Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

ШУУГИАН ТАРЬСАН БҮТЭЭЛ: Иргэншил хоорондын мөргөлдөөн

МОНСУДАР
2018 оны 10 сарын 22
Монсудар
Зураг зураг

Дэлхийн ирээдүйн чиг хандлага, түүхэн өөрчлөлтүүдийн талаар алдартай зөнч мэргэдээс эхлээд судлаач эрдэмтэд хүртэл янз бүрийн таамаглал дэвшүүлсэн байдаг. Үүний дотроос өнөөдөр биеллээ олж буй, нөлөө бүхий нэгэн таамаглал бол АНУ-ын улс төр судлаач Самуэл П.Хантингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн”-ий  онол юм. Тус бүтээлийг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдын хүртээл болгож байна. 

Самуэл Хантингтон 1996 онд Иргэншил хоорондын мөргөлдөөн ба Шинэчлэгдэж буй дэлхийн дэг журам бүтээлээ гаргаж, судлаачдын дунд шуугиан тарьсан юм. Хүйтэн дайны үед зонхилж байсан үзэл суртал, их гүрнүүдийн ашиг сонирхлоор эвсэн нэгддэг байсан үе ард хоцорч соёл иргэншлээрээ нэгдэн нийлэх үйл явц эрчимтэй  явагдаж байна. Хантингтоны үзэж буйгаар “иргэншил ба шашны цөм улс” гэж байсаар ирсэн бөгөөд ижил төрлийн иргэншилтэй улс үндэстнийг тэр хэмжээгээрээ өөртөө татаж байдаг ажээ.

Тэрбээр хүн төрөлхтнийг Синик буюу Хятадын, Японы, Хинду, Лалын, Орост төвлөрсөн Үнэн алдартны, Өрнийн, Латин Америкийн, Африкийн иргэншил гэж найм ангилсан байна. Мөн универсал шашин, хэл, соёл бий болгох гэсэн оролдлого нь өрнийн бус иргэншлүүдийн дургүйцлийг хүргэж, улмаар иргэншил хоорондын мөргөлдөөн үүсэх үндэс болно гэжээ. Мөн зэрэгцэн оршиж буй ижил соёл иргэншилтэй газруудад цус урсах аюултайг тэр сануулж байв.

Энэ нь одоогийн Ойрх Дорнын нөхцөл байдлыг яг таг хэлсэн гэлтэй. Үүнээс гадна иргэншил хоорондын мөргөлдөөний цөм асуудал болсон шашин шүтлэгийн талаар Хантингтон маш чухал зүйлийг хэлсэн байдаг. Дэлхий нийтийн хүн амд Христийн шашны эзлэх хувь 1980-аад оны үед 30 хувьд хүрсэн нь хамгийн оргил үе байв. Энэ нь хэсэг хугацаанд хадгалагдаж, яваандаа буурах шатандаа орох төлөвтэй байна. Харин хүн амын өсөлт өндөртэй яваа исламын шашинт орнууд дэлхийн хүн амын өсөлтөд хүч түрэн орж ирэх бөгөөд 2025 он гэхэд ийм шашинтан дэлхийн хүн амын 30 хувийг эзлэхээр болж байна. Өрнийнхтэй харьцуулбал Ислам, Хятад нь соёлын агуу их уламжлалтай бөгөөд өөрсдийн соёлоо өрнийнхөөс хавьгүй дээгүүр гэж үздэг. Түүнчлэн дээрх улсууд өрнөдтэй харьцуулахдаа хүч чадал болон бусад зүйлд өөрсдийгөө дөвийлгөж байгаа нь үнэт зүйлс, ашиг сонирхлын хувьд өрнийнхтэй зөрчилдөж, харилцаа нь улам төвөгтэй болно гэж Хантингтон үзэж байсан юм.

Түүнчлэн өрнийнхний хэрэгжүүлэхээр зорьж буй гурван асуудлыг  хөндсөн байна. Үүнд:

  • Цөмийн болон химийн зэвсэг үл дэлгэрүүлэх, дэлгэрүүлэх арга хэрэгслийг хориглох тал дээр цэрэг, зэвсгийн давуу байдлаа хадгалж үлдэх
  • Хүний эрхийг өрнөдөд дээдэлж, бусад нийгэмд дээдлэхийг шаардан, ардчиллын үнэлэмжийг хүлээн зөвшөөрүүлэхийг тулгах замаар улс төрийн үнэт зүйлс болон институцийг хөгжүүлэх
  • Цагаачид, дүрвэгсэд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн өрнийн бус иргэдийн тоог хязгаарлах замаар өрнийнхөн нийгэм, соёл, угсаатны нэгдмэл байдлаа хамгаалан үлдэх гэсэн асуудлыг гол болгож байна гэжээ.

Хүн амд эзлэх залуусын хувийг тэрээр нэлээд чухалчлан үзэж, нийгэмд тохиох аливаа хувьсгал, хөдөлгөөнүүд нь залуусын нийгмийн идэвхээр хэмжигдэнэ гэж өөрийн таамаглалыг дэвшүүлсэн. Үүнийг 10-р бүлэгт Шри Ланкийн тамил болон сингал үндэстний залуусын хүн ам зүйн шинжилгээний талаар Зураг 10.1-т тодорхой харуулсан. 

Улмаар Арабын орнуудын залуусын хүн амд эзлэх хувийг мөн өгүүлжээ. Тунис, Алжирт болсон радикал хөдөлгөөнүүд нь залуусын идэвх, зүтгэлээс ихэд хамаарсан болохыг шинжлэх ухаанч хандлагаар буюу түүхэн хүн ам зүйн зарчмаар тайлбарласан.

21 жилийн өмнө их эрдэмтэн С.Хантингтон:

  • Арабын ертөнцийн улсуудын засгийн эрхэнд лалын тулгуур үзэлтнүүд гарах тухай
  • Өмнөд хятадын тэнгис дэх бүлэг арлуудын эзэмшлийн маргааны улмаас Вьетнам, Хятад хоёр сөргөлдөж, дайны байдалд хүрэх тухай
  • Судан хоёр хуваагдах тухай. Хойд Судан буюу мусульманчууд, өмнөд Судан буюу христосчууд гэж хуваагдсан.
  • Украины хуваагдлын тухай маш зоригтойгоор төсөөлж, таамагласан нь бидний нүдэн дээр ээлж дараалан биелсээр байна.

С.Хантингтон Крымыг алдсанаар Украйны хуваагдал эхэлнэ гэж таамаглан зөгнөсөн нь 2014 оны хавраас биеллээ олж эхэлсэн юм. Тэр энэ үйл явцыг арай эрт 2011 оны хавьд тохиох болов уу гэж төсөөлж байжээ. Хантингтон Украин дахь зөрчлийг үндэстэн хоорондын гэхээсээ иргэншлийн мөргөлдөөн гэж үзсэн юм. Ингээд энэ хуваагдал явсаар 2016 онд ОХУ Крымийг нэгтгэснээр дуусгавар боллоо.

Мөн Донецк, Славянск мужууд Украинаас салан тусгаарлах хөдөлгөөн өрнөж, тус бүс нутагт цагийн байдал ороо бусгаа байгаа билээ. Энэ хоёр том муж Украинаас салан тусгаарлах боломжгүй боловч энэ удаад өөртөө бие даах эрхийг салган авснаар төгсөх төлөвтэй байна. Украины хувьд шууд хүч хэрэглэх гэсэн анхны оролдлогууд амжилт олоогүй тул өдгөө нууц ажиллагаа, сэм хуйвалдаан зэргээр цагийн байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдож байна. Гэвч хүн амын ихэнх нь оросууд байдаг энэ мужууд нь ОХУ-ын хүчтэй, тууштай дэмжлэгийн дор тийм амар Украинд найр тавихгүй бололтой.