Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Венецийн биенналь 2019: Сонирхолтой цаг үед амьдрах болтугай

ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN

Хятадууд дургүй хүнээ “Нийгэм солигдох үед төрмөр” гэж хараадаг тухай яриа бий. Энэ тухай анх 1930-аад онд Британийн парламентын гишүүн Остин Чемберлен нэгэн илтгэлдээ дурджээ. Нийгмийн шилжилтийн үед амьдрах нь хямрал, үл ойлголцол, тодорхойгүйдлээр дүүрэн учраас эртний хятадууд ийн хараадаг байсныг сайхь гишүүн онцолсон нь тэр. 

 

Гэвч үнэн хэрэгтээ ийм хараал байдаггүй аж. Одоогийнхоор бол жинхэнэ “хуурамч мэдээ” гэсэн үг. 58 дахь удаагийн Венецийн биенналийн ерөнхий куратороор сонгогдсон Ральф Ругофф энэ удаагийн сэдвээр үүнийг сонгосны учир ч энэ. “Та сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй эл үзэсгэлэн уламжлал ёсоор ирэх тавдугаар сард нээх бөгөөд арваннэгдүгээр сарын 24 хүртэл Италийн Венец хотноо үргэлжлэх юм.

 

“Интернэтийн тусламжтайгаар хуурамч мэдээлэл, хуурмаг баримтууд улам бүр хурдацтай түгэж, улс төрийн хүрээнд төдийгүй нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж буй энэ цаг үед түр зогсоц авч, эш татах эх сурвалжуудаа нягталж, юунд итгэх эсэхээ эргэцүүлэх шаардлага тулгараад байна” хэмээн Ральф Ругофф мэдэгджээ. Тэрээр цааш нь, “Нийгэм солигдох цаг үеийг үзээсэй хэмээн хараадаг эртний хятад хараал гээч огт байдаггүй нь тогтоогдсон. Гэсэн ч өрнийн улс төрчид бараг зуун жилийн турш ийм хараал байдаг мэтээр эш татаж, жишээ аван ярьсаар өдийг хүрлээ. Тэгэхээр энэ бол хуурамч мэдээний хамгийн сонгодог жишээ. Санаандгүй үүссэн энэхүү “Дорнын хараал” олон нийтийн санаа бодолд нэгэнт тогтож, үзэл санааны үр нөлөөг үзүүлсээр ирсэн. Нөгөө талаас, мэдээ мэдээллийн тойрог хямралаас хямралын хооронд эргэлдсээр. Бид яахын аргагүй “сонирхолтой цаг үед” амьдарч байна” гэдгийг онцолсон юм. 

Нью-Йоркоос гаралтай Ральф Ругофф нь “LA Weekly” сонины урлагийн тоймчоос ажлын гараагаа эхэлж, дүрслэх урлаг, соёлын талаарх эсээнүүдээрээ анх танигдаж эхэлжээ. Сан Франциско дахь Калифорнийн урлагийн коллежийн галерейн захирлаар ажиллаж асан тэрээр 2006 оноос хойш Лондонгийн нөлөө бүхий орчин үеийн урлагийн төвүүдийн нэг Хейвард галерейн захирлаар ажиллаж буй юм. 

 

Түүний дэглэх үзэсгэлэнгээс өнөөгийн “сонирхолтой цаг үе”-ийн тусгалууд хийгээд энэ үед хэрхэн амьдрах, асуудлуудыг яаж шийвэрлэвэл зохих тухай дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдийн хариултыг олж харах нь ээ. Ральф Ругоффын дэглэсэн үзэсгэлэнгүүд ихэнх кураторт ажиглагддагчлан академик хандлага, тодорхой үзэл баримтлал дээр суурилахаас илүүтэй тухайн уран бүтээлчдэд маш их эрх чөлөө олгодгоороо ялгардаг тухай “The Art Newspaper” сонины нийтлэлд онцолжээ. Куратор Ругофф ч эл барилаа чухалчилж буйгаа ярьсан нь бий. Энэ хүрээнд аль болох олон нийтэд танил бус, төрөл бүрийн шалтгааны улмаас бүтээлээ нийтэд дэлгэж чадаагүй ч онцгой содон өнцөг, үзэл санаа бүхий бүтээлүүдийг 58 дахь удаагийн биеннальд толилуулахаар ажиллаж буй аж.

Түүнчлэн энэ удаагийн биенналийн үзэсгэлэнгүүд урлагийн тааламжтай чанар хийгээд шүүмжлэлт сэтгэлгээний аль алиныг агуулсан байх гэнэ. Тиймээс хорвоо дэлхийг өөрчилнө гэхээс илүү үзэгч хүртэгчдийн харах өнцөгийг өргөтгөх нь 2019 оны Биенналийн гол зорилго болох тухай Ральф Ругофф кураторын мэдэгдэлдээ бичжээ. “Чухам юуг дэлгэн үзүүлэх нь хамгийн чухал асуудал биш. Харин тэдгээр бүтээлийг үзсэн хүмүүс уг мэдрэмж, туршлагаа яаж ашиглаж, өдөр бүрийн үйл хэрэгт нь хэрхэн тусгалаа олох нь гол юм” гэж тэр мэдэгдэж байна.

Биенналийн зохион байгуулагчдын зүгээс энэ жил сонгогдсон куратор болон ерөнхий үзэсгэлэнгийн сэдвийг танилцуулснаас хойш улс орнууд өөрсдийн орныг төлөөлөх куратор болон уран бүтээлчдийнхээ нэрийг зарлаж эхэлжээ. Монгол Улсын хувьд “Дүрслэх урлагийн олимп” гэгддэг эл наадамд 2015 оноос эхлэн павильоноо босгож, уран бүтээлчдээ оролцуулж буй. Уг ажлыг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо (MCASA) санаачлан хэрэгжүүлсээр гурав дахь удаагийн биеннальтай ийн золгож байна. 

2015 оны Монголын павиольоныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл дэмжин сан босгон ажилласан бол, 2017 оны Монголын павильоны комиссараар Гадаад харилцааны сайда асан Ц.Мөнх-Оргил ажиласан байна.

Харин энэ жилийн Венецийн биенналь дахь Монголын павильоны комиссараар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ажиллаж Монголыг төлөөлөх куратороор Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны үүсгэн байгуулагч Б.Гантуяа сонгогдон ажиллаж байна.

Монголын павильонд үзэсгэлэнгээ дэлгэх уран бүтээлчдийн нэрсийг удахгүй олон нийтэд зарлах аж.

 

Э.Баярсайхан