Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн дэд сайд танилцах сайтаар Хонг Конг бүсгүйтэй болзсон нь илэрсэн тул огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Австралийн засгийн газрын дэд сайд вэбсайтаар танилцсан залуу бүсгүйтэй өнгөрсөн сард Хонг Конгод ажлаар явахдаа уулзсан нь хэвлэлд ил болсон тул өнөөдөр огцорсон байна.

Тус улсын “New Idea” сэтгүүлд дэд сайд Эндрью Бродтай уулзсан эмэгтэйн ярилцлага гарсан юм. Брод гэр бүлтэй боловч өөрөөсөө 20 дүү эмэгтэйтэй танилцах вэб сайтаар дамжуулан болзож уулзсан юм байна.

Тэд Хонг Конгийн нэгэн ресторанд уулзсан ч дэд сайдын зан ааш таалагдаагүй тул бүсгүй орхиж явсан гэнэ. Тэднийг уулзуулсан вэбсайт нь чинээлэг, нас тогтсон эрчүүдийг залуу бүсгүйчүүдтэй танилцуулах зорилготой юм байна. Ноён Брод уг сайтад өөрийн танилцуулгыг үүсгэсэн байжээ.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон саяхан тус улсын сүүлийн 10 жилийн түүхэнд хамгийн өөдрөг төсвийг батлуулаад байх үед энэ дуулиан гарсан юм.

2019 оны тавдугаар сард болох сонгуулийг угтаж ийм төсөв батлуулсан гэж ажиглагчид дүгнэж байна. Одоогийн байдлаар сөрөг хүчин болох Лэйбор нам ирэх сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа нь иргэдийн дунд явуулсан санал асуулгаас харагдаж байгаа юм.

Дэд сайдын суудлаас огцорсон Эндрью Бродыг засгийн газрын арын албанд ажиллана гэж шадар сайд Майкл Маккормак өнөөдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters