Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Мадурогийн амь насанд халдсан хэргийн сэжигтэн 10 давхраас үсэрч амиа хорложээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Мадурогийн бие хамгаалагчид дроны халдлагын үеэр

Наймдугаар сарын эхээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах оролдлого гарсан билээ. Дрон ашигласан халдлагад цэргийн долоон алба хаагч өртөж, шархдсан ч ерөнхийлөгчийн биед гэмтэл учруулаагүй юм.

Тэгвэл энэ хэргийг зохион байгуулсанд сэжиглэгдэн шалгагдаж байсан сөрөг хүчний улс төрч тагнуулын байгууллагын төв байрны 10 давхраас үсэрч амиа хорлосныг Венесуэлийн засгийн газар өчигдөр зарлажээ.

Нийслэл Каракас хотын төлөөлөгчдийн хурлын гишүүн, 56 настай Фернандо Албаныг өнгөрсөн Баасан гарагт баривчилсан юм.

“Шүүхэд хүргэгдэхийн өмнө хүлээлгийн өрөөнд байхдаа тэр цонхоор үсэрч, амиа хорлолоо” гэж Венесуэлийн дотоод хэргийн сайд Нестор Реверол твиттер хуудсандаа мэдээлжээ.

Дараа нь ерөнхий прокурор Тарек Сааб түүнийг угаалгын өрөөнд орох хүсэлт гаргасныхаа дараа цонхоор үсэрсэн гэж телевизээр мэдээлсэн нь Реверолын мэдээллээс зөрж байна.

Харин Албаны харьяалагддаг сөрөг хүчний Шударга Ёс Нэгдүгээрт нам түүнийг эрх баригчдын гарт алагдсан гэж мэдээлжээ. Намын мэдэгдэлд “Зөвлөлийн гишүүн Фернандо Албан нь Николас Мадурогийн дэглэмийн гарт алагдсаныг Венесуэлийн ард түмэнд эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна” гэжээ.

Тэдний үзэж байгаагаар Албаны амьгүй цогцсыг тагнуулын төв байрны цонхоор шидсэн гэнэ. Талийгаач өнгөрсөн сард болж өнгөрсөн НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы хуралдаанд үг хэлэхдээ Венесуэльд хүний эрх зөрчигдөж байгааг ярьсан нь баривчлагдах шалтгаан болсныг намынхан нь хэлж байна.

Одоогоор Венесуэлийн засгийн газар наймдугаар сарын 2-ны халдлагатай холбогдуулан 30 орчим хүнийг баривчлаад байгаа юм. 

 

Эх сурвалж: Reuters