Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улстөрчид аль нэг ААН-д дэмжлэг үзүүлнэ үү гэсэн албан бичиг тусгай сан руу илгээхээ больсон цагт авлига буурна

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Жирийн иргэд эмч, багш нарт өгдөг набороо авлига гэдгийг хүлээн зөвшөөрч, улстөрчид эхнэр, танил талынхаа компанийг өөрт нь хамааралтай гэдгийг ойлгосон цагт  Монголд авлига гэдэг зүйл багасах тухай судлаачид ярьж байна. 

Энэхүү сэдвийг багтаасан өргөн хүрээний хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газарт боллоо. Одоогоос 15 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажлуудыг зохион байгуулдаг байна. Энэ хүрээнд АТГ болон Азийн сан хамтран “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа шинжилгээ-анализ” онол практикийн бага хурлыг эрдэмтэн судлаач, судалгааны байгууллагуудыг оролцуулан зохион байгууллаа.  

 

Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход судалгаа, шинжилгээ ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, судалгааны аргачлал арга зүй, үр дүн нь бодит байдлыг харуулж чадаж буй эсэх талаар хэлэлцэж цаашид анхаарах асуудлыг тодруулах нь уг бага хурлын гол зорилго байсан юм. 

Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцсэн. 

Онол прагтикийн бага хуралд оролцсон судлаачдын байр суурийг хүргэж байна. 

Авлигын нөхцөл байдал хүндэрсэн, илүү түгээмэл болсон

 

/АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр/ 

-Монголын өнөөгийн нийгэмд авлигын түвшин ямар байгаа талаар танайхаас судалгаа хийсэн юм байна. Авлигын нөхцөл байдал өссөн үү, буурсан уу? 

-Авлига нь далд нууц аргаар үйлдэгддэг. Гэхдээ илрэл нь нүдэнд харагдаж байдаг. Тийм учраас бид жил бүр энэ судалгааг хийдэг. Ингэхдээ хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлсэн. 

Энэ судалгаанд яам, агентлаг, аймаг нийслэлийн ЗДТГ буюу төрийн үйлчилгээг голлон үзүүлж байгаа байгууллагуудыг хамруулсан. Судалгааны дүнгээс харахад өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна. Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ гэсэн малгайн дор хийгдсэн судалгаанаас харахад төрийн байгууллагын шударга, ил тод байдал нь буурсан байна. 

Өөрөөр хэлбэл, авлигын нөхцөл байдал хүндэрч, муудсан байна гэсэн үг л дээ. Яам, агентлаг, ЗДТГ-ын үйл ажиллагааг үнэлэхээс гадна төрийн байгууллагын үйл ажиллагаанд бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгчихөж байгаа юм. Хүмүүсийн өгсөн хариултуудаас үнэлэлт дүгнэлт хийгээд үзэхээр авлигын нөхцөл байдал хүндэрсэн, илүү түгээмэл болсон байна гэсэн. Дээр нь дараагийн 2-3 жилд сайжрах төвөл байхгүй гэсэн үзэл бодолтой байна. 

-Төрийн байгууллагын аль шатанд авлигын түвшин их байна вэ? 

-Аймгуудын ЗДТГ-ынхан хамгийн тааруу үзүүлэлттэй байгаа. Энэ нь тухайн ЗДТГ-ын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ажиллагсдын ёс зүй, ур чадвар, бусадтай харилцах харьцаа, төсөв мөнгөө зарцуулж байгаа байдал зэрэгтэй нь холбоотой.

2013 оноос хойш ЗДТГ-ынхан өөрсдөө төсөв хөрөнгөө зарцуулдаг болсон. Сая АТГ-ынхан орон нутагт ажиллахад ч энэ байдал ажиглагдсан. Тухайлбал, тендер, худалдан авах ажиллагаанд булхай луйвар оруулдаг явдал байна. Орон нутагт ажилласан тайлан гарахаар тодорхой тоо баримттай жишээ тодорхой болох байх. 

УИХ-ын албан бланк дээр юм бичээд явуулсныгаа давуу байдлаа ашигласан, авлигын хэлбэр гэж ойлгохгүй байна

 

/Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх/ 

"Транспэрэнси интернэшнл"-гийн ч тэр манай ч тэр сүүлийн 10-аад жилийн төсөөллийн судалгааг харахаар авлига нэмэгдээгүй байгаад байна.  

Яагаад авлига их байна гэж яригдаад байна гэхээр авлигын асуудал тавих олон нийтийн хандлага идэвхтэй байгаатай холбоотой. Төсөөлөлдөө нэг мангас бий болгочихоод байна. Тэр төсөөлөл нь 10 жилийн өмнө нь ч байсан одоо ч байгаа. 

Яг судалгааны датагаа харахаар төрийн байгууллагын дунд болон үйлчилгээн дээр авлига сайн буурсан байдаг. Жишээ нь, манайд 2006 онд 1,000 гаруй хүн судалгаанд хамрагдаж байсан. Тэр хүмүүсээс “Та сүүлийн гурван сар хээл хахууль өгсөн үү” гэж асуухад 30 хувь нь өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Түүнээс хойш жил бүр өгсөн гэж хариулсан хүний тоо буурсаар 5 хувь болсон. 

Тэгэхээр авлига буураагүй гэж хэлж болохгүй болчихоод байна л даа. Ер нь бол бид авлигыг тодорхой хэмжээнд хязгаарласан. Улстөрд, төрийн өндөр албан тушаалтнуудын дунд авлига их байдаг гэсэн төсөөлөл өндөр байдаг юм байна. Яагаад гэхээр иргэд төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсдог учир тэдний төсөөлөл өндөр. 

Өндөр түвшний авлигад бид яаж анхаарах вэ, хариуцлагыг нь яаж нэхэх вэ гэдэг дээр тулж ажиллах юм бол магадгүй 5-10 жилийн дараа бодит бууралтыг харах байх

Одооноос 4-5 жилийн өмнөөс АТГ болон манайх төсөөллийн судалгаанаас илүү тохиолдлын судалгаа руу шилжээд эхэлчихсэн. 2014 онд эрүүл мэндийн салбарын тохиолдлын судалгааг хийсэн бол 2016 онд боловсролын салбарт энэ төрлийн судалгаа хийсэн. Энэ онд хууль, шүүхийн байгууллагад хээл хахуулийн нөлөөлөл ямар байна гэдэг судалгааг хийлээ.

Жишээ нь, сургууль цэцэрлэгийн хүүхдийн 1,000 эцэг эхийн 40 хувь нь багшид бэлэг сэлт өгдөг гэдэг нь тодорхой болсон. Энэ судалгааг тодорхой хугацааны дараа дахин хийхэд 20-30 хувь болоод буурчихсан байвал бид бодитой өөрчлөлт хийж байна гэж харж болохоор байгаа юм. 

Ер нь бид жижиг юмаа авлига биш гээд ойлгочихсон. Эмч, багш нарт өгдөг набороо авлига биш гээд байдаг. Түүнтэй адилхан улстөрчдийн хүрээнд ч гэсэн тогтсон буруу ойлголт байна. ЖДҮХС-тай холбоотой дуулианаас харахад УИХ-ын гишүүний албан бланк дээр юм бичээд явуулсныгаа давуу байдлаа ашигласан, авлигын хэлбэр гэж ойлгохгүй байна. Үүнийг улстөрчид бизнесийг дэмжиж байна гэж хараад байна. Эхнэрийнх нь ч юм уу танил талынх нь компани ЖДҮХС-гаас зээл авсан байвал надад хамаагүй гээд байдаг. Тэгэхээр улстөрчдөд ашиг сонирхлын зөрчил гэдэг ойлголт алга. 

Шударга байдлын үнэлгээ нь 68.7 хувьтай гарсан

 

/SICA судалгааны газрын захирал Г.Эрдэнэ/ 

АТГ-аас “Шударга байдлын судалгаа 2018”-ыг энэ оны есдүгээр сараас эхэлж хэрэгжүүлсэн. Шударга байдлын үнэлгээ гэдэг нь төрийн байгууллагуудын шударга байдлын түвшинг үнэлдэг үнэлгээ. Гурван оролцогч талтай. Нэг хэсэг нь төрийн байгууллагуудаар үйлчлүүлж байгаа иргэд, ААН-ийн төлөөлөл,  нөгөө нь тухайн байгууллагын ажилтан,  мөн тухай байгууллагын бодлогод оролцдог экспэртийн түвшний шинжээчдээс авдаг судалгаа юм. 

Энэ онд нийт 9,411 хүн судалгаанд хамрагдан шударга байдлын үнэлгээ нь 68.7 хувьтай гарсан. Энэ судалгаа маань 2015, 2016 онуудад хийгдэж байсан. Тэр үеийн судалгаатай харьцуулах юм бол шударга байдлын үнэлгээ нь нэг функтээр буурсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр судалгаанд оролцсон гурван тал гурвуулаа төрийн байгууллагын шударга байдал ахиц дэвшил гарсангүй, буурсан байна гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөн гэсэн үг юм. 

Судалгаанд нийт 62 байгууллага дүгнэгдсэн 13 яам, 27 агентлаг, 22 аймаг, нийслэлийн ЗДТГ хамрагдсан. 

Эдгээрээс Соёл урлагийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газар, Завхан аймгийн ЗДТГ гэсэн байгууллагууд илүү сайн дүгнэгдсэн. 

Харин эсрэгээрээ Говь-Алтай, Дундговь аймгуудын ЗДТГ-ынхан шударга байдлын үнэлгээ доогуур гарсан.   

Засгийн газрын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл, тодорхой салбарын үйл ажиллагаа руу чиглэсэн авлига ихэссэн

 

/Судлаач Ч.Даваасүрэн/

АТГ байгуулагдсан цагаас хойш Азийн сан, Трансперенси интернэйшнл олон улсын байгууллагатай хамтран гаргасан бүх судалгааг нэгтгээд дүгнэлт хийлээ. Авлига гэдэг зүйлийг ерөнхийд нь нэгтгээд системийн хувьд харвал буураагүй байна. Нөхцөл байдал, ялангуяа цар хүрээний хувьд тэлсэн байна. Мөнгөн дүн, хэмжээ гээд илэрч буй хэлбэрийн хувьд томорсон байна.

Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл, тодорхой салбарын үйл ажиллагаа руу чиглэсэн авлига ихэссэн. Шалтгаан нөхцөлийн хувьд хэвээр хадгалагдаж, илүү ужиг, урхаг хэлбэртэй болсон байна.

Нөгөө талаас сайн зүйл нь гэвэл жижиг түвшний, төрийн үйлчилгээний байгууллагууд дээр төрийн албан хаагчдад хээл хахууль өгдөг байдал нь буурсан байна. Энэ судалгааг Азийн сангаас жил бүр явуулдаг бөгөөд өмнө нь судалгаанд хамрагдсан иргэдийн 30 хувь нь төрийн үйлчилгээг авахын тулд хахууль өгдөг байсан бол 2018 оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар энэ тоо 4.8 хувь болж буурсан.

Гэвч нөгөө талдаа том түвшиндээ ноцтой болж байна. 2009 онд хийсэн судалгааны тайлангийн дүгнэлтэд “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг сайжруулах шаардлагатай байна. Энд асуудал байна” гээд бичиж байсан. Тэгэхээр судалгаа шинжилгээний дүгнэлтэд үндэслэж үйл ажиллагаа явуулах нь учир дутагдалтай байна. Нөгөө талаар АТГ судалгаа, шинжилгээний үр дүнгээ бодит ажил хэрэг болгох тал дээр дутмаг байна. Судалгаа, шинжилгээтэй холбоотой үр дүнгээ өгч буй ажлууд бий. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж мэдүүлэг авдаг болсон, хуультай болсон гээд. Гэвч бас хараахан бүгдийг нь ажил хэрэг болгож чадахгүй байна.