дэх алтаа бүрэн ялгаж авах,мөнгөн усгүй технологитой баяжуулах цех хаагдсан үед болон үлдэгдэл шлам шороогоо угаахын тулд мөнгөн усыг хэрэглэдэг ажээ.

Мөнгөн ус хүний эрүүл мэнд, байгаль орчныг хордуулдаг учраас дэлхий нийтээр хэрэглэхийг хорьж, хязгаарлаж байна.  ДЭМБ-аас  хүний эрүүл мэндэд хор уршиг үзүүлдэг химийн бодисын эхний 10-т мөнгөн усыг багтааж, мөнгөн усны тухай  МИНИМАТА-гийн конвенцийг НҮБ-аас санаачлан, дэлхийн улс орнууд нэгдэн, хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хувьд:

  • 2007 оны Засгийн газрын 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг  хэрэглэхийг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан.
  • Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар уул уурхайн үйлдвэрлэлд мөнгөн ус ашиглахыг хориглосон.
  • Мөнгөн усны тухай МИНАМАТА-гийн конвенцид Монгол Улс 2015 онд элсэн орж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Хүмүүс мөнгөн усыг  гэр орондоо хадгалах, хэрэглэх зэргээр жирэмсэн эх,хүүхдүүдээ өртөх эрсдэлд оруулж байна” хэмээн Д.Баатарцол ярилаа.  

МӨНГӨН УС ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?


Мөнгөн ус нь байгаль дээр:

  • Метал буюу элемент
  • Органик бус
  • Органик гэсэн 3 хэлбэрээр оршдог.  

Монголд  метал мөнгөн усны хордлого ихэвчлэн тохиолддог хэмээн НЭМҮТ-ийн судалгаанд өгүүлжээ. Бидний олонтаа сонссон Японы Минимата мужид гарсан хордлого нь органик мөнгөн усны хордлого аж.  

 

Төрөлхийн Минимата өвчтэй хүүхдүүд 

Миниматачуудын  гол хүнсний бүтээгдэхүүн нь загас. Тухайн үед тэнд үйлдвэрлэл эрхэлж байсан “Чисо” групп бохир усаа далайд асгаснаас 1958 онд Миниматагийн хордлого гарч, олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон түүхтэй.

Минимата өвчний гол шинж тэмдэг нь төв мэдрэлийн системийн өвчлөл. Мөнгөн усны хордлого авсан эхчүүдээс төрөлхийн ургийн гажигтай хүүхдүүд төрж, уг хор хохирол хэдэн арван жил үргэлжилж, өдгөө ч Японы Засгийн газраас нөхөн олговор олгосоор байдаг.

Метал  мөнгөн усны хордлого ч ялгаагүй ургийн гажиг үүсгэдэг нь тогтоогджээ.  Мөн төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж,бөөр,уушгийг өвчлүүлдэг ба амьсгалын замаар орсон мөнгөн усны 80 хувь нь уушгинд шингэж үлддэг байна.

Мөнгөн усны хордлого авсан тохиолдолд:

  • сэтгэл санаа тогтворгүй болох,
  • салганах,
  • бичгийн хэвэнд өөрчлөлт  орох
  • ам гэмтэж, буйл үрэвсэх
  • бөөрний үйл ажиллагаа хямрах
  • шүлж ихээр ялгарах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.

Хэрвээ мөнгөн устай ямар нэг байдлаар харьцсаны дараа эдгээр шинж тэмдэгүүд илэрвэл даруй эмчид хандахыг зөвлөж байна.

МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭ


Мөнгөн ус бол байгальд байдаг шингэн төлөвт, хүнд элемент. Харин хүний үйл  ажиллагааны улмаас хүний амьдрах орчинд дэгдэж, биед орвол  буцаж хэзээ ч гардаггүй учраас эрүүл мэндэд заналхийлдэг. Дээр дурдсанчлан мөнгөн усны хордлогод орох нэг эрсдэлт нөхцөл нь Монголын хувьд бичил уурхай эрхлэгчид юм.Хэдийгээр хил, гаалиар нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан ч ямар нэг байдлаар ашигласаар байгаа нь анхаарал татаж байна.

Үүнээс гадна  хүмүүсийн хэрэглээний:

  • Халууны шил (сүүлийн үед  дижитал халууны шил хэрэглээнд нэвтэрсэн ч хүмүүс хуучны мөнгөн усны агууламжтайг хэрэглэсээр байх тохиолдол бий )
  • Агаарын даралт хэмжигч барометр
  • Цусны даралт хэмжигч спигмоманометр
  • Халуун сав
  • Өдрийн гэрэл,энерги бага зарцуулдаг чийдэн
  • Шүдний амалгам
  • Зарим будаг
  • Мөнгөн ус агуулсан үс,нүүр арчилгааны бүтээгдэхүүн болон цайруулах үйлчилгээтэй тос
  • Мөөгөнцрийн эсрэг зарим төрлийн ариутгалын бодис
  • Ардын эмчилгээний зарим эм бэлдмэл
  • Улаан өнгийн шивээсний түүхий эд (HgS)
  • Мөнгөн усны бохирдолтой газраас бэлтгэсэн загас,далайн гаралтай бүтээгдэхүүн
  • Мөөгөнцөр,нянгийн эсрэг зарим эмийн бодисууд (Фенил мөнгөн ус)
  • Вакцин хадгалах бэлдмэл (Тимерозал) зэрэгт мөнгөн усны агууламж их,бага хэмжээгээр байдаг байна.

Бараа,бүтээгдэхүүний шошгон дээрх орц найрлагад Hg,Mercury,calomel,Mercuric  зэрэг тэмдэглэгээ байвал тодорхой хэмжээгээр мөнгөн усны агууламжтай гэсэн үг. Тиймээс мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүн хэрэглэх, хэрэглэлээ гэхэд мөнгөн усны аюулын талаарх мэдлэгтэй байх нь өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг, байгаль орчноо хамгаалж чадна.

Мөнгөн усны тухай МИНИМАТА-гийн конвенцид нэгдсэн улс орнууд  мөнгөн усыг бичил уурхайд хэрэглэхийг хориглох, мөнгөн ус агуулсан дээрх бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг багасгасаар 2020 он гэхэд бүр зогсоох үүрэг хүлээсэн билээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарийн хөгжлийн агентлаг